УИХ-ын гишүүн Я.Батсуурийг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.
-Сонгуулийн луйврыг зогсоох, мөнгөний сонгуулийг болиулах, шударга явуулах талаар Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийнхэн үр дүнтэй ажиллаж байгаа. Хоёр намын бүлэг одоо сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлаар тохиролцож чадаагүй байна. Манай намын бүлгээс 50:26 хувилбарыг санал болгоход Ардын намаас 52:24 гэсэн саналыг тавьсан. Тэгээд манайх 38:38 болгон буулт хийхэд нөгөө намын бүлгээс 48:28 гэж буулт хийснийг та бүхэн мэдэж байгаа байх.
Бидний хувьд 48:28 хувилбарыг хүлээж авч болно. Гэхдээ тойргийн тоог 48 болгож жижиглэж болохгүй. Хуучин 26 тойрог хэвээрээ байя. Харин хүн амынхаа тоотой харьцуулаад мандатын тоог шинэчилье гэж байгаа. Тухайлбал, хүн ам олонтой Улаанбаатарын тойрогт арай олон мандаттай байх жишээтэй. Хүн ам цөөн аймгуудад мандатын тоо нь цөөн байдаг ч юм уу. Иймэрхүү зарчимтай байх хэрэгтэй гэдэг дээр манай намын бүлэг тохиролцлоо. Үүнийг ажлын хэсэг дээр ярилцах байх.
-Тэгэхээр 48:28 хувилбараар бол аль аймаг нэг мандаттай явна гэсэн үг вэ?
-Хүн ам нь 55 мянга хүрэхгүй Дундговь, Сүхбаатар, Булган, Говь-Алтай гэсэн дөрвөн аймаг нэг мандаттай байна. Бусад нь хоёр мандаттай байя гэж байгаа. Тэгэхээр одоо тойргийн мандатыг хэрхэн хуваарилах вэ гэдгийг дахин ярилцах хэрэгтэй гэж манай намын зүгээс үзэж байна.
-Нийслэлийн гишүүдийг “багасгаж болохгүй” гэж шүүмжлэх хүмүүс бий. Үүнийг Ардчилсан намынхан дэмжиж ийм шийдвэр гаргав уу?
-Ер нь бол тийм. Хүн ам олонтой нийслэлд илүү мандат олгох хэрэгтэй гэсэн байр суурь дээр байна. Үүнээс гадна Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санхүүжилтийн асуудлыг тодорхой оруулах ёстой юм. Бусад оронд сонгуулийн санхүүжилтийн талаар тусдаа хуультай байдаг. Энэ бол сонгуулийн үеэр хамгийн их маргаан дэгдээдэг асуудал юм. Тийм ч учраас нээлттэй, ил тод, шударга байх ёстой. Үүнийг манайд хуулиар нарийвчлан тогтоож өгөөгүй болохоор мөнгөний сонгууль явагдаад байгаа юм. Аль болох мөнгөтэй хүмүүс сонгогдож, мөнгөгүй мөртлөө мэргэжил, боловсролтой хүмүүс нь сонгогдож чадахгүй ийм л байдал бий болчихоод байна. Мөн сонгогчдын дунд “тойрогтоо их зүйл хийсэн нэр дэвшигчид л санал өгнө” гэсэн сэтгэхүй давамгайлдаг. Үүнээс болж улс төрд бизнесмэнүүд түлхүү орох боллоо. Иймээс сонгуулийн санхүүжилтийн талаар дахиж ярилцах шаардлагатай гэж бодож байна.
-Тэгвэл таныхаар сонгуулийн санхүүжилтийг хэрхэн зохицуулна гэсэн үг вэ?
-Сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс зөвхөн дэмжигчдийнхээ хандиваар сонгуулийнхаа сурталчилгааг санхүүжүүлдэг жишээ зарим оронд байдаг. Тухайн нэр дэвшигч үнэхээр нэр хүндтэй бол тэр хэмжээгээр санхүүжилтээ босгож чадах юм. Иймээс өөрийнхөө мөнгөөр сурталчилгаа хийдгийг хуулиар хориглож өгөх хэрэгтэй. Ингэж явбал хэн их мөнгөтэй нь илүү сурталчилж ялах магадлал багасна гэсэн үг. Үүнийг л хуулиар зохицуулж өгөхгүй бол мөнгөний сонгуультай тэмцэж чадахгүй.
-Нөгөө талаас нь үзэхэд дэмжигч нэрийн дор бизнесмэнүүд хэн нэгэнд мөнгө хаяж УИХ-ын гишүүн болгож ч болох юм биш үү?
-Одоогийн мөрдөж байгаа хуульд ч бий шүү дээ. Аж ахуйн нэгж, хуулийн этгээдээс гурван саяас их, хувь хүнээс нэг сая төгрөгөөс их хандив авч болохгүй гээд заачихсан. Тиймээс энэ заалтын хүрээнд л хандив цуглуулах ёстой юм. Үүнээс илүү хандив авбал тухайн улстөрчийн хувьд бизнесмэн эсвэл хэн нэгний нөлөөнд автах магадлалтай.
-Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энэ талаар тусгаж өгсөн үү?
-Миний сая хэлсэн заалт л байгаа. Үүн дээр нэмээд нэр дэвшигч хувиасаа мөнгө гаргаж болохгүй. Харин хандиваараа сонгуулийн сурталчилгаагаа санхүүжүүлэх хэрэгтэй гэдгийг оруулж өгвөл зүгээр юм шиг санагдаад байгаа юм.
-Таны энэ байр суурьтай санал нийлж буй гишүүд бий юү?
-Энэ талаар хэлэлцүүлэг дээр тодорхой ярилцсан зүйл алга. Байнгын хороо хуралдах үеэр би уг саналыг хэлэлцүүлэх болно.
-Зөвхөн нэр дэвшигч бус нам сонгуулийн санхүүжилтээ босгох гэж мөнгө авдаг. Ардчилсан нам гэхэд 50 сая төгрөгийн татвар авч буй. Үүнийг зөв гэж боддог уу?
-Эргэж харах ёстой л асуудал болов уу. Хуулиар хориглоогүй учир нам татвар авч байгаа. Тийм учраас намуудын санхүүжилтийг бас тодорхой болгож өгөх хэрэгтэй.
-Хэрэв үүнийг зохицуулахгүй бол бас л мөнгөний сонгууль болно. Яагаад гэвэл нэр дэвшигчдэд мөнгөний босго тавьж байгаа болохоор?
-Ийм магадлал бий. Тиймээс л Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тодорхой нарийвчлалтай зааж өгөх ёстой юм.
-УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах тухай шаардлага хүргүүлэхээр зарим гишүүнээс гарын үсгийг цуглуулж байгаа. Танд чухам ийм бичиг ирэв үү?
-Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг ч анх байгуулахад нь дэмжиж байлаа. Өнгөрсөн 20 жил манай улс хэт улстөржилт, намчирхах, намын харьяаллаар талцах байдал хэрээс хэтэрлээ. Энэ нь нийгмийг талцуулах болсон. Харин сүүлийн жилүүдэд энэ байдал харьцангуй өөрчлөгдсөн. Ийн өөрчлөхөд хамтарсан Засгийн газар хувь нэмрээ оруулсан юм болов уу гэж боддог. Миний бодлоор хамтарсны үр дүнд Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон ордыг ашиглалтад оруулж, шинэ бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж эхэллээ. Гэхдээ хамтарсан гээд бие биедээ харилцан шаардлага тавьж чаддаггүй байдал ажиглагддаг. Нэг ёсондоо хамтарсан нэрийн дор алдаа дутагдалтайгаа эвлэрч болохгүй.
-УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байна гэдэгтэй та санал нийлж байгаа юу?
-Оюутолгойн гэрээг төгс сайн болсон гэж хэлж чадахгүй. Уг гэрээг анх байгуулж байхад нь би дэмжиж байсан. Дэмжих болсон шалтгаан нь гуравдагч хөршийн эдийн засгийн хөрөнгө оруулалтыг оруулах нь манай улсад туйлын чухал юм. Монгол Улс гуравдагч хөрштэй болох гэж 1911 оноос хойш бодлого, зорилт тавиад хэрэгжүүлж чадаагүй. Томоохон ордыг ашиглалтад оруулах үүднээс гадны хөрөнгө оруулалт орж ирсэн учир Оюутолгойн гэрээг дэмжсэн юм. Энэхүү орд үр өгөөжөө өгч эхэлсний дараа гэрээг засах талаар ярих ёстой. Түүнээс биш их хэмжээний хөрөнгө оруулалт оруулж, үйл ажиллагаа явуулж байхад нь яаран сандран гэрээг өөрчлөх нь цаг үеэ олоогүй зүйл гэж бодож байна.
-УИХ-ын зарим гишүүний тавьж байгаа Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах, Засгийн газрыг огцруулах шаардлага зэрэг нь цаг хугацааны хувьд одоо ярихад тохиромжгүй гэж ойлгож болох уу?
-Оюутолгойд их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирсэн нь манай улсын нэр хүндийг өсгөсөн. Мөн Монгол гадны хөрөнгө оруулалт оруулах эрх зүйн орчин нь таатай, улс төрийн тогтвортой байдалтай орон юм байна гэдгийг дэлхийн улс оронд таниулсан. Үүнийгээ л хадгалмаар байгаа юм. Улс төрийн байдлаа тогтвортой байлгах үүднээс Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзэж байна.
-Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах 39 дүгээр тогтоолын төсөлд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан. Чухам ямар өөрчлөлт оруулж байгаа юм бэ?
-УИХ-аар өнгөрсөн онд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах 39 дүгээр тогтоолын төслийг батласан. Энэхүү тогтоолын дагуу Тавантолгойн ордын 10 хувийг Монголын ард түмэнд үнэ төлбөргүй хувьцаа хэлбэрээр эзэмшүүлье. Мөн 10 хувийг нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь арилжаална гэж заасан. Тавантолгойн 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд арилжаалах нь нэлээд асуудалтай байгаа. Үндэсний аж ахуйн нэгж гэж ямар байгууллагыг хэлэх ёстой юм гэсэн хууль эрх зүйн тодорхойлолт байхгүй. Аж ахуйн нэгжүүдээ бүртгээд эхэлсэн чинь 30 мянган байснаа сүүлдээ 53 мянга, 70 мянга болж нэмэгдээд байна. Ингэж аж ахуйн нэгжүүдийн тоо автоматаар нэмэгдэх болсон нь ченжийн үйл ажиллагаа явагдах болсонтой холбоотой. Бүртгүүлсэн 53 мянган аж ахуйн нэгжийг судлаад үзэхээр тал нь үйл ажиллагаа бараг явуулдаггүй байдаг. Харин үлдсэн аж ахуйн нэгж нь 2700 хүний мэдэлд байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг хүн дунджаар 3-4 аж ахуйн нэгжтэй болж таарч байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн зарим нь өндөр татвар төлдөг, зарим нь бараг төлдөггүй. Энэ бүгдийг нэг түвшинд байлган хувьцаа олгоно гэдэг дэндүү шударга бус хувьчлал болно. Хамгийн шударга хувьчлал бол иргэддээ өгөх явдал.
-Өмч хувьчлалын асуудлаар нэлээд маргаан дэгдэх болсон. Учир нь үүний цаана улсын томоохон үйлдвэрийг хувьчилж авах санаархал, ашиг сонирхолтой хүмүүс байгаа. Ийм байдлыг яаж өөрчлөх ёстой юм бол?
-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр өмч хувьчлалын талаар хэлэлцсэн. Энэ үеэр би өмч хувьчлалын одоогийн аргыг зогсооё гэдэг санал дэвшүүлсэн. Хувьчлалын тухай хөтөлбөрийн үндсэн чиглэлийг батлахдаа Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг шинэчлэгдэнэ гэж бодож байгаагүй. Тиймээс одоо үлдсэн аж ахуйн нэгжүүдээ нээлттэй уралдаант шалгаруулалтаар хувьчлах тухай тогтоолд заасан. Хувьчлах болсон шалтгаан нь төрийн мэдлийн томоохон аж ахуйн нэгжүүд ялсан намын саалийн үнээ болоод байгаад бий. Ерөнхий сайдын дэвшүүлсэн саналаар Лондоны Хөрөнгийн биржийн багийг Монголын Хөрөнгийн бирж дээр ажиллуулж байгаа. Тиймээс үйл ажиллагаа нь жигдрэхээр хувьчлах компанийнхаа хувьцааг Хөрөнгийн бирж дээр арилжаалах хэрэгтэй. Хөрөнгийн биржээр дамжуулан хүссэн хүн бүр өмч хувьчлалд оролцож болно. Ингэвэл илүү шударга болох юм.
-“Урт нэртэй” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нэг хэсэг шүүмжлэлд нэлээд өртөж байсан. Хэлэлцэж байгаа юу?
-Хуулийн төсөл УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцэж байгаа. П.Алтангэрэл гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан байна лээ. Ажлын хэсгээс тодорхой дүгнэлт, санал гарч байнгын хороогоор ойрын үед хэлэлцэх болов уу.
-Ярилцсанд баярлалаа
"Улс төрийн тойм" сонин