Оддын жагсаал дунд Сүбэдэй баатар төрсөн нь

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

Оддын жагсаал дунд Сүбэдэй баатар төрсөн нь

Сарьдаг уулсын үзүүр шувтрах ой хөвчийн хязгаарт 1175 оны хөх морин жилийн өвөл цас багатай ч, чөтгөр ч тогтомгүй ер бусын их хүйтэн болов. Ан араатан, жигүүртэн бүгдээр их хүйтнээс дайжин хаашаа ч юм хулжин одоцгоож, өнчин сондгой ургасан ганц нэгэн модод салхи өчүүхэн төдий хөдлөхөд тас нясхийн хугарч байхад харин энэ хохь хүйтэнд хөвчийн аглаг гүнд, тэр их ой хөвчийн амь халууныг нь хадгалах мэт тэсч хоцорсон ганц өтөг гэр байх нь Урианханы харлаг дархан Жарчуйдайнх юм. Жарчуйдай дархан энэ жил 13 нас хүрч, эцгийн хөөрөг тулмыг хөдөлгөхтэйгээ болж буй Зэлмэ хүү, өнөө маргаашгүй болсон тулгар биетэй эхнэр Омол хийгээд өрх гэрийнх нь хүнс хоолыг залгуулдаг хайнагийн гурван үнээ, хоёр эр бяруутайгаа энэ хүйтэнд үлдсэн нь санамсаргүй хэрэг биш ажээ.

Үүний учрыг өгүүлэхэд, Жарчуйдай дархан түрүү жилийн зул сар адгаар Тайгын өвөр лүү давж, хужир шүүний наймаахан хийгээд буцахдаа оройтож, Соён Тагийн даваагаар үүр шөнөөр давж таарсан юм. Хормой бэлээрээ хөвчин их ойгоор хучигдаж, өвчүү цээжээсээ дээш нүцгэн нүцгэн ян сарьдаг болсон сүрлэг их уулсын тэхий дундуур давах энэхүү даваа бол умард, өмнөдийн тунгалаг их далайг алган дээрээ тавьсан мэт тольдон харж болдог, хэрвээ наран илчсээрээ тэнгэрийн мандалыг хичээн арчсан мэт тийм тунгалаг гэгээн өдрөөр бол өмнөд их далайн чинадах уулсынх нь хөх сүүдрийг ч харж болдог өндөрөөс өндөрт орших билээ. Умард их далай нь харин өмнөхөөсөө агуу уудам бөгөөд зах хязгаар нь хаа хүрч дуусдагыг тайгын тэнэмэл салхи ч үл мэднэм. Энэ далайн өмнөд хөвөөгөөр, энэ далайд түрхэрэн цутгах Их мөрний адгаар Гурван Мэргид хэмээх цөс, омог ихт, явдал холтой сүрлэг хөх эрс бүхий дайчин аймаг нутагласаар он оныг элээсэн ч тэд тэрх далайн чинадад зүрхлэн хүрсэн нь үгүй, тэр аглагт гагцхүү үргэлжилсэн их царс модон ойд үлгэр домгийн улаан аваргас амьдардаг гэхээс илүүг хэлж үл мэдэх билээ. Өмнөд их далайгаас эх авсан Эгүүнэ гол мянга мянган уулсын үзүүрээр алсын алсуур мяндсан утас аятай тойрон даяалсаар, мурилзах газраа мурилзан аргадаж, сүр хүчийг үзүүлэн түрхэрэх газраа түрхэрэн уурсаж урссаар умардын их далайдаа очиж нийлдэгийг харин энэ их даваагаар давсан бүхэн санаж, хүйн холбоотой энэ хоёр их далайг нэгэн агшинд толион харж буйдаа бахардан эрхгүй дуу алддаг ажээ.

Жарчуйдай давааны онь хөтөл дээрх их овооноо гарч ирэхэд умаршаа өрнөшөөх их далайдын тунгалаг мөсөн толионд тэнгэрийн одод ойн гялбаад, зах хязгаартаа нийлсэн нь чухам аль нь тэнгэр, аль нь далайн мандал болох нь үл ялгарч, нэг бол тэнгэрийн одод тэр аяараа газарт хотлохоор бууж ирсэн мэт, эсвээс Жарчуйдай дарханы хохигор муу хөх үдээрэн бие тэнгэрийн суудалд заларсан мэт санагдаж, дархан эрхгүй бохирон унаад тэнгэрийн тэр олон одонд мөргөн залбирч билээ। Энэ нь үүр шөнийн торгон агшинд, үүрийн гэгээ тэнгэрийн хаяанаа мэлтэсхийхийн өмнөх агшинд байж таарчээ. Нулимс гээчийг аль хүүхэд насандаа л тас мартчихсан байсан энэ эрийн цээж нэг л хачин огшиж ирээд, мөсөн унжирга харшилдах аньсага сормуусан завсараар нь агь мэт гашуун нулимс их далай мөсөн баринтагаа шилгээхэд ариг хар усан мэлтэсхийн бургилдагийн адилаар мэлмэрээд иржээ. Хүнд лантуу, хүйтэн халуун төмөртэй цаг мөчид харшилдсаар төмөр шигээ хатуу хар савар шиг болсон арвагар арван хуруугаа тэнгэр өөд сарвайлгаад асгаран орж ирсэн үгсээ шившин шившин өгүүлж байхуйд чухам болор хонхноос л тийм аялгуу гарах болов уу гэмээр жингэнэсэн аялгуу бүүр түүрхэн сонсогджээ. Жарчуйдайд эхлээд сахал сармаанд нь бүү хэл хөмсөг, сормуусанд нь хүртэл харшилдан унжсан мөсөн унжуургасын дуу биз хэмээн санагдсан авч, тэр аялгуу нэг л ер бусын сонсогдох тул төдөлгүй дуугаа аядаад хичээн сонсов. Нэг тийм гэх тэмдэггүй жингэнэсэн аялгуу үе үехэн бүдэгхээн сонсогдох ажээ. Жарчуйдай шижир алтнаас эхлээд ган, хүрэл, мөнгө, шавар, мод гээд үй олон хонхнууд хийж явсан, бас тэдгээр хонхосоос тус бүртээ өөр өөр ялгуу гардагийг олон жилийн туршлагаараа сайтар ялгаж мэдэхтэйгээ ч харин энэ аялгуунд чухам тийм гэж нэрлэж хэлэхэд бэрхтэй нэгэн жингэнээ байгааг анзаарчээ. Тэр ч бүү хэл тэрхүү аялгуу нь тэр тэнгэр газрыг бүхэлд нь дүүргэн цацалсан очисын хэлтэрхий мэт оддын дундаас, гэхдээ бүүр Тэнгэрийн гох одны баавгайн соёо шиг тахиралдан унжсан үзүүр тушаа ойрмогхон шинээр үзэгдэх болсон цувраа хэдэн оддын зүгээс ирж буйг мэдэрчээ. Тэнгэрийн одод аялгуу гаргадгийг анх мэдэж, тэр оддын аялгууг анх удаа тийн сонсожээ. Анх арваад жилийн өмнө зургаан мичидийн зулай дээр нэгэн хурц тод од гялалзах болсоныг мичид тохиох үеэр анзаарч билээ. Тэгтэл ганц Жарчуйдай ч түүнийг анзаарсан биш байж, хожимхон Улаан тайгын Их зайран Дай-Үүр тэр оддыг Жарчуйдайд онцлон зааж өгөхөд өнөөх оддын дор хэдийнэ гурван ч од цувралдан гараад ирчихсэн байсансан. Тэр оддын цувраа жил улирах тусам нэмэгдсээр эдүгээ бараг 10 хүрчээ. Гэхдээ зөвхөн зул сарын битүүнээр л тийнхүү Зургаан Мичидийн зулай дээр, Тэнгэрийн Гохын үзүүр тушаанаа цувралдан тохиох бөлгөө. Одод ингэж олноороо цувралдан тохиох нь эгэл бус үйлийг зөгнөдөг болохыг Их зайран хэлж, энэ үйл хэрэгт их бага хэн боловч бэлтгэх учиртайг сануулж байсан ч энгүй тайгын эгэл дархан Жарчуйдайн хувьд эгэл бус их үйлд хэрхэн бэлтгэхээ харин даанчиг нэг төсөөлөхгүй явсан билээ.

Үргэлжлэлийг http://greathistory.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж