“Савдгууд”-ыг номхруулах бөө хэрэгтэй бололтой

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

“Савдгууд”-ыг номхруулах бөө хэрэгтэй бололтой

Одоогоос арваад жилийн өмнө Зайсангийн орчимд ХААИС-иас өөр нүдэнд торхоор барилга байшин байгаагүй. Харин өнөөдөр бүхэл бүтэн дүүрэг болохуйц байшин барилга, хороолол сүндэрлэсэн. Эднийг “баячуудынх” гэж тодорхойлох  болсоор удаж байна.

Энэ  аманд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан  “Жигүүр гранд”, “Мантууш” ,”Моно Лиза”, “БТТИ”, “Сеуле ре групп” зэрэг компани бий. Эдгээр компани нь аялал жуулчлал хөгжүүлэх нэрээр халхавч хийж Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд зохих зөвшөөрлөөс хэтийдсэн үйл ажиллагаа явуулдаг. Дээрх компаниуд болон иргэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 6 дахь заалтыг зөрчдөг аж. Үүнд “Газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх”, “Хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах”, “Нуур, мөрөн, гол горхи, булаг, шанд ил задгай усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах” зэргийг заасан байдаг. Барилгын компаниудыг энэхүү заалтуудыг зөрчөөгүй гэж өмөөрөх шалтаг, шалтгаан даанч байхгүй. Тухайлбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7-д зааснаар  “Аялагч,  зөвшөөрөл бүхий бусад хүн, түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглана” гэсэн заалт бий. Харин “Жигүүр гранд”-ын “Зайсан Лакшери”, эсвэл тэр “Грийн Вилла”-г түр буудаллах, отоглох, эсвэл судалгаа шинжилгээний зориулалтаар барьсан гэвэл хэн ч итгэхгүй нь тодорхой.

Тэдний гууль болгосон хуулиуд үүгээр дуусахгүй, Газрын тухай хууль,  Ойн тухай болон Усны тухай хуулийг уландаа гишгэсэн  аж. Зүй нь хууль гэдэг нь аливаа бусармаг үйлдэл, үйл  ажиллагааг таслан зогсоох зориулалттай. Тийм ч учраас жирийн иргэн, сайд дарга,  хэн ч байсан үүнийг дагах ёстой. Гэвч барилгынхны гоёмсгоор  дуудвал бүтээн байгуулагчдын булхай, бусармагийг холбогдох албаныхан анзаараагүй мэт явсаар буй нь хэн бүхний дургуйцлийг хүргэж байна. Эсвэл тэд барилгын томчуудын элдэв үйлдлийг анзаарч, хянах “албагүй” байж ч мэднэ. Харин энэ бүгдийг харж,  илрүүлэн, тэмцдэг нь жирийн иргэд.

Зайсанд ийм үзэгдэл бий болж газар авсаар байна. Гадаад нэрээр хаягласан баячуудын хүүхдүүдийн сурдаг сургууль, дэлгүүр гээд олон янзын хэл хугалмаар нэртэй   шинэ хороолол сүндэрлэсээр. Дэлгүүрийнх нь барааны үнэ өртөг хотын төвийнхөөс хавьгүй өндөр, аргагүй л баячууд Зайсанд амьдардаг юм байна гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг.

Өнөөгийн байдлаар 119 иргэн, аж ахуйн нэгж Зайсангийн орчимд  газар авчээ. МХЕГ-аас ердөө 22-ыг нь цуцалсан гэнэ. Түүнчлэн байгаль экологид хохирол учруулсан гэх актыг 36 аж ахуйн нэгжид тогтоогоод буй аж. Гэхдээ хэн гэгчийн мэдэл дэх тусгай зөвшөөрлийг цуцалснаа бас л нууна. Заавал албан ёсоор акт тогтоож, хяналт судалгаа явуулан байж цуцлах шаардлагагүй зөвшөөрлүүд байна аа. Нэг үгээр хэлбэл, эзэмшигчийнх нь увайгүй үйлдлүүд олны нүдэнд хэтэрхий ил. Тухайлбал, Зайсангийн эзэн, савдаг гэгдэх болсон “Жигүүр гранд” группийн захирал Д.Баттөр орд харшийг өндөр намаар нь өнгө алаглуулан барьж, тэр хавьд амьдардаг хүмүүст халдварт шар өвчин  хүртэл тараасан гэх. Тэгсэн хэр нь тэднийх барилгуудаа дараалуулан босгож, шав тавьсаар байгаа нь нэг л “но”-той. Энэ талаар  иргэд, оршин суугчид Богдхан уулын хамгаалалтын захиргаа, МХЕГ-т удаа дараа өргөдөл гаргасан ч  “Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ” гэдэг шиг дүлий царайлдаг гэнэ.

Жирийн иргэд тэнд барилга баръя гэх хүсэлт гаргавал зөвшөөрөл олгох мэдэлтнүүдийн нүд орой дээрээ гарах биз. Өөдөөс нь “Чи галзуураагүй биз” гэнэ. Хэн гэгч том нударган тэнд газар авсныг тодруулах гэхээр НЗДТГ-ын Газрын алба, БОАЖЯ-ны хэн нэгэн мэргэжилтэн “Тийм зүйл ерөөсөө байхгүй. Тэр чинь тусгай хамгаалалттай газар. Яах вэ  хэдэн зөвшөөрөл олгосон байсныг цуцалж байгаа” гэж мэдэмхийрнэ. Эндээс хэдэн гаргалгаа хийж болох юм. Хэрвээ тэд хэнд, хэзээ, хаана газар олгосноо мэдэхгүй байхад нь тусгай хамгаалалттай газар барилгууд босгоод байна гэдэг манайд газрын “мафи” бий болсон гэсэн үг. Тэд хэнээс ч хараат бусаар Монгол Улсын газрыг зарж, худалдаж, ухаж төнхдөг байж таарна. Эсвэл үнэхээр зөвшөөрлөө цуцалж байгаа юм бол иргэд тансаг амьдрахын тулд Зайсанг сонгоод дэмий. Учир нь дур мэдэн барьсан барилгуудыг нь зөвшөөрлөө цуцлаад нурааж ч мэднэ. Хан-Уул дүүргийн ЗДТГ-ынхан манайх төрийн хамгаалалттай бүсэд газрын зөвшөөрөл өгдөггүй гэх, Нийслэлийн газрын алба нь БОАЖЯ руу чихээд, тус яам “Нийслэлийн газрын алба зөвшөөрөл өгсөн” гэж хэдэн бие рүүгээ бухаж, бултаад өнгөрдөг нь нууц биш. Уг нь орд харшийг нь нэгэнт нурааж чадахгүй, дээрээс нь хүний өмч хөрөнгийг сүйтгэж олны хараал идэж байснаас газрынхаа зэрэглэлд таарсан төлбөрийг гаргаад нэхэж байсан нь арай илүү үр дүнтэй юм болов уу. Энэ мэтээр Зайсан хэмээх баячуудын шинэ суурьшилын бүс хэдийнэ бий болж. Хэрэв тэднийг хянаж цагдах ёстой төрийн байгууллага чадахгүй бол нэгэнт савдаг нэртэй болсон “Жигүүр гранд”-ын Д.Баттөр мэтийг номхруулдаг бөө хэрэгтэй бололтой.

Р.Саруултөгс

Эх сурвалж: "Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж