Манай сонин цэцэрлэгүүдийн тулгамдсан асуудлыг хөндөж, холбогдох байгууллагад хүргэх зорилготой цуврал сурвалжлага бэлтгэн хүргэж байгаа
билээ. Бид энэ удаагийнхаа сурвалжлагыг Сүхбаатар дүүргийн X хороонд байрлах 75 дугаар цэцэрлэгээс бэлтгэлээ. Өнгөрсөн баасан
гаригийн өглөөний 8:50 цагт тус цэцэрлэгт очлоо. Хүүхдүүд аль
хэдийнэ ирчихжээ. Биднийг очоод удаагүй байтал нэг бяцхан хүү “Худлаа яриад” хэмээн чангаар уйлсаар аавдаа тэврүүлэн ирсэн
юм. Өглөө эрт босоод нойрмоглон байж цэцэрлэгийг зорих нь тэдэнт тийм ч таатай
биш бололтой. Хүүхдийн уйлах дуу хаа саагүй сонсдоно. Үүдэн дээр хэсэг зогслоо. Хүүхдээ хүргэж ирсэн хүмүүс жижүүрт мөнгө өгөөд дотогш орох нь анхаарал татав. Бид цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзахаар
орох гэтэл жижүүр эгч “50 төгрөг өгөөд улавч өмсөөд ороорой” гэсэн юм. Бид ч түүний шаардлагыг биелүүлэв. Гэхдээ нэг л удаа өмсөх гялгар уутан улавчийг эцэг эхчүүдэд өдөр бүр 50 төгрөгөөр өгдөг нь таалагдсангүй.
Ингээд бид хамгийн түрүүнд Г.Дэлгэрцэцэг багштай ахлах бүлгийн хүүхдүүдтэй уулзсан юм. Хүүхдүүд хоёр, гурваараа ээлжлэн угаалгын өрөө рүү орж амаа
зайлан, гараа угааснаар тэдний нэг өдөр эхэллээ. Энэ өдрийн жижүүр нь А.Анужин, Х.Анударь хоёр байлаа. Тэд ширээний бүтээлэг
дэлгэх, аяга тараах, ширээ бүр дээр цэцэг тавих ажлыг тун ч нямбай хийх нь өхөөрдмөөр. Хүүхдүүдийн энэ өдрийн өглөөний цайны
цэсэнд кекс, хярам багтжээ. Нийслэлийн
Засаг даргын захирамжаар хэрэгжиж буй ”Хүүхэд бүрт нэг аяга сүү” аян тус цэцэрлэгт өрнөж буй юм байна. Аяны хүрээнд хүүхдүүд 9:20-9:30 цагийн хооронд сүүгээ уудаг аж. Ингээд хүүхдүүд өнгө, өнгөөр алагласан сандлаа чирсээр тойрон сууж, дуу хууртай өглөөний ундаа
ууцгаав. Энэ ангийн хамгийн авьяастай хүүхэд нь М.Мишээл аж. Тэрбээр
“Дэрсэнд тааралдсан дэлдэн туулай
Дэргээдээс босоод дэгдэн харайлаа...”
хэмээн хэвлүүхэн дуулсан юм. М.Мишээл “Би барбигаар тоглох дуртай, даан ч
цэцэрлэгт маань байдаггүй. Гэрт л байдаг” гэж шулганав. Энэ үеэр ихэр юм уу гэж
андуурмаар хоёр охин гар гараасаа хөтлөлцөн нэгнээсээ үл холдоно. Тэднийг А.Дэлгэрзаяа Э.Хос-Уянга гэдэг. Тэр хоёртой хэсэг
ярилцахад “Бид зөндөө удаан найзалж байгаа. Бие биенээсээ тоглоомоо булаацалддаггүй. Гэртээ
очихоороо найзыгаа санадаг” гэж байсан юм. Энэ өдөр нэг хүү шинээр
нэмэгдэж иржээ. Түүнийг Ө.Ялгуун гэдэг. Тэр “Аав Америкт бий. Манай аав тэнгэрээр онгоцоор
нисээд л буухгүй байгаа. Аавыгаа санаж байна” хэмээн нэг л сэтгэл гонсгор хэллээ. Тэр
хэдий шинээр ирсэн ч хэсэгхэн хормын дотор олон найзтай болж амжлаа. Цэцэрлэгийн
халаалтыг есдүгээр сарын 15-нд өгчээ. Халаалт ирсэн хэр нь доод давхрын ангиуд сэрүүхэн байлаа.
Бид тус бүлгийн багш Г.Дэлгэрцэцэгтэй
уулзлаа.
-Та хэд дэх жилдээ цэцэрлэгийн багшаар ажиллаж байна вэ?
-Би 18 жил ажиллаж байна.
-Танай анги хэдэн хүүхэдтэй вэ, Өнөөдөр хэд нь ирэв?
-39 хүүхэдтэй. Уг нь 25 хүүхэд байх ёстой л доо. Дарга нарын гарын үсэгтэй хүүхдүүд хүрээд ирэхээр
авахаас өөр аргагүй байдаг юм. Ойрдоо цаг агаар тааламжгүй болохоор хүүхдүүд цөөрөөд байгаа.
Ер нь бол хүүхдүүд таслах нь гайгүй.
Ямар нэг шалтгаан гарахгүй бол хүрээд л ирдэг. Энэ нь хотод цэцэрлэг хүрэлцдэггүйтэй
холбоотой байх. Мөн эцэг, эхчүүдээс хоолны мөнгө авдаггүй болсон ч нөлөөлдөг байж мэднэ.
-Танай анги тийм ч их тоглоомтой биш юм. Хүүхдүүдэд хүрэлцдэг үү?
-Тоглоом хангалттай биш. Би зарим тоглоомыг өөрөө хийсэн.
Энэ тоглоомнуудаар хүүхдүүд тоглох дуртай. Бид өөр, өөрийн онцлогоороо ангиа тохижуулдаг. Манай бүлэг төрсөн өдрийн булан
нээсэн. Тухайн өдөр төрсөн өдөр нь тохиосон хүүхдэд баяр хүргэж, дуу дуулж өгдөг.
-Таны хувьд хэдэн төгрөгийн цалин авч байна?
-Ачаалалтай ажилладаг хэрнээ сард 300 мянган төгрөгийн
цалинтай. Гэтэл бид цалингаасаа тоглоом хийх материал авахаас эхлээд олон зүйлд зарцуулдаг.
Багш нар цалингаасаа тоглоом хийх материал авдаг
Тус цэцэрлэгийн баруун хойд талд Ерөнхий сайд С.Батболдын хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн багтаамжтай хоёр давхар өргөтгөлийн барилгыг барьж энэ сарын 26-нд ашиглалтад оруулжээ. Энэхүү өргөтгөл нь орчин үеийн
стандартад нийцсэн тохилог, саруулхан ч зарим нэг зүйлээ жигдрүүлж ,тохижуулж
амжаагүй болохоор эл хуль, “хоосон” байлаа. Цөөхөн хэдэн
тоглоом, шалан дээр дэвссэн хивс, ширээ сандлаас өөр тавилга, чимэглэл
гэх зүйл байсангүй. БСШУЯ-наас тус цэцэрлэгт тоглоом өгнө гэж
амласан ч өгөөгүй аж. Харин хуучин барилга нь 1977 онд анх ашиглалтад оржээ.
Энэ жил засвар хийсэн гэх ч ангиудын ханын цаасыг л сольжээ. Улсаас тодорхой
хэдэн төгрөг төсөвлөдөг ч тэр мөнгө нь багахан хэмжээний л засвар хийхэд хүрэлцдэг аж. Үүдний плитан
шал зарим хэсгээрээ хагарч хүүхэд бүдрээд уначихмаар болжээ. Дотогш нэвтрэхэд шалны зарим хэсэг цөмөрсөн харагдаж
байлаа. Тус цэцэрлэг бага, дунд, ахлах, бэлтгэл гэсэн долоон бүлэгтэй үйл
ажиллагаа явуулдаг. 175 хүүхдийн багтаамжтай хэдий ч 250 гаруй хүүхэд тус цэцэрлэгт хүмүүжиж байна.
Нэг ангид 30-39 хүүхэд байдаг аж. 75 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Одсүрэн “Энэ сарын 3-нд ажлаа хүлээж авсан
болохоор төсөв, санхүү гээд нарийн ширийн зүйлтэйгээ танилцаж амжаагүй учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэж байлаа. 75 дугаар
цэцэрлэгт энэ хичээлийн жилд БСШУЯ-наас хувцасны шүүгээ өгсөн боловч нэг ангид 36-39 хүүхэд байдаг тул нэг шүүгээнд 3-4 хүүхэд хувцсаа хийдэг байна. Мөн нэг ангид хоёр угаалтуур, хоёр
бие засах суултуур байдаг нь тийм ч хангалттай биш аж.
Хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн ч хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгө хэвээрээ
Эл цэцэрлэг хүүхдүүдийнхээ хүнсэнд хэрэглэдэг мах, сүү, гурил, будаа гээд бүхий л зүйлээ “Багачууд хүнс” ХХК-иас авдаг юм байна. Үнэ нь нэмэгдсэнийг эс тооцвол хоол хүнсэнд ямар нэг
асуудал байхгүй гэж байсан юм. Гал тогооны хэрэгсэл нь анх барихдаа л
суурилуулсан тоног төхөөрөмжөө шинэчлээгүй, элэгдэж хуучирсан болохоор хүндрэлтэй байдаг аж. Хоол удаан буцлахаас эхлээд гал тогооны өрөө бүгчим байдаг
байна. Ингээд бид хоёр давхрын шатны хажууханд байрлах Ю.Эрдэнэчимэг багштай
дунд бүлгээр орлоо. Энэ ангид мөн л тоглоом
хангалттай биш байлаа. Бага насны хүүхдийг гэрээсээ тоглоом авчрахыг зөвшөөрдөг гэж байв. Ю.Эрдэнэчимэг багш “Би 24 жил ажиллаж байгаа болохоор
ажлын арга барилаа олчихсон ч гэсэн хүндрэлтэй зүйл их байдаг. Зургаан хичээл ордог. Бүгд өөрийн гэсэн
булантай байх ёстой. Гэтэл манай ангид ганц ч булан байхгүй байгаа. Хөрөнгө мөнгийг нь өгдөггүй. Өөрсдөө тохижуул
гэдэг. Бид цалин гэж 200-300 мянган төгрөг авдаг. Тэрийгээ хувааж аваад ихэнхийг нь татварт төлдөг. “Эцэг
эхээс мөнгө, хандив авч болохгүй” гээд дээрээс тушаачихдаг. Эцэг эхчүүд ганц хөгжим аваад өгчихөд тэрийг данслаад
авчихна. Хүүхдэд нь хэрэгтэй шүү дээ. Бид ямар тэрийг зараад идчих биш. Урьд нь хүүхдийн амь
насыг хариуцаж байгаа гээд анги даалтын мөнгө өгдөг байсан. Харин өгөхөө больсон” хэмээн бухимдангуй хэлж байлаа. Ийн хэлэхийн сацуу тэрбээр өөрийн хийсэн
материалаа бидэнд сонирхуулсан юм. Эдгээр материалыг интернэтээс татаж авсан,
зарим нэгийг нь шөнө сууж шивснээ ч нуусангүй. Ю.Эрдэнэчимэг багшийн хэлснээр заримдаа гадуур интернэтэд
сууж хичээлд хэрэглэх материалаа шивдэг аж. Учир нь 75 дугаар цэцэрлэг долоон
багшийн дунд ганцхан компьютертой. “Техник технологи хөгжсөн
мэдээллийн эрин зуунд амьдарч байж хөдөөний зарим цэцэрлэгээс ч дор байна” хэмээх багш нар бухамдаж
байлаа.
Тэднийг хичээлийн материалаа шивж боловсруулахыг цаанаас нь
тушаадаг аж. Гэтэл ганцхан компьютертой учраас багш нар заримдаа дугаарлахад хүрдэг байна.
Тэр ганц компьютер нь гацах, унтрах гээд олигтой ч ажилладаггүй. Дээрээс
нь тус цэцэрлэгт хотын төвд байрладаг хэрнээ интернэт сүлжээнд холбогдоогүй аж.
Энэ өдөр хүүхдүүдэд биеийн тамирын хичээл орсон юм. Бүгд тамирын хувцсаа өмсч
хичээлдээ бэлтгэлээ. Тэд цөөхөн хэдэн сунгалтын дасгал хийгээд л болох нь тэр. Заал байхгүй болохоор
жижигхэн давчуу өрөөнд дураараа ч гүйж чадалгүй, үсэр ч болохгүй, хүүхдүүд нэг л эрх чөлөөгүй харагдлаа. Гадаа гарах гэхээр гадна талын талбай засвартай. Өнгөрсөн хавраас
хойш засвартай гээд хүүхдүүд гадаа гарч тоглоогүй гэнэ. Хүүхдийн ид хөдөлгөөнтэй байх үед нь хөдөлгөөнийг хязгаарлах нь дутагдалд
оруулахаас гадна бие бялдарын хөгжилд сөргөөр нөлөөлдөг билээ. Хүүхдүүд ангидаа хамаагүй гүйх гэхээр доод ангийн хүүхдүүдэд хэцүү, таазнаас нь түжигнээд байдаг аж.
Гадна талын талбайд ямар ч тоглоом байхгүй.
Засвар хийж байгаа гээд энд тэнд шороо овоолж, ундуй сундуй болжээ. Гадна
тохижилт хэзээ дуусахыг тус цэцэрлэгийг эрхлэгч С.Одсүрэнгээс лавлахад,
“Хашаагаа барьж эхлээд байгаа. 2011-2012 оны хичээлийн жилд багтаж дуусах байх.
Хүйтрэхээс өмнө амжуулах гээд мэрийж байна” хэмээсэн.
"Өдрийн шуудан" сонин