УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг бүлгийн хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Энэ үеэр түүнээс дараах асуултад хариулт авлаа.
-Ардчилсан намын бүлэг МАН-ын саналыг хэлэлцээд ямар шийдвэр гаргав?
-Ардын намын бүлгээс АН-ын бүлэгт тодорхой асуудлаар санал тавьсан. Гэхдээ “Сонгууль явуулах тогтолцооны тооны асуудлыг томоохон зарчмын чанартай асуудлыг шийдсэний дараа ярих ёстой” гэсэн Ардчилсан намын бүлгийн байр суурь хэвээр байгаа гэж ойлгож болно. Ардын намын бүлгээс нэг тойрог, нэг мандат гэсэн зарчмыг мажоритари хэлбэрийн тогтолцоон дээр оруулж ирье гэдэг санал тавьсан. Бид 2008 оноос өмнөх УИХ-ын сонгуулийг жижигсгэсэн 76 тойрог хэлбэрээр явуулж ирсэн шүү дээ. Харин 2008 оны сонгуулийг томсгосон мажоритари болгож 26 тойргоор явуулсан. Тиймээс Ардчилсан намын бүлэг нэгэнт хүрсэн энэ дэвшлээ алдаж болохгүй гэж үзлээ. Улсын хэмжээнд 26 тойрог байна. Тооны хувьд үүнээс илүү нэмж болохгүй. Харин 26 тойрог дээрээ олон мандаттай байж болох юм гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн. Олон мандатаа хүн амын тоо, нутаг дэвсгэрийн зарчмыг үндэслэж хуваарилах нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргалаа.
-Ардчилсан намын баримталж буй хамгийн гол байр суурь юу вэ?
-“Тойргийн тоог нэмэх тухай асуудал огт байхгүй” гэсэн үндсэн байр суурьтай байна. Тодруулбал, 26 тойрог дахиж жижгэрэхгүй. Харин тойрог дээр зарим нь нэг, зарим нь хоёр мандаттай байж болно. Манай намын бүлгийн энэхүү саналыг МАН-ын бүлэг дэмжсэн тохиолдолд эргэж хуралдаад тооны хувьд 48:28 гэсэн хувилбарыг дэмжих эсэхээ хэлэлцэж болно. Тооны асуудлыг хэлэлцэхээ хойшлуулсан гэж ойлгож болно.
Тэрбээр ийн ярив. Түүнчлэн Ардчилсан намын бүлгээс “Суудлыг хуваарилах үед холимог зарчмыг баримтлах” гэдэг саналыг МАН-ын бүлэг дэмжсэн тул “дэмжих ёстой” гэж үзжээ. Ардын намынхны дэвшүүлсэн “Нэрсийн жагсаалтаас нам дугуйлах” гэдэг саналыг ч хүлээн авсан аж. Ардчилсан намын бүлгийг Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зөвшилцөх ажлын хэсэгт төлөөлж байгаа гишүүд өнөөдөр Ардын намынханд энэхүү саналаа уламжлахаар болсон байна. Түүнчлэн Ч.Сайханбилэг дарга улс төрийн шийдвэр гаргах, зөвшилцөлд хүрэх шаардлагатай дээрхээс бусад асуудлыг намын бүлэг, ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж байгааг онцлохыг хүссэн. Тодруулбал, “Сонгуулийг шударга, булхай, луйваргүй явуулах, сонгуулийн үйл явц ямар нэг алдаагүй байх тал дээр ажлын хэсэг, байнгын хороод үргэлжлүүлэн ажиллана” гэлээ.
"Улс төрийн тойм" сонин