Монголын ногоон намын удирдлагууд Дээд шүүхэд намаа бүртгүүлснийхээ дараа МНН-ын дарга байсан, УИХ-ын гишүүн Д.Энхбатаас намын тамга тэмдэг, гэрчилгээгээ авахыг шаардсан. Тэд өчигдөр УИХ-ын гишүүн Д.Энхбаттай уулзаж, шаардлага өгөхөд хүлээж авахгүй хэмээн уржээ. Тиймээс тус намын удирдлагууд эрхэм гишүүнд хаягласан шаардлагаа шуудангаар илгээсэн байна. Хэрэв намын тамга тэмдгийг өгөхгүй бол Д.Энхбат гишүүнийг Эрүүгийн хуулийн 234.2, 236 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргана гэж МНН-ыг Дээд шүүхэд бүртгүүлэхэд хуулийн зөвлөхөөр ажилласан, хуульч О.Баасанхүү хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Энхбат өнгөрсөн хоёрдугаар сард “Хэрэв МНН-ыг Дээд шүүх бүртгэж, хууль ёсны гэж үзвэл намын тамга, тэмдэг, гэрчилгээгээ хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй” гэсэн хариуг албан ёсоор өгч байжээ.
С.Отгон