Уг нь УИХ-ын хувьд 2007 оноос эхлэн нефть боловсруулах үйлдвэр байгуулаач гэдэг үүрэг чиглэлийг Засгийн газарт удаа дараа өгч ирсэн. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нефть боловсруулах үйлдвэр байгуулна гэх зорилт тусгалаа олсон ч харамсалтай нь, энэ чиглэлээр өнгөрсөн хугацаанд ажиллаагүй. Арга ядахдаа нэр бүхий гишүүд дээрх төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн юм байна.
Нэг зүйлийг онцолход, үндэсний компаниуд Техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулаад, хөрөнгөө гаргаад, эрсдлээ үүрээд нефть боловсруулах үйлдвэр байгуулъя, эрх өгөөч гэдэг хүсэлтийг олон жилийн өмнөөс Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд тавьж иржээ. Гэвч холбогдох яамдуудаас өнөөг хүртэл зөвшөөрөл өгөлгүй хойш сууж ирсэн. Үр нөлөөгөөр нь Монгол Улс нэг байтугай нэлээд хэдэн нефть боловсруулах үйлдвэр байгуулчих цаг хугацааг алджээ. Мөн өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас төрийн оролцоотой нефть боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэрийг гаргасан. Энэ бол төрийн ажил ямархуу хурдтайгаар явж буйн тод жишээ гэнэ. Дээрээс нь хувийн хэвшилдээ итгэдэггүй, юм бүхэнд төрийн оролцоог оруулах гэж зүтгэдэг. Эцсийн дүндээ энэхүү ойлгомжгүй байдал нь бусдын тэр дундаа хөршүүдийн эрхшээлд ороход хүрч буйг хэлэлцүүлгийн үеэр гишүүд хөндлөө. Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Гантөмөр төрийн албаныхан шав тавьж тууз хайчилж давхисаар хамаг ажлаа алдаж буй болохыг энэ үеэр санууллаа. Цаашид энэхүү тогтоолын хүрээнд шав тавьж тууз хайчлахыг хориглох заалт оруулж өгөхгүй бол төрийн ажил цалгардаж байна гэсэн юм. Дээр нь энэхүү тогтоолоор тодорхой заалтууд тусгаж өгөхгүй бол “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн зэсийн үйлдвэр байгуулах тухай УИХ-ын тогтоол шиг хэрэгждэггүй нэг тогтоолыг дахин УИХ батлах вий гэдгийг сануулаад авлаа. Ер нь Засгийн газрын хувьд төмөр замын төсөл, 100 мянган айлын орон сууц хөтөлбөр явахгүй байгаа. Энэ нь бие биенээ шантаажилж, “Чи энэ ажлыг хийх гэж байгаа бол намайг заавал оруул гэх юм уу. Эс тэгвээс дэмжихгүй” гэсэн агуулгаар ажлыг хийж байгаагаас УИХ-аас ямар ч сайхан хууль, тогтоол батлаад хэрэгжилтийн шатанд замхарч байна гэдгийг сануулаад авлаа.