Уолл Стрийтийн жагсагчдыг дэмжсэн хөдөлгөөн, цуглаан Лондон, Парис, Ром зэрэг Европын хотуудаас гадна Ази, Өмнөд Америк, Австралид өрнөж эхэлжээ. Италийн Сан Жиованни Пиаццад эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн цагдаа нарын хэдэн арван машиныг шатааж, эсэргүүцлээ илэрхийлсэн бол Ром хотод алдарт Колизейн театрын туурийн ойролцоо “Occupy Wall Street” хөдөлгөөнийг дэмжигч хэдэн арван мянган хүн цугласан байна. Хөдөлгөөний үеэр хар хувцастай цэргийнхэн жагсагчдыг хүчээр тарааж эхэлсэн бөгөөд эсэргүүцэгчид гудамжинд машиныг галдан шатааж, АТМ болон дэлгүүрүүдийн цонхыг хагалж, тоносон хэрэг гарчээ. Испанийн Мадрид хотод ч мөн дээрхтэй адил эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн ч харьцангуй тайван болж өнгөрсөн гэнэ. Харин Португалийн Лиссабон, Опорто хотуудад 20 мянган хүнийг хамарсан жагсаал болжээ. Лондонгийн санхүүгийн дүүрэгт 1000 гаруй хүн жагсаал хийснийг цагдаа нар тарааж, таван этгээдийг баривчилсан байна. "Уолл Стрийтийг эзлэх хөдөлгөөн бидний таамаглаж байснаас ч өргөн хүрээг хамарлаа. Жагсагчид ийм хол явна гэж хэн ч төсөөлөөгүй” гэж Мичиганы их сургуулийн улс төр судлаач ярьж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Вашингтон хотод 19, Нью-Йорк хотод 90 гаруй жагсагчдыг цагдаа нар баривчилжээ. Чикаго, Минеаполис хотод суулт хийж буй жагсагчдыг мөн баривчилсан байна.
Жагсагчид нийгмийн шударга бус олон зүйлийг эсэргүүцэж байгаа ч улс төрчид, санхүүгийн корпорациудын нийгэм дэх ноёрхлыг хамгийн ихээр шүүмжилж байгаа юм. Ажиглагчдын хэлж буйгаар хөдөлгөөнийг улам гааруулж буй гурван хүчин зүйл нь эдийн засгийн доройтол, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, жагсагчдын эсрэг ташуур болгож буй хатуу хууль цаазыг өөрчлөх нийгмийн хэрэгцээ гэнэ. Харин жагсаал цуглааныг нэгтгэж буй интернэт, олон нийтийн сүлжээний гүйцэтгэж буй үүрэг үүний хажууд юу ч биш гэж ажиглагчид үзэж байгаа юм. Нөгөө талаар ОУВС, санхүүгийн бусад институтын оролцож буй “Их хорь”-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр жагсаал болж буй нь санамсаргүй зүйл биш ажээ. Жагсаалд оролцогчдын дунд Ирак, Афганистан улсад АНУ-ын эхлүүлсэн дайныг эсэргүүцэгч анархистууд ч байгаа юм.
Ямартай ч “Occupy Wall Street” хөдөлгөөн мянга, мянган хүмүүсийн олон жил хүлээж байсан зүйл нь мөн бололтой. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн 2009 оны хавар санаачилсан санхүүгийн зээл олгох төлөвлөгөөний хариу нь “Tea Party” хөдөлгөөн байсан бол “Occupy Wall Street” өнгөрсөн зуны их өрийн хэлэлцүүлэгт бухимдсан либералчуудын хариу арга хэмжээ гэж хэлж болох юм.
Барак Обама болон АНУ-ын топ демократууд Уолл Стрийтийн санхүүчдийн татварыг огт нэмээгүй хэрнээ хөдөлмөр халамжийн зардлыг хоёр их наяд ам.доллараар танах шийдвэр гаргасан нь тус улсын эдийн засаг дахь уналтын эхлэл болсон гэж буруутгаж байгаа билээ. Харин энэ шүүмжлэл ийнхүү эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөд хүргэж байна гэж ажиглагчид үзэж байгаа юм. “Occupy Wall Street” хөдөлгөөн ийнхүү улам өргөн цар хүрээг хамарч байгаа ч АНУ-ын улс төрчид ажиггүй царайлсан хэвээр.