“Сахиусан тэнгэр”-үүдийн эцэгтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

“Сахиусан тэнгэр”-үүдийн эцэгтэй уулзав

БНСУ-ын соёлын сангийн тэргүүн, хүүхдийн “Сахиусан тэнгэр” үндэсний дуу бүжгийн чуулгын удирдах зөвлөлийн дарга Пак Бо Хи тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байгаа. Тэд өнөөдөр Засгийн газрын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягтай уулзжээ. “Сахиусан тэнгэр”-үүдийн эцэг гэгддэг Пак Бо Хи  их ажлынхаа үеэр цаг гарган хүлээн авсанд Тэргүүн шадар сайдад талархал илэрхийлээд Монгол-БНСУ-ын харилцаа, тэр дундаа урлаг, соёлын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байгаад сэтгэл дүүрэн байдгаа онцолжээ. Ирэх арваннэгдүгээр сарын 6, 7-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт тоглолтоо хийх бяцхан “сахиусан тэнгэрүүд”-ийнхээ тоглолтыг үзэж, багачуудыг хүлээн авч уулзахыг энэ үеэр Тэргүүн шадар сайдаас хүссэн байна. “Сахиусан тэнгэр”-үүд 5000 гаруй жилийн түүхтэй Солонгосын түүх, ёс заншлыг үндэсний тоглолтоороо харуулдаг аж. Тэд дэлхийн томоохон улс гүрнүүдийн Ерөнхийлөгч нарын урилгаар очиж тоглодог заншилтай. АНУ-д зочилж  Цагаан ордонд долоон удаа, НҮБ-ын ассамблейд зургаан удаа мөн Москвагийн Кремльд тоглож байжээ. 

Өнгөрсөн жил Солонгосын дайн дууссаны 60 жилийн ойд зориулан 21 орны ахмад дайчдад уран бүтээлээ хүргэсэн байна.

Тэргүүн шадар сайд энх тайван, найрамдал, амар амгалангийн бэлгэдэл болсон бяцхан хүүхдүүдийн тоглолтыг биеэрээ үзэхээ амлажээ. “Тоглолтыг хараахан үзээгүй байгаа ч зургаас нь харахад олон зүйлийг ариусгадаг, амар амгалангийн элч болдог нь тодорхой байна. Цаашид хоёр улсын харилцаа хамтын ажиллагаанд ихээхэн үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна” гэдгээ Тэргүүн шадар сайд онцолжээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж