Амиа алдсан кондуктор хавагнасан байжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

Амиа алдсан кондуктор хавагнасан байжээ

“Автобус-1” компанийн Чингэлтэй-УБИС чиглэлийн 23-29 УБЧ дугаартай том оврын автобусны кондуктор өчигдөр өглөө ажлаа хийж яваад нас баржээ. Өглөөний 08.30 цагийн үед  Долоон буудлын автобусны буудал дээр ирэх үед кондуктор эмэгтэй ухаан алдан унасан аж. Автобусны жолооч зорчигчдоо буулган кондуктор эмэгтэйг  Хайлаастын 17 дугаар сургуулийн  ойролцоох амбулторид  хүргэж,  анхан шатны тусламж үзүүлэн яаралтай тусламж дууджээ. Түргэн тусламжийн эмч ирэхэд кондуктор эмэгтэй нас барсан байсан гэнэ. Улмаар цогцсыг  шүүх эмнэлгийн  задлан шинжилгээнд шилжүүлжээ. Зарим  эх сурвалжийн мэдээллээр талийгаач эмэгтэйн цусны даралт ихэсч, зүрх судасны ажиллагаа нь зогсч, амиа алдахад хүргэсэн бололтой.

Кондуктор нас барлаа гэх мэдээллийг 09.40 цагт компанийн удирдлагууд өгсөн байна.

Энэ талаар “Автобус-1” компанийн Хүний нөөцийн ажилтнаас зарим  зүйлийг тодрууллаа.


-Танай компанийн ажилтан ажлаа хийж яваад амиа алдлаа. Ажилдаа гарах үед эрүүл мэндийн байдал нь ямар байсан бэ?

-Ийм хэрэг гарсанд харамсч байна. Манай компанийн бүх ажилтнууд өнгөрсөн долоо хоногт эмчийн үзлэгт хамрагдсан. Компанийн эмч долоо хоногт 3-4 удаа жолооч, кондукторуудын цусны даралт, зүрх судасны ажиллагаа  хэвийн эсэхэд хяналт тавьж, үздэг. Талийгаач өглөө ажилдаа гарсныхаа дараа  “Толгой өвдөөд байна” гээд автобусанд авч явдаг эмийн сангаасаа анальгин авч уусан юм билээ. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарахаар нас баралтын шалтгаан нь тодорхой болох байх. Түүнээс өмнө бид янз бүрийн таамаг ярьж болохгүй шүү дээ.

-Талийгаач хэдэн настай хүн бэ. Гэр бүлтэй байсан уу?

-39 настай. Нэг хүүхэдтэй байсан. Хүүхэд нь оюутан.

-Танай компанид хэдэн жил ажиллаж байсан юм бэ?

-Таван жил ажилласан хүн. Сүүлд бага зэргийн хавантай байсан. Эмнэлэгт хэвтээч гэхэд “Ирэх сараас ээлжийн амралтаа авч байгаад сайн эмчилгээ хийлгэнэ” гэж байсан юм.

-Талийгаач амралт муутай ажилласан юм биш үү. Төрийн албан хаагчид 08.00 цагт цугладаг болсноос автобус компанийн ажилчдын амралт багасч, ажлын ачаалал нэмэгдсэн гэж ярьж байна?

-Тийм тал бий. Өглөө 5.30-д ажилдаа цугладаг байсан бол 4.30-05.00 цагт цугларах жишээтэй. Гэхдээ манай компанийн жолооч, кондукторууд өглөө, өдөр гэсэн хоёр ээлжээр ажилладаг  гэв.


Энэ хэрэгтэй холбогдуулан Тээврийн үйлдвэрчний хороон дарга С.Эрдэнэбатаас зарим  асуултад хариулт авлаа.

“Автобус-1” компанийн удирдлагад хатуу хариуцлага тооцуулна


-“Автобус-1” компанийн  ажилтан ажлаа хийж яваад нас барлаа. Үйлдвэрчний  хорооны зүгээс том оврын автобус компанийн ажилчдын эрх ашгийг хамгаалах тал дээр хэрхэн анхаардаг вэ?

-Автобус компанийн ажилчдын эрх ашиг зөрчигдсөөр байгаа. Сүүлд төрийн албан хаагчдын ажил 08.00 цагт цугладаг болсноор автобусны үйлчилгээ эрхлэгчдийн ажилдаа цуглах цаг урагшилсан. Нийслэлээс автобус компаниудыг  оройн 22.00-23.00 цаг хүртэл ажиллах шаардлага тавьж байгаа. Энэ нь автобус компанид ажиллагсдын ачааллыг маш ихээр нэмж байгаа гэж болно. Ер нь сүүлийн үед автобус компанийн ажилчдаас ажлын цагийг багасгах, амралтын хугацааг сунгах талаар маш их санал, гомдол ирж байгаа. Энэ асуудлаар Нийтийн тээврийн газарт санал хүргүүлсэн ч компаниуд дотооддоо асуудлаа шийд гэх хариу өгсөн. Гэтэл ихэнх компаниуд ээлжийн жолоочгүй, нэг хүнийг бүтэн өдөржин сунаж ажиллуулж байгаа нь үнэн.

-Автобусны жолооч  ажлаа хийж яваад цус харвасан, зам хөндлөн гарч байсан гурван хүнийг дайрч, амь насанд нь хүрсэн гэх хэрэг өмнө нь нэг бус удаа гарч байсан шүү дээ. Ер нь автобусны үйлчилгээ эрхлэгчид нэг автобусанд ажиллах хүний тоог журамдаа тусгасан байдаг уу?

-Нэг автобусанд ээлжийн жолооч, нөөцийн жолооч, өглөө, оройн ээлжийн хоёр кондуктор байх ёстой. Аль нэгнийх нь бие өвдөх, ажил гарах үед нөөцийн жолооч, кондуктор ажиллахаар зохицуулсан. Гэтэл энэ нь амьдрал дээр огт хэрэгждэггүй. Нэг нь байхгүй үед бүтэн өдөржин сунаж ажиллаад өглөө 04.30 цагт ажилдаа ирдэг жишээ зөндөө бий. Төрийн албан хаагчид 08.00 цагт цугладаг болсон нь сайшаалтай ч үүнд үйлчлэх ажилчдын асуудлыг орхигдуулж, хэт их ачааллаар дарж байна.

-“Автобус-1” компанийнханд хариуцлага тооцох уу?

-Одоогоор нас баралтын шалтгаан тодорхойгүй байна. Тухайн компани журмаа зөрчөөд кондуктрыг ээлжгүй  ажиллуулсан байвал хатуу хариуцлага тооцуулна.  Шүүхэд хандахад ч бэлэн байна гэв.

Автобус компаниудын ажилчдын соёлыг дээшлүүлэх талаар Хотын даргаас эхлээд ам хуурайгүй ярьж байна. Автобусны үйлчилгээ эрхлэгч компанийн захирлууд алдагдалтай  ажиллаж байгаагаа гайхсаар тасалбарынхаа үнийг 400  болгож, төрөөс авах татаасаа ч нэмүүлээд авсан. Харин тэд ажилчдынхаа амралтын цагийг зөв зохицуулах, тэдний  эрүүл мэндэд анхаарал хандуулах асуудлыг дэндүү орхигдуулж буй бололтой.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж