Тиймээс Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Т.Гандуламтай энэ асуудлаар ярилцлаа.
-Лондоны Хөрөнгийн биржийнхэн танай төвийг Хөрөнгийн биржтэй нэгтгэх санал тавьсан юм байна. Гэсэн ч холбогдох байгууллагуудаас нь тэрхүү саналыг байж болохгүй асуудал гэж үзэж татгалзсан хариу өгчээ. Ямар учраас тэр вэ?
-Манай төв бол үнэт цаасны хадгаламж, төлбөр тооцоог хийдэг.Харин Хөрөнгийн бирж арилжаа эрхэлдэг хоёр тусдаа байгууллага. Нэг байшинд үйл ажиллагаа явуулж байгаа ч тус тусдаа статустай. Мэдээж хоёулаа төрийн өмчийн компани. Гэхдээ Хөрөнгийн бирж бол нээлттэй буюу хувьцаат, манайх үл хувьчлагдах буюу хязгаарлагдмал, хариуцлагатай, 100 хувь хаалттай компани юм. Монголын хөрөнгийн зах зээлд оролцогчдын үнэтэй мэдээлэл, аюулгүй байдлыг Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төв хариуцаж ажилладаг. Олон улсын жишгээр арилжаа эрхлэгч байгууллага буюу Хөрөнгийн бирж нь үнэт цаасны харилцагчдынхаа мэдээллийг авах ёсгүй. Үүнийг хуулиар зохицуулчихсан байдаг. Тэр ч үүднээсээ олон улсын стандартаар үнэт цаасны хадгаламжийн байгууллага, арилжааны байгууллага хоёр тусдаа статустай, удирдлагатай байдаг. Нөгөөтэйгүүр төлбөр тооцооны байгууллагыг хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэхээс өөр үйл ажиллагаа эрхлэхийг хуулиар хориглосон учир Хөрөнгийн биржтэй нэгдэх боломжгүй. Нөгөөтэйгүүр, Санхүүгийн хямрал болсон 1997-1999 онд манайд Азийн хөгжлийн банкны судлаачдын баг ирж, санхүү банкны системд судалгаа хийж, Хөрөнгийн биржид харилцагчдын мөнгөн хөрөнгийг хадгалах нь олон улсын стандартад нийцэхгүй гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс ч харилцагчдын мөнгөн хөрөнгө арилжааны дампуурсан банкуудад байрших үзэгдэл ажиглагдаж байсан. Ингэснээр Хөрөнгийн бирж харилцагчдын мөнгөн хөрөнгөд халдаж, эрх ашгийг нь хохироох нөхцөл бүрдсэн болохыг тогтоож, үнэт цаасны хадгаламжийн төвийг тусад нь байгуулах саналыг Засгийн газарт тавьж байсан. Тиймээс тухайн үед Хөрөнгийн биржийг байгуулахдаа Төлөөлөн удирдах зөвлөлийг нь Сангийн яамнаас томилдог, нээлттэй компани хэлбэрээр, Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төвийг хаалттай хэлбэрээр байгуулсан түүхтэй. Энэ нь олон улсын мэргэжлийн судлаачдын гаргаж байсан шийдвэр байсан.
-Хөрөнгийн бирж, үнэт цаасны хадгаламжийн байгууллага тусдаа байснаар ямар эрсдлээс сэргийлнэ гэж?
-Хөрөнгийн зах зээл бол итгэлцлийн зах зээл. Хөрөнгө оруулагчдыг үнэн зөв мэдээллээр хангаж, найдвартай зах зээлийг бий болгох ёстой. Тиймээс ч хөрөнгийн зах зээл маш их эрсдэлтэй. Энэ эрсдлийг сааруулахын тулд дээрх хоёр байгууллага эрсдлээ хуваадаг гэж болно. Тухайлбал, Хөрөнгийн бирж арилжаа явуулж байгаа үйл ажиллагаатайгаа холбоотой хариуцлагаа хүлээнэ. Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төв нь төлбөр тооцоо, харилцагчийн үнэт цаастай холбоотой мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хуулиар хамгаалж байдаг.
-Лондоны Хөрөнгийн биржийнхэн ийм өөр статустай байгууллагыг нэгтгэх санал тавьсанаас үүдээд Монгол хүн бүр хувьцаа эзэмших болсонтой холбож “Англичууд манай үнэт цаасны зах зээлийн мэдээллийг ил болгох нь” гэсэн хардлага гарсан?
-Системийн хувьд хөгжсөн, хөгжингүй орны удирдлага шинээр нэвтрүүлэх гэж байгаа системтэйгээ уялдуулж нэгтгэх санал тавьсаныг үгүйсгэхгүй. Тухайн үед манай хоёр байгууллагыг өөр системээр үйл ажиллагаа явуулж байгаа учир нэгтгэснээр үйл ажиллагаагаа шуурхай явуулах боломжтой гэсэн утгатай зүйл ярьсан байна билээ. Гэхдээ олон улсын жишигт ийм зүйл байдаггүй. Манай төвийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороо хянадаг. Төлбөр тооцооны үйл ажиллагаагаараа Монголбанкны дэргэдэх үндэсний төлбөр тооцооны зөвлөлийн гишүүн байгууллага гэж явдаг. Бид Монгол Улсын нийт хүн амын үнэт цаасны мэдээллийг хадгалж, хамгаалж байна. Тэгэхээр тэдний цаад зорилгыг нь мэдэхгүй юм.
"Улс төрийн тойм" сонин