Чуулга уулзалтыг нээж, аймгийн Засаг дарга Д.Чандмань, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар нар үг хэлэв.
Энэхүү чуулга уулзалт нь тус аймагт гадаадын хөрөнгө оруулагчдийг татах зорилгоор хийж буй анхны том арга хэмжээ бөгөөд уг арга хэмжээнд ОХУ, АНУ, Канад, БНСУ, Энэтхэгийн ЭСЯ-дуудын дипломат ажилтнууд, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Азийн хөгжлийн банк, JP MORGAN, JICA зэрэг ОУБ-ын төлөөлөгчид оролцов. Уг арга хэмжээнд гадаад дотоодын 90 гаруй төлөөлөгчид оролцож Дундговь аймгийн хөгжлийн цаашдын төлөв байдлын талаар санал бодлоо солилцлоо.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ орон нутагт байгаа ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулахад чиглэсэн томоохон төслүүдэд гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татан оруулахаас гадна зөвхөн уул уурхай гэлгүй, дамжин өнгөрөх үйлчилгээ, тээврийн ложистик хөгжүүлэх өргөн нөөц бололцоогоо ашиглах, бусад чиглэлээр хөгжлийн гарц, боломжийг эрэлхийлэх, цаашид чуулга уулзалтын үйл ажиллагааг тогтмолжуулах шаардлагатайг цохон тэмдэглэв.
Дундговь аймаг нь Монгол улсын төв хэсэгт байрлалтай БНХАУ, ОХУ-тай шууд хиллэдэггүй бөгөөд бусад аймагтай харьцуулахад хөрөнгө оруулагчдын анхаарлыг төдийлэн татаж байгаагүй юм.
Дундговь аймаг нь эрчимтэй хөгжиж буй 2 төв болох Улаанбаатар, Өмнөговийн дунд оршиж байгаагаараа онцлог бөгөөд энэ онцлог давуу талаа ашиглан идэвхтэй хөгжих боломж бололцоотой гэдгийг хуралд оролцогчид тэмдэглэлээ. Дээрх хөгжлийн төвүүдийг хангах үйлдвэрлэл, үйлчилгээ ялангуяа хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл хөгжүүлж нутаг орноо хөгжүүлэх боломж байгааг аймгийн удирдлага тэмдэглэсэн ба энэ чиглэлээр гадны байгууллагуудтай хамтран ажиллах саналыг зохион байгуулагчид дэвшүүлж байна.
Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах өөр нэг шалтгаан нь Дундговь аймаг цөлжилт, байгаль орчны өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж буй аймаг бөгөөд үүнийг дагалдан гарч буй нийгмийн болон эдийн засгийн асуудлууд юм. Үүнтэй уялдуулан байгаль орчин, эрүүл мэнд, боловсролын асуудлуудыг хөндсөн нийгмийн хөтөлбөрүүдийг гадаадын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх үүднээс аймгийн удирдлага төрөл бүрийн төсөл хөтөлбөрийг хурлын үеэр танилцууллаа.
Энэхүү арга хэмжээ нь эхлэл бөгөөд цаашид ийм арга хэмжээг олонтаа зохион байгуулж байх, гадаад улс орнуудаас төлөөлөгч оролцуулахад түлхүү анхаарч ажиллана гэдгээ чуулга уулзалтыг зохион байгуулагчид мэдэгдэв. Уг арга хэмжээнд Хонг Конг дахь JP MORGAN-ы төлөөлөгч хатагтай Roberta Wong ирж оролцлоо гэж Гадаад харилцааны яамны Хэвлэл, мэдээллийн хэлтсээс мэдээлэв.