Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

Оюутолгой л буруутай

Иргэн бүрт өгөх 536 ширхэг хувьцааны ногдол ашгийг төр засгаас түрүүлээд бодоод гаргачихсан “Шинэ өөрчлөлт” холбооныхон үнэн мундаг. Тэдний үзэж бай­гаа­гаар бид энэ хувьцаа­наас их зүйл хүлээх хэрэггүй юм гэнэ ээ. Учир нь энэ хувьцаанаас Монгол Улсын нэг иргэн жилдээ 1500 орчим төгрөг авах боломжтой гэсэн. Ийм учраас ногдол ашиг муутай Тавантолгойн хувьцаанаас ард түмэн татгалзах ёстой юм байх. Энэ бол тэдний үг үзэл санаа шүү. Ингээд Тавантолгойн 536 ширхэг хувьцаанаас татгалзсаныхаа дараа иргэн бүр хувьцаа эзэмших эрхээ бариад Оюу­толгойн хувьцаанаас олж авах тэмцэлд хөл тавих шаард­лагатай гэнэ. Бас санадаг л санаа шүү. “Шинэ өөрчлөлт” холбооны нөхдийг үнэхээр сийрэг ухаантай, аргагүй л шинэ өөрчлөлт хийх хүмүүс байна гэж харлаа. Ерөөсөө ард түмэнд ямар нэг асуудал таалагдахгүй л бол Оюутолгой руу дайраад байвал яаж байна, нөхөд өө. Айл гэрт эхнэр, нөхөр хоёр маргалдвал Оюутолгойн уурхай буруу­тай. Жаахан хүүхэд хөл алдаад өвдгөө шалбалчихвал Оюутолгой компани буруутай юм биш үү. Тэр битгий хэл Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тө­сөл батлагдаад, хууль бол­чихгүй хэл ам дагуулаад байгаа нь хүртэл Оюутолгой компанийн л буруу юмдаг уу даа. Шатахууны үнийн өсөлт, өргөн хэрэглээний барааны хэт их хэлбэлзэл, инфляци гээд манай оронтой холбоотой муу юм болгонд Оюутолгой компани буруутай гэж ойлгож болох нь. “Шинэ өөрчлөлт” хол­бооны судлаачдаас бид ийм л ойлголтыг авч болохоор байна. Аягүй бол Дэлхийн эдийн засгийн нэн шинэ хямрал хүртэл Оюутолгой ком­паниас болж байж ч мэднэ шүү.

Гэхдээ Оюутолгой ком­пани энэ бүх асуудалд ямар утгаараа, яаж яваад хол­богдчихож байгааг мэдэхгүй юм. Гэхдээ л буруутай байж магадгүй. Тийм учраас “Ши­нэ өөрчлөлт” холбооны суд­­­лаачдын саналыг дэм­жиц­­гээе. Бид угаасаа л аль нэг асуудалд хэтэрхий туйл­ширдаг ард түмэн шүү дээ. Тиймээс эртнээс дагаж ир­сэн уламжлалаа энэ удаад ч алдахгүйгээр Оюутолгой руу дайрцгаая. Муу юм бол­­гоныг Оюутолгойтой хол­бож, сайн мэдээ болгоныг Оюу­толгойгоос салгацгаая. Мон­голд нэг бол Оюутолгой бу­руутай, аль эсвэл Оюутолгой л буруутай гэж үзэх нь бидний сэтгэлгээний өнгө төрх болж дээ.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж