Хуралд Монгол Улсаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон эрдэм шинжилгээний байгууллагууд, Монголд хэрэгжиж буй Цөлжилтийг сааруулах болон Газрын тогтвортой менежмент, Ногоон хэрэм төслийн ажилтнууд ороллцож байгаа юм. Хурлын дээд хэмжээний уулзалтад БОАЖ-ын сайд Л.Гансүх оролцож, БНХАУ-ын Ойн алба, БНСУ-ын Ойн албаны хооронд Зүүн хойд Азийн цөлжилт, хуурайшил, газрын доройтлын эсрэг тэмцэх сүлжээг үүсгэн байгуулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.
Зүүн хойд Азийн цөлжилт, хуурайшил, газрын доройтлын эсрэг тэмцэх сүлжээ нь дараах зорилтыг дэвшүүлж байна. Тус сүлжээ нь Зүүн хойд Азийн дэд бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг Стратеги төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх юм.
- Цөлжилттэй тэмцэх болон элэгдсэн, эвдэрсэн хөрсийг нөхөн сэргээх, түүнчлэн элсэн ба шороон шуургыг хянах, урьдчилан сэргийлэх талаар хамтын судалгаа шинжилгээ болон төсөл боловсруулж хэрэгжүүлэх.
- Цөлжилттэй тэмцэх, элсэн ба шороон шуургыг хянах, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг үр ашигтай хэрэгжүүлж, үйл ажиллагааны чадамж бий болгох.
- Бус нутгийн болон үндэсний хэмжээнд тус сүлжээний бүс нутгийн удирдлагын хамтын ажиллагааг бэхжүүлэх.
- Семинар, симпозиум, техникийн зөвлөгөөнөөр дамжуулан цөлжилт, хуурайшилт, газрын доройтлыг бууруулах асуудлаар туршлага, мэдлэгээ хуваалцах, харилцан мэдээлэл солилцох аж.
Монголын тал НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын хуралд Монгол орны цөлжилтийн өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгарч буй бэрхшээлүүдийн талаар таван илтгэл тавьж, хэлэлцүүлээд байгаа гэнэ. Түүнчлэн бүс нутгийн хэмжээнд болон дэлхийн бусад орон, олон улсын байгууллагатай цөлжилт, газрын доройтолтой тэмцэх чиглэлээр хамтран ажиллах санал тавиад байгаа аж.