Дарангуйлагчдын парадокс

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

Дарангуйлагчдын парадокс

Дарангуйлагчдын парадокс

Монголын хамгийн том дарангуйлагч нь Чингис хаан гэж түүхчид ярьдаг. Гэхдээ түүнийг орчин цагийн дарангуйлагчдаас ангид байлгаж, их удирдагч, эзэн хаан чигээр нь хүндэтгэлтэйгээр үлдээх нь зүй­тэй болов уу. Хятад, Хойд Солонгос зэрэг Азийн ком­мунист дарангуйлагчид үр удмаа залгамжлагчаараа тодруулдаг. Гэтэл ОХУ, Монголд хамгийн ойрын хүрээллийн журмын нөхдөө өөрийн залгамжлагчаар зар­лан тунхагладагаараа онц­логтой. Мөн даран­гуйлагчдын эх­нэр нь эр нөхрийнхөө ажилд, улмаар төрийн ажилд  голлон оролцдог онцлогтой. Үүнийг тухайн үеийн улс­төрчид нь улс төрд хэрхэн гарч ирсэн замналаас харж болдог.

Монгол орны хувьд 1921 оноос хойших хамгийн том дарангуйлагч нь Ю.Цэдэнбал агсан байв. Түүний тойрон хүрээлэгчид хожим нь яг энэ алдар нэрээрээ ял сонсоход хүрч байсныг түүхэнд то­дорхой өгүүлдэг. Тухайн үед шүтээн болсон Бал даргаа дуурайн орос эхнэр авч байсан тэдний олонх нь хүний нутагт амиа алдсан. Цөөн хэд нь эдүгээ ОХУ-д амьдарч байна.

Ю.Цэдэнбал агсныг дарангуйлагч байх үндэслэлийг XX зууны цуу­тай дарангуйлагч И.Сталины нө­лөөлөлтэй холбон тайлбарладаг.

Үүний дараах үе нь Н.Энхбаярын үе. Хорьдугаар зууны хоёрдугаар хагасаас эхлэн албан тушаалд ахиж дэвшсээр 1996 оноос 2009 оны намар хүртэл түүний дарангуйлал үргэлжилсэн. Өмнөх үеийн дарангуйлагчаас ялгаатай нь өндөр боловсрол, гадаад хэлний өргөн мэдлэг, гадаад дахь нэр хүндээрээ өөрийн эрхгүй ялгардаг Н.Энхбаярын дарангуйлал түүнийг улаан коммунист гэж харагдуулахаасаа илүү том улстөрч гэдэг талаас нь тодотгосон. Нөгөөтэйгүүр Азийн анхны ардчилсан орны Төрийн тэргүүний илэн далангүй, өргөн хүрээний мэдлэг, мэдээлэлтэй байдал нь орчин цагийн монгол дарангуйлагчийн өвөрмөц имижийг бүрдүүлсэн байдаг. Нэгэн жишээ дурьдахад тэрбээр Ерөнхийлөгч байхдаа Оросын томоохон улстөрчдийн нэг, эдийн засагч Егор Гайдартай хийсэн уулзалтын үеэр өрнүүлсэн шулуун шударга яриа нь айлчлалын протоколд тэмдэглэгдэн үлджээ. Тухайлбал, Егор Гайдар “Монголд байдал ямар байна вэ” гэж асуухад Н.Энхбаяр “Болохоосоо болж бүтэхгүй нь их байна. Яагаад гэвэл дарга нар бидэнд бүх юм болж байгаа мэтээр бодогдож байхад ард түмэн болохгүй байна гэж шүүмжилж байна. Товчхондоо дарга нар бид жаргаж, ард түмэн зовж байна даа” хэмээн хариулжээ. Тэгэхэд Егор Гайдар “Хэзээ, хаана, ямар улсын Ерөнхийлөгч ингэж хэлж байсныг би үнэхээр мэдэхгүй, санахгүй байна” гэж ихэд гайхсанаа нуугаагүй гэдэг. Сонирхолтой нь түүнийг ингэж хариулж байхад одоогийн Ерөнхий сайд С.Батболд Гадаад хэргийн сайдын хувиар яг дэргэдээс нь чагнаж зогссон аж. Харин одоо Ерөнхий сайд С.Батболд гадны зочдодоо ингэж хэлж чадах болов уу.

Дарангуйлагчдын дотнын нөхөд яагаад ч юм бэ, томоохон хэрэгт холбогдож шалгуулж, ял эдэлдгийн жишээг тэгтлээ эрж хайхгүйгээр олж болдог. Ю.Цэдэнбалын тойрон хүрээлэгчдийн жишээг дээр хэлсэн. Харин Н.Энхбаярын анд нөхдийн хувьд эхний жишээ нь Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатар. Мөн эдүгээ Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн О.Чулуунбат гээд олон хүнийг нэрлэж болно. Хамгийн сүүлийнх нь жишээ л гэхэд “Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч До.Чу­луунбаатар. Магадгүй, МАХН-ын дарга Н.Энхбаярт энэ нэрс тэр­тээ холын, хаа хамаагүй мэт са­наг­даж ч болох юм. Гэвч тэднийг хоёр­гүй сэтгэлээр дарангуйлагч Н.Энх­баярт зүтгэж байсныг нь нот­лох хүн төвөггүй олдох биз ээ.  Орост ч гэсэн В.Путин өөртэй нь дот­нын холбоотой байсан Украины экс Ерөнхий сайд Ю.Тимошенког саяхан саяхан шүүхээс ял сонсож, шоронд ороход нь хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа нь хаа газрын дарангуйлагчдын хатуу сэтгэл хийгээд тэднийг аялдан дагалдагчдын хохь болдгийг харуулж байна.

Хачирхалтай нь 2009 онд Ерөн­хийлөгчийн сонгуульд Н.Энх­баяр­тай өрсөлдөхдөө “Авлигачдыг цээр­лүүлнэ” гэсэн уриа бүхий улаан цусан зурагт хуудас үзүүлэн кам­панит ажилдаа сүр хүч нэмж бай­сан М.Энхсайхан эдүгээ “даран­гуйлагчийн дагалдах” болчихоод байгааг ард түмэн харж байна. Н.Энхбаяр тухайн үед төрийн тэргүүнээр залрахдаа намын даргын суудлыг С.Баярт шилжүүлсэн. Энэ нь ОХУ-ын Төрийн тэргүүн Б.Ельцин В.Путиныг залгамжлагчаараа зарласантай яг адилхан загвар арга байв. Хэдийгээр Б.Ельцин агсны энэ алхмыг задрал бутралын хүнд цаг үед зөв алхам  болсон. Энэ том гүрнийг тийм шийдэлгүйгээр өөрсдөө шийд гээд орхих нь аюултай байсан зэрэг шалтаг, шалтгаанаар тайлбарлаж болох ч Н.Энхбаярын хувьд хожим өөрт нь хэрэг болно гэж итгэсэндээ хуучин байр сууриа “түр” хадгалуулсан мэтээр харагдаж байв. Дашрамд дурьдахад Н.Энхбаярыг ялагдсаны дараахан В.Путин Д.Медведевт халаагаа өгсөн. Тухайн үед Д.Медведевийг “В.Путины утсан хүүхэлдэй” хэмээн хэвлэлүүд шоглож байсан ч өнгөрсөн оноос тэд бие биеэ шүүмжилж буй дүр эсгэсэн жүжгүүдийг удаа дараа тавих болсон юм. Харин удахгүй болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар Д.Медведев В.Путиныг дахин гаргаж ирлээ. Уг нь Н.Энхбаярын тооцоолсноор яг ийм үзүүлбэр  Монголын улс төрийн тайзан дээр Н.Энхбаяр, С.Баяр нарын хооронд өрнөх ёстой байж л дээ.
Харамсалтай нь С.Баяр тэгж бодоогүй. Өөрөөр хэлбэл түүний сэтгэлд “Н.Энхбаяр Ерөнхийлөгч болно гэдэг нь эргээд ирэхэд орон зай нь үгүй болно” гэсэн таамаглал байсан байж мэднэ. Тэгээгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулиар гал, усыг ч сөрөөд ялуулах боломж С.Баярт байсан. Гэхдээ сонгууль бол сонгууль. Ялагдчихаад засуултайгаа дайтсан нь Н.Энхбаярыг улам муухай харагдуулсан. Тиймээс ч намынхаа Бага хурлын үеэр тэр хэдийнэ ганцаардаад эхэлчихсэн байв. Нэгэнт ганцаардсан тэрбээр өөрийнхөө ижлийг хайж эхэлсэн. Тэр нь М.Энхсайхан байлаа. Намдаа өширхөж хорссон, эрх мэдэлд дулдуйдан өөрсдийг нь тойрон хүрээлэгчид дайжиж одсонд гомдсоноороо ижилсэн тэр хоёр нэгдсэн. Тиймээс ч Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр нэгдсэн нь муухай харагдаж байна хэмээн зарим улстөрч бахардаж унаталаа орилоод байгаа юм.

Н.Энхбаярын залгамж халаа С.Баяр өөрийн байгуулсан хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанаас өрмийг нь хамж өөрийн болгочихоод үлдсэнийг нь С.Батболдод хариуцуулаад, далан дээр нь алгадчихаад алга болж өгөв. С.Баярын хувьд гүйцэтгэх засаглалын тэргүүн байхдаа ч тэгтлээ дарангуйлаад байсангүй. Тэгэх цаг хугацаа ч байгаагүй. Эхнэрээрээ дамжуулж  улс төр хийдэг тэр шин­жийг бүрдүүлэх эхнэр ч түүнд алга. Тойрон хүрээлүүлээд, хов жив сонсоод сууж байхаар тэнэг бөгөөд халуун дулаан фигур биш. Нөгөөтэйгүүр тэгж харагдах аюултай гэдгийг сайн мэдэх сийрэг толгой. Тэр өөрийнхөө хүчээр гавьяа байгуулах дуртай. Тиймээс ч хожмын өдөр өөрийн дарангуйллыг бий болгохыг нь үгүйсгэх аргагүй. Харин Ерөнхий сайд С.Батболдын хувьд дарангуйлагчийн зарим шинж хэдийнэ бүрдчихээд байгаа. Түүний  хэн ч, ямар ч хатуу, хорон үгээр дайрсан инээж хүлээж авдаг болоод байгаа хана хэрэм шиг дүр төрх, бизнесийн бүлэглэлүүдийн зөрчлийг нэгтгэн зангидаж чаддаг. Фракцуудын нэгдлийг зохицуулах, өдөр тутмын аар саар асуудалд өөрөө оролцдоггүй, генсекээ илгээдэг зэрэг нь онцгой. Харин түүнийн залгамжлагч хэн байх бол. У.Хүрэлсүх үү. Эсвэл сонгуульд ялагдахаас өөрөөр гарч ирэхийг нь хүлээн зөвшөөрөхгүй болов уу.

Товчхондоо Монголын даран­гуйлагчдын түүх үргэлжилж байна. Гэхдээ дэлхий дахинд төдийлөн цуутай биш, даруухнаар түүхээ зузаатгаж байгаа. Магадгүй энэ нь ч дээр биз. Ямартай ч Монголын дарангуйлагчид Хойд Солонгосын Ким Чен Ир шиг үндэстнээ дэлхийд ганцаардуулж ард түмнээ өлсгөөгүй. Зимбабвегийн Мугабе шиг буруу бодлогоор улсаа ядууруулж, хүний эрхийг зөрчөөгүй. Исламын Али Хоменей шиг цөмийн хөтөлбөрийн адал балмад бодлогоороо адгийн новш гэж зүхүүлээгүй нь тэдний гавьяа юм биш үү. Бас Италийн Берлускони шиг хүүхэмсэг зангаараа дэлхийн шившиг болж, Ху Жинтао шиг хэвлэлийн эсрэг бодлого явуулаагүй байгаад нь үе үеийн дарангуйлагч нартаа баяр хүргэвэл яасан юм бэ. Гэхдээ Ливийн М.Кадаффигийн төмөр нударга, Венесуэлийг Уго Чавесийн эдийн засгийг төрийн эрх мэдэлд төвлөрүүлэх дарангуйлал бол манай улсад ойрхон ирчихээд байгаа нь мэдрэгдсээр байгааг эцэст нь сануулахад илүүдэхгүй биз ээ.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж