Гурван хүүгээ “уруу татсан” талбайн зурагчин

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

Гурван хүүгээ “уруу татсан” талбайн зурагчин

Хөх цэнхэр өнгийн хантааз өмсч,  хүзүүнээсээ “Sonny” брэндийн аппарат зүүсэн 50 эргэм насны ах төв талбайд их л завгүй ажиллаж байлаа. Тэрбээр хажуугаар өнгөрөх  хүмүүсийг “Зургаа авахуулах уу” хэмээн шалгааж, ганц нэг хүний зургийг өнөөх аппаратаараа хичээнгүйлэн  аваад угаалгах гэж буй бололтой талбайн баруун хойд булангийн  Коника  руу гүйж одлоо.  Түүнийг Б.Тулгабат гэх бөгөөд талбайн гэрэл зурагчид Үйлдвэрчний хорооны дарга гэдгээр нь анддаггүй юм билээ. Б.Тулгабатыг  “Эгэл амьдрал”  булангийнхаа энэ удаагийн зочноор урьсан юм.

 Сүхийн талбайд 17 жил “амьдарлаа”

Амралтын өдөр буюу энэ сарын 16-нд төв талбайд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Талбайн эргэн тойронд янз бүрийн дугаар бүхий хөх цэнхэр хантааз өмссөн зурагчид  харагдана. Тэдний нэг нь Б.Тулгабат. Түүний ажил энэ өдөр 8:00 цагт эхэлсэн бөгөөд өдрийн цайны цагийн үе гэхэд 8000 төгрөгийн ашигтай ажилласан юм. Б.Тул­габат Ховд аймгийн Буянт суманд төрж өссөн бөгөөд арван настай байхад нь тэднийх Улаанбаатар хотод шилжиж иржээ. Тэрбээр нийс­лэлийн III сургуулийн долдугаар анги төгсөөд дараа нь оройгоор арван жилийн боловсрол эзэмш­сэн байна. Үүнээс хойш түүнд сурах эрмэлзэл төрж эхэлсэн гэдэг. Ингээд эчнээгээр сэтгүүлчийн анги, соёлын ажилтны курс төгсчээ. Тавдугаар ангиасаа л үлээвэр хөгжим тоглож сурсан тэрбээр  Дорнод аймгийн 030 дугаар ангийн хөгжмийн салаанд цэргийн алба хаасан гэнэ. Харин цэргээс халагдаж ирээд “Улаанбаатар таймс” сонинд гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж байжээ.  Үг холбож, үзэгтэй нөхөрлөсөн Б.Тулгабат хэд хэдэн өгүүллэг, тууж бичиж, олны хүртээл болгоод амжжээ. Тухайлбал, “Есөн хуруу Даржаа” хэмээх өгүүллэг нь олны ташаалд нийцсэн гэдэг. Даржаа хэмээх анчин хавханд орсон чоныг ташуураараа цохих гэж байгаад хальт цохиод өрөөсөн хуруугаа тасдуулдаг тухай өгүүлэх энэ өгүүллэгээс эхлээд ан амьтан, байгаль ялангуяа чоно, алмасын тухай бичсэн өгүүллэг, тууж арвин ажээ. Тэрбээр өөрөө ан авд төдийлөн явж байгаагүй ч зохиолч, сэтгүүлчдийн ан амьтны тухай бичсэн ном зохиолыг сайн уншиж, цуг­луулдаг байна. Б.Тулгабат саяхан  “Тайгын цагаан шөнө”  болон ахмад боксчдын тухай цуврал ном бичиж  хэвлүүлжээ. Сонин сэтгүүлд сайн дурын идэвхтэн бичээч явсан тэрбээр шаггүй авьяастайгаа өөрийн бүтээлүүдээрээ батлах шиг са­нагдсан. Энэ хөдөлмөрийнхөө дүнд соёлын тэргүүний ажил­тан цол хүртжээ. Бас болоогүй цахилгаанчин мэргэ­жилтэй. Ме­­ханик инженерийн их сур­гуулийг  Тээврийн ТМС байх үеэс л цахилгааны багшаар ажил­лаж, энэ байгууллагаас тэтгэвэрт гарсан нэгэн. Одоо тэтгэврийн 150 мянган төгрөг авдаг ч зүгээр суулгүй ажиллаж яваа нь энэ.

16 наснаасаа аппарат барьж,  сонинуудад гэрэл зургийн сур­валжлагч явсан тэрбээр төв талбайн гэрэл зурагчнаар 17 дахь жилдээ ажиллаж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар талбайд 100 орчим гэрэл зурагчин ажиллаж байгаа бөгөөд тэдний эрх ашгийг хамгаалах байгууллага байхгүй байсан учир Б.Тулгабат үйлдвэрчний хороо байгуулах санал гаргасан байна. Энэ саналыг ч талбайн зурагчид дэмжиж, даргаар нь түүнийг сонгожээ. Тэрбээр, “Талбайд гэрэл зурагчин гарсны 25 жилийн ой ирэх онд тохиох юм. Бид ойдоо зориулаад түүх өгүүлэх гэрэл зургийн цомог гаргах санаатай. Хотын захиргаанаас зөвшөөрөл аваад  Сүхбаатарын талбайд анх гурван хүн зураг авахаар гарсан гэдэг юм. Үүнээс хойш энэ талбайгаас олон хүн хоногийн хоолоо залгуулж байна. Талбайн зурагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс 2001 онд  Үйлдвэрчний хороо байгуулсан. Хүний амьд­рал юм хойно бидэнд үхэл хагацал, зовлон, жаргал адилхан л тохиолдоно. Саяхан нэг  зу­рагчин маань хорвоогийн мөнх бусыг үзүүлж, хоёр зурагчны гэр шатсан. Бид мөнгө цуглуулж өгсөн.  Энэ жил л гэхэд зургаан сая төгрөгийн хандив цуглуулаад байгаа” хэмээсэн.

Талбайн зурагчид өвлийн хүйтэн, зуны халууныг аж­рахгүй ажилладаг ч тэдний олонх нь бөөрний өвчтэй болох нь эмчийн үзлэгээр тогтоогдсон байна.  Үйлдвэрчний хороотой болсноор тэднийг  эрүүл мэн­дийн даатгалд хамруулж чадсан ч нийгмийн даатгал төлдөг хүн бараг байдаггүй гэнэ. Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа бо­лохоор нийгмийн даатгалаа сайн дураараа очиж төлдөг хүн ховор. Б.Тулгабат “Тэд нийгмийн даат­галаа төлөхгүй юм. Нас дээр гарахаар тэтгэвэр хаанаас авах билээ” хэмээн санаа зовж буйгаа ч дуулгасан. 

Талбайд  гэрэл зураг авахаас гадна жижиглэн худалдаа, унадаг дугуй түрээслүүлэх зэрэг олон үйлчилгээ байдаг учраас тэднээс ялгарах гэж гэрэл зурагчид хөх цэнхэр хувцсаар ижилссэн гэж байлаа.

Төв талбай бол Монгол Улсын толь юм шүү дээ

Б.Тулгабат Ажилчны соё­лын ордонд хөгжимчнөөр ажил­лаж байхдаа ирээдүйн хань С.Сийлэгмаатайгаа танилц­жээ. Одоо таван хүүхэд, 10 гаруй ач зээтэй өнөр өтгөн айл. Тэрбээр, “Хоёр охиндоо дээд боловсрол эзэмшүүлсэн бол гурван хүүгээ олны дунд төлөвшүүлэх зорилгоор талбайн гэрэл зурагчнаар ажиллуулж байгаа” гэсэн юм.  Тодруулбал, Т.Мөнхзориг, Т.Мөнхбаяр, Т.Мөнх­бадрал хэмээх гурван хүү нь  аавтайгаа хамт талбайд ажилладаг аж. Энэ мэтчилэн гэр бүлээрээ, эхнэр нөхрөөрөө ажилладаг хүмүүс энд олон гэсэн. Нөхөр нь зургаа авч байхад нь эхнэр нь угаалгах ажлыг хариуцах нь бий гэнэ. 

“Ийм олон гэрэл зурагчин байгаа болохоор өрсөлдөөн их үү. Өдөрт хэдэн төгрөгийн орлого олдог вэ” гэсэн миний асуултад Б.Тулгабат “Дөрвөн өдөр гараад ганц ч зураг дараагүй. Ийм үе хааяа тохиолддог юм. Харин өчигдөр 15000, өнөөдөр 8000 мянган төгрөгийн ашиг олоод байна. Ах нь тэтгэвэр авдаг болохоор зураг авах гээд улайрч,  залуу хүмүүстэй булаацалдаад бай­даггүй юм” гэв. Тэрбээр, хөгж­лийн бэрхшээлтэй, ядарсан хүмүүсийн зургийг тал үнээр нь аваад өгчихдөг гэж байгаа. Хувь хүмүүст аппарат ховор байх үед талбайн зурагчид монополь байсан бол одоо тэднээр зургаа авахуулдаг хүмүүс эрс цөөрсөн гэнэ. Гэхдээ талбайн зурагчдын олонх нь мэргэжлийн бус  сайн зурагчдаасаа сурч, дадлагашсан гэдгийг  Б.Тулгабат  нуугаагүй. Тэрбээр “Сүхбаатарын талбай бол Монгол Улсын толь. Тиймээс энд самар цөмж, хог хаяж байгаа хүнийг ах нь үзэж чаддагүй зантай. Талбайд амьдралынхаа 17 жилийг элээж яваа болохоор яг л гэр шиг минь дотно санагддаг юм” гэж суусан. 

Б.Тулгабат өдөртөө 2000 төгрөгөөр хуушуур, прожки идчихээд л яг л 18-т шиг гүйж явдаг юм билээ. Бас өглөө болгон хагас цаг биеийн тамирын дасгал хийдэг гэсэн. Гурван хүүгээ өөрийн ажилд  “уруу татсан” тэрбээр гэр бүлээрээ хотын зүрх болсон төв талбайдаа  ажиллаж буйгаараа бахархдаг гэнэ лээ.

Ч.Болортуяа

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж