Нэг эрхийн төлөө олон монгол ”зодолдоно”

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

Нэг эрхийн төлөө олон монгол ”зодолдоно”

Сонгуулийн тухай хуульд эцсийн тохироо хийхийг улс­төрчдөөс цаг хугацаа шаар­даж байна. Ирэх сард баг­тааж Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй бол бүх зүйл өнөөдрийн цаг ху­гацаагаар зогсоно гэсэн үг. Магадгүй үүнийг Ардын на­мынхан хамгийн их хүсэж байж ч болох. Мажоритари тогтолцоог балиашиглаж бай­гааг нь харахад иймэрхүү со­нирхол бага, багаар ч бо­лов цухалзах нь бий. Ардчилсан намын хувьд бол Ардын намыг нэрээ сольсонд баяр­лаад пропорциональ тог­­толцоонд хамаг итгэлээ тавь­­сан нь ойлгомжтой. Гэ­­сэн ч тэд өнгөрсөн 2008 оны долдугаар сарын 1-тэй эргэн учрахгүйн тулд Сон­гуулийн тухай хуулийг өөрчилсөн болж дүр эсгэх хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа. Үүний төлөө ч хамтдаа ярилцахдаа ярилцаж, улстөржихдөө улстөржсөөр бү­тэн нэг жилийг үдсэн. Тэг­вэл хамгийн сүүлд Ардын намаас гаргаад буй 48:28 гэсэн хувилбар хэр хол явах бол. Монголын улстөржих дуртай улстөрчдийн сэтгэл санаанд бүрэн утгаараа нийцэж чадах болов уу. Цаашлаад бүгдээрээ УИХ-д нэр дэвших сонирхолтой Ардчилсан на­мын Үндэсний зөвлөлдөх хо­роо хийгээд Ардын намын Бага хурлын гишүүдийн ашиг сонирхлыг хэрхэн зохи­цуулах вэ. Өнөөдрийг хүртэл 2-4 ман­датын төлөө 20, 30-уулаа өрсөлдөж ирсэн тэд нэг мандатад нэр дэвших эрх авахын төлөө 40, 50-иулаа өрсөлдөхөд бэ­лэн байгаа гэж үү… Энэ мэт сонирхолтой асуулт Ардын намын ажил хэрэгч саналыг хойш нь чангааж мэдэх л юм.

Ямартай ч бараг л нэр дэвших хүсэл сонирхолтой гишүүд нь ил тод болчихоод байгаа ганц нэг аймгаар жишээ татая. Эхний удаад Хөвс­гөл аймгийн нэр дэвших хүсэлт­нүүдийг тоолоод үз. Га­рын арван хуруунаас хэтрээд гар­чихсан тэдний дунд газар нутаг ихтэй, хүн ам олонтой гэд­гийг нь бодож мажоритари тог­толцооны баталгаа болох 48 мандатын эрхээс хоёрыг нь өглөө гэж бодьё.

Гэтэл тэрхүү хоёр мандатын төлөө зөвхөн Ардын намаас гэхэд ойролцоогоор 10 орчим хүн өөр хоорондоо өрсөлдөх нигууртай байгаа. Ерөнхий сайд асан С.Баяр, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин болон Ц.Даваасүрэн, Иргэний бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар, “Монголын цахилгаан холбоо” компанийн захирал О.Батчулуун, “TV5” телевизийг үүсгэн байгуулагч Д.Сарангэрэл, Монголын сонины холбооны ерөнхийлөгч Р.Хадбаатар гээд цааш үргэлжилнэ. Тэд ихээр бодоход нэр дэвших хоёр эрхийн төлөө өөр зуураа өрсөлдөж байж УИХ-д нэр дэвших эрх авна. Цаашлаад УИХ-д нэр дэвших эрх авлаа гэхэд бусад намын нэр дэвшигчидтэй мөн л “тулалдана”. Нөгөө хэд нь мэдээж өмнө нь дөрвөн мандатын төлөө өрсөлддөг байсан бол энэ удаад сонгогдох эрхийг нь хоёр мандатаар хязгаарлаж байгаа тул өрсөлдөөн улам ч ширүүсэх нь гарцаагүй.

Тэгвэл нэг мандаттай аймгийн тухайд бүр ч хэцүү. Тухайлбал, Баянхонгор аймаг байна. Бэлтэй, бэнчинтэй бүхний уралдаан болох нь илэрхий болоод байгаа тус аймгаас ганц л УИХ-ын гишүүн гарах боломжтой. Тэр эрхийн төлөө Ардчилсан намд гэхэд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгын эсрэг өрсөлдөх нөлөө бүхий хүч тодроод байгаа нь Батлан хамгаалахын сайд Лу.Болд. Харин УИХ-д Баянхонгор аймгаас сонгогдсон Б.Батбаяр гишүүний тухайд Баянхонгорт өөрөө нэр дэвшихгүй ч том хүүгээ хаа нэг тойрогт Ардчилсан намаас нэр дэвшүүлэх нүх малтсаар удаж буй. Хувь хүнийх нь сонирхол талаас харвал УИХ-ын нэг мандатын төлөө нам дотроо, УИХ-ын гишүүний эрх мэдлийн төлөө улс даяар ч “зодолдох” сонирхол түүнд бий гэсэн үг. Мэдээж өөрөө биш хүү нь гэдгийг дээр дурьдсан байгаа. Энэ мэтээр Ардын намынхан өөрсдийн хүсэл ёсоор УИХ-ын 76 гишүүний суудлын 48-ыг нь мажоритари тогтолцоонд найдаж үлдээвэл улс даяарх сонгуулийн “зодоон”-оос илүү нам доторх халуухан тулааныг хэрхэхийг таашгүй.

Мөн Улаанбаатар хотын тухайд ч асуудал хэцүүднэ. Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд захаасаа “Нийслэлийн квотыг бууруулах нь гэм нүгэл” гэх маягийн ухуулгыг хийгээд эхэлчихсэн байгаа. Энэ нь тойргийн тоог багасгах тусам улстөрчдийн бие, биеэ “намнах”, өөрийгөө дөвийлгөж магтах ажил эрчимжихийн баталгаа. Наад зах нь улстөржих дуртай цөөнгүй гишүүдийн хувьд эсрэг, тэсрэг байр сууриараа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “од” болж шударга үнэнч оддын дүрд тоглохыг хүсэх нь ойлгомжтой. Тиймээс ч 2012 оны зургаадугаар сарыг хүртэл Монголын улс төр бүхэлдээ нэг суудлын төлөөх нэжгээд монголчуудын зодоон маягаар үргэлжлэх нь гарцаагүй. Гэхдээ Ардын намын одоогийн санал хүчин төгөлдөр болж чадвал шүү дээ.

Дараагийн нэг будилааны хөрөнгө гэвэл үлдсэн 28 суудлын төлөөх зөрчил. Энэ УИХ-ын гишүүний 28 суудалд суух эрхийг намын нэрээр авахын тулд тэд мөн л өөр хоорондоо тулалдах ёстой. Гэхдээ зөвхөн УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчдээс дээрх 28 гишүүний суудлыг бүрдүүлнэ гэж тооцвол энэ нь харьцангуй шударга үзүүлэлт болно. Гэвч аль, аль намынх нь улстөрчдөд пропорциональ тогтолцооны хэв маяг бүхий 28 суудалд шударга хандах итгэл хараахан зуун хувь биш байгаад шалтгаан нь оршиж буй. Намын даргын баруун, зүүн гарын нөхдөөс эхлээд баян чинээлгээрээ Монголдоо тэргүүлэгчид л энэхүү 28-ын төлөөх тулаанд ялалт байгуулах магадлалтай. Энэ бол Монголын улс төр.

Эрх баригч хоёр намын эцсийн тохироо холимог тогтолцоогоо ба­лиашиглах тэрхүү хэв маягт хад­галагдаж үлдвэл эргээд нам доторх зөрчил улам ч ширүүсэхийг үгүйсгэх аргагүй юм. Цаашлаад гомдогсдын арми улам бүр өргөжихийн хэрээр уучлал эрсэн албан тушаалын то­милгоо ч хэрээс хэтрэх нь дамжиггүй. Нэг ёсны “Уучлаарай, гишүүн бол­гож чадаагүй ч дарга болгоё” гэх маягаар албан тушаал наймаалцах аян үргэлжлэх цаг ойрхон ирчихээд байна. Нэг мандатын төлөө нэжгээд монгол “зодолдоно” оо гэж.

Г.Отгонжаргал

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж