Харин энэ гайхашралыг ЖАИКА-гийн дэд ерөнхийлөгч Киоши Кодера ОУВС-гийн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан захирал Анүүп Сингтэй уулзахдаа “яагаад болохгүй гэж” хэмээн тохиролцоод энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулахаар болсон хэмээн учирласан. Их-20-ийн тэргүүнүүд үргэлж тив дамнасан эдийн засгийн зөв урсгалын талаар ярилцдаг. Тэдний хэлэлцсэн асуудлууд манай улсад ч нөлөөлөх болно. Их-20-иос нэлээд олон нь манай улстай уул уурхайн салбарт хамтарч ажиллахаар болоод байгаа учир цаашид Их-20-ийн уулзалтаас үүдэлтэй шийдвэрүүд манай эдийн засагт чухал нөлөөтэй болох нь дамжиггүй.
Чуулга уулзалтаар олон чухал сэдэв, асуудлыг хөндсөн. Тэдгээрийг товчлон хүргэе. Уг уулзалтад оролцогчдод хүрсэн хамгийн чухал хийгээд эхний мессеж нь Азийн орнуудын хөрөнгө оруулалтын хэрэгцээ ирэх 10-30 жилд асар хурдацтай нэмэгдэх тухай байсан юм. Магадгүй Сөүлд цугларсан Их-20-ынхны далд шийдвэр ч үүнд нөлөөлсөн байж мэднэ. Үнэхээр Азид хөрөнгө оруулалтын хэрэгцээ хурдацтай нэмэгдэх юм бол манай улсын хувьд дэд бүтцээ хөгжүүлэх нэн тэргүүний шаардлага тулгарч буй. Тиймээс дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй эхлүүлэх хэрэгтэй гэдгийг чуулга уулзалтад оролцогчид онцлон тэмдэглэж байв. Харин дээрх ажлыг эхлүүлэхийн тулд хэд хэдэн урьдчилсан нөхцөлийг хангасан байх ёстой аж. Үүнд макро эдийн засаг, санхүүгийн эх үүсвэрийн тогтвортой байдал орж буй. Эдгээр нь манай улсад байгаа билүү гэж өөрөөсөө асуувал байна аа. Манай эдийн засаг дэлхийд хамгийн эерэг хүлээлттэй буюу хамгийн хурдацтайгаар хөгжих найдлага бүхий эдийн засаг болсон гэдгийг гадаад дотоодын эдийн засагчид баталж буй.
Үүнээс гадна хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлага, эх үүсвэр нь бүрдлээ гэхэд гүйцэтгэл буюу ТЭЗҮ нь үнэн бодит байх ёстой байдаг. Бага орлоготой буюу буурай хөгжилтэй орнууд үүн дээр л чухам алддаг тухай чуулганы үеэр Азийн хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Ражат Наг онцлон тэмдэглэсэн. Бүр энэхүү алдааг “ядуугийн гай” хэмээн нэрлэчихсэн аж. Ер нь манайхан аливаа зүйлийг барихдаа зураг төслөөс нь эхлээд ашиглалтад ортол нь мөнгөө харамлан “голоо цохьдог”. Мөнгөгүй байж захын барааг голж шилэн халтар, хараар нь дуудан байж хямдруулан авахтай агаар нэг. Ингэснээр хамгийн чанаргүй, хамгийн богино настайг нь худалдан авдгаа өдий хүртэл буурай хөгжилтэй орнууд ойлгоогүй байсныг энэ хурлаар ухааруулж өгсөн нь олзуурхууштай. Өөрөөр хэлбэл, зураг төсөл, гүйцэтгэл зэрэгтээ мөнгөө харамласан нь эцэстээ үнэтэй зураг төсөл авснаас ч илүү өндөр зарлага гаргадаг аж. Үлгэрлэвэл, гурван жил өмсөх боломжтой 50 долларын гутал авахаас татгалзаж 30 долларын гутал авсан нь жилийн дараа хэрэгцээгүй болохтой адил. Энэ мэтчилэн жил бүр 30 доллароор гутал авахад гурван жилийн дараа зарцуулсан мөнгө нь өөрөөсөө харамласан 50 долларын гуталнаас илүү гарсан байх жишээтэй.
Тус хуралд оролцсон орнууд манай улстай харьцуулахад дэд бүтцийн салбараа хөгжүүлэх тал дээр илүү туршлагатай, олон алдаа оноог үзсэн. Тиймээс бидний хувьд энэ хурал маш чухал ач холбогдолтой мэт санагдсанаа нуух юун. Учир нь бусад орнуудын алдаа дутагдлыг дахин давтахгүй байх боломж бидэнд нээгдэж буй. Монгол улс түүхэндээ өөрсдийн хөрөнгөөр дэд бүтцээ хөгжүүлэх боломжтой байсан удаагүй. Харин энэ боломж бүрдсэн түүхэн мөчид уг хурлыг зохион байгуулсан нь тун цагаа олсон мэт. Бусад орнуудын туршлагаас харахад дэд бүтцийн санхүүжилтийг голчлон хөгжлийн банкаараа дамжуулан хийдэг аж. Тухайлбал, Казахстаны Хөгжлийн банк хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжүүлсэн нь өдгөө тус улсын эдийн засагт эергээр нөлөөлсөн байна.
Уг хурлаас манай улс юу ойлгох шаардлагатай байна вэ гэхээр хөгжиж буй орнуудын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хэрэгцээ асар хурдацтай нэмэгдэж байгаа энэ үед Монгол Улс ямар байр суурьтай байх ёстойгоо тодорхойлох хэрэгтэй болж буй. Өөрөөр хэлбэл улсынхаа хөгжилтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаа хөдөлгөөнд оруулах нь нэн чухал. Үүнд Хөгжлийн банк, ҮХШХ зэрэг бүтээн байгуулалт, дэд бүтцийн бодлогын хийгээд санхүүгийн байгууллагуудаараа дамжуулан дээрх байр сууриа тодорхойлох юм.
Оролцогчдод хурлын эхэнд Бразил, Чили, БНХАУ, БНСУ зэрэг орны эрх баригчид дэд бүтцээ хөгжүүлэх, санхүүжүүлэхдээ ямар арга ашигласан талаар танилцуулсан. Гэвч улс орон бүр өөр нөхцөл байдалтай, өөрсдийн гэсэн асуудалтай. Тиймээс өөртөө таарсан стратегийг боловсруулах нь хамгийн зүйтэй гэдэгтэй оролцогчид санал нэгдэв. Их-20 Азийн буурай хөгжилтэй орнуудад анхаарлаа хандуулахаар шийдсэн үү, ямартай ч манай орны хувьд маш чухал сургамжтай хурал Токиод боллоо. Хурал ганц өдөр үргэлжилсэн бөгөөд манай улсаас ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуун, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Батжаргал нар оролцсон юм.
"Өдрийн шуудан" сонин