Багийн спортоос дутахааргүй ширүүн тэмцэл гимнастикийн талбарт ч өрнөдөг. Нэг нь нийтийн, нийт нь нэгийн төлөө байж, биенийхээ алдааг засаж, хамгийн өндөр үнэлгээ авахын төлөө зориг шалгасан тэмцэл буцалдгаараа онцлог. Хэрэглэл бүхэнд сор болсон тус бүр гурван гимнастикч ур чадвараа нийтэд шалгуулдаг тэр л журмаар Токиогийн цэнгэлдэхэд олимпийн эрх авсан шилдэг найман багийн шигшээ тэмцээн олны сонирхлын төвд байсан юм. Аль ч дасгалд бүдрэхгүй байх зорилготой АНУ-ын шигшээ багийн бүсгүйчүүд ур чадвараа олонд гайхуулсаар аваргын титмийг хүртсэн нь бахдалтай. Иймдээ ч тэд Афин, Бээжингийн олимпийн өмнөх ДАШТ-д ялагдсан гашуун туршлагаа Наран улсад цэглэж, ялалтын “тушаалд гарын үсэг зуруулж” чадсан юм. Энэхүү ялалтад хүрэхэд Алисия Сакрамонегийн гавьяа томоохон түлхэц болсныг тэмдэглэх хэрэгтэй биз ээ.
Харин хойд хөршийн бүсгүйчүүд мөнгөн медальтайгаа эвлэрч чадахгүй, сэтгэл гонсгор байх нь ажиглагдсан. Сингапурын олимпийн аварга Виктория Комовагийн удаа дараа гаргасан алдаа багийн амжилтыг хойш татсан хэмээн үзэх хүн ч олон байв. Сингапурын олимпийн аваргад туршлага дутсан байж магадгүй. Гэхдээ л Комова олон төрөлтийн тэмцээний дэд байрт шалгарч чадсан билээ. Харин эхний гуравт багтах эсэх таамаглал байнга дагуулдаг БНХАУ-ын гимнастикчид нэг хүн шиг байж чадсаны хүчинд Румын, Их Британи, Герман, Япон, Австралийн багийг ардаа орхисон юм.
Эрэгтэйчүүдийн багийн тулаан мөн л өрсөлдөөн дүүрэн өрнөж, урд хөршийн шигшээ баг дэлхийн аваргын титмийг тав дахиа хүртлээ. Хойд хөршийн тамирчид харайлтад бусдаас давамгай байсан ч модон моринд олон алдаа гаргасан нь медалиас мултрах гол шалтгаан болсон юм. Дээр нь цоо шинэ тамирчдыг баг болгож “зангидсан”-ыг ч хэлэх үү, медалийн тавцанд зогсох хувь арай л дутав. Алдаа гаргасан ч сэтгэлийн хатаар давдаг, арга мэх ихтэй хятадууд эхний үед гаргасан алдаагаа цаашид залруулсаар Нанхиадын дуулал Токиогийн тэнгэрт эгшиглэсэн.
Тэгвэл Японы алдарт Учимура нөхдөө өөд татан, алдаа бүхнийг нь зассаар хоёрдугаар байр эзлэхэд онцгой хувь нэмэр оруулсан. Харин солонгосчууд бариултай модон морь, турникт олон алдаа гаргасан учраас араасаа хоёрдугаарт эрэмбэлүүлсэн. Энэ удаагийн ДАШТ-ий багийн финалд Азийн таван баг шалгарч, хосгүй амжилт гаргалаа. Гимнастикийн хөгжил манай тивийг даяарчилж байна. Монголчууд ч энэ хэмнэлээс хоцрох учиргүй.
Олимпийн эрх авсан багууд
Эмэгтэй: 1.АНУ 179,411 2.ОХУ 175,329 3.БНХАУ 172,820 4.Румын 172,412 5.Их Британи 169,670 6.Герман 168,479 7.Япон 167,122 8.Австрали 166,739
Эрэгтэй: 1.БНХАУ 275,161 2.Япон 273,093 3.АНУ 273,083 4.ОХУ 269,045 5.Узраин 264,102 6.Герман 263,926 7.БНСУ 260,393 8.Румын 245,175
“Токио-2011” ДАШТ-ий үеэр гимнастикчид 14 элементийг шинээр гүйцэтгээд байна. Эдгээрээс онцолбол харайлтын төрөлд “Гуулин” улсын тамирчин Ян Хегийн хийсэн 7,4 онооны үнэлгээтэй “мэх”-ийг FIG албан ёсоор бүртгэж авсан байна. Ноднингийн Азийн АШТ-д Г.Эрдэнэболдын өмнө орж, алтан медалийн эзэн болсон түүний нэрээр уг элементийг нэрлэхээр болжээ. Олон улсын чөлөөт бөхийн холбоонд бүртгэлтэй (FILA) “Ойдов” мэхийн адил хэдэн жилийн дараа манай гимнастикч Олон улсын гимнастикийн холбоонд (FIG) “Эрдэнэболд” гэсэн гүйцэтгэлийг нэмэх ч юм бил үү? Манай залуу аварга үүний төлөө чармайн хүч сэлбэж байна.
ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцсон Мөнхжаргалын Энхмөнхийн ярилцлагыг хүргэе.
-Миний дүү уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу?
-Би 19 настай. УАШТ-д хоёронтаа түрүүлсэн. “Шеньжень-2011” Универсиадад харайлтын төрөлд 20 дугаар байр эзэлж, ОХУ-д болсон ОУТ-үүдэд амжилттай оролцож байсан.
-ДАШТ-ий талбар дээрх тэмцээнүүдээс арай л өөр санагдсан уу?
-Урьд нь оролцож байсан тэмцээнүүдийг бодвол нэг их сандраагүй. Тамирчин болсноос хойш хүч сорьсон хамгийн том тэмцээн боловч дасгалуудаа санасан хэмжээнд хийсэн гэж бодож байгаа.
-ДАШТ-д хийхээр бэлтгэсэн хүндрэлтэй элемент гэвэл юу байна?
-Турникт хүндрэл нэмсэн. Харайлтад хоёр сальто эргэсэн.
-Чөлөөт хөдөлгөөнд арай л яарч товлосон хугацаанаас өмнө гүйцэтгэлээ дуусгах шиг болсон?
-Яарсан тал бий. Ямар ч гэсэн зургаан хэрэглэлд төлөвлөсөн бүхнээ хийхийг хичээсэн. Гэсэн ч зарим хэрэглэл дээр, ялангуяа бариултай модон морин дээр алдаа гаргачихлаа.
-Токиогийн өрсөлдөөнөөс ямар сургамж авав?
-Би яаруу зантай. Харин өөрийгөө тайвшруулж сурснаа ДАШТ-д оролцож байхдаа ойлгосон. Өрсөлдөгчдөөсөө сурах зүйл их байна. Энэ бүхнийг дэргэдээс нь харж, мэдрэх боломжийг алдахгүйг хичээж явна.
-Гимнастикаар хэд дэх жилдээ хичээллэж байна?
-Долоо дахь жилдээ. Энэ дашрамд ялалтад хүрэх замыг зааж, бэлтгэл сургуулилтыг өндөр түвшинд хийлгэдэг Ц.Алтантөгс багшдаа баярлаж явдгаа илэрхийлье. Мөн Монголын гимнастикийн холбооны ерөнхийлөгч Л.Халтар, дэд ерөнхийлөгч Б.Лхагважав, ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Дарьсүрэн, БТСГ, МҮОХ-ны удирдлагуудад гүн талархал илэрхийлье.