Мөн тус компаниас хйисэн мэдэгдэлд Оюутолгой төсөлд нийт 11,928 монголчууд ажиллаж байгаа бөгөөд үүнд Оюутолгой төслийн талбайд ажиллаж байгаа 7710 хүн, тэтгэлэгт сургалтын хөтөлбөрт хамрагдаж байгаа 3300 хүн, Улаанбаатар хотод болон Монгол орны өөр бусад орон нутгуудад ажиллаж байгаа 456 хүн тус тус багтаж тухай дурдав.
Дээрх тоо Оюутолгой Төслийн “Монголчуудад давуу эрх олгох санаачилга” хөтөлбөрийн үр дүнг илтгэн харуулж байна. Оюутолгой төслийн ханган нийлүүлэгчдийн жагсаалтад 1000 гаруй дотоодын компани бүртгэлтэй байдаг бөгөөд өчигдрийн байдлаар нийт зарцуулсан 2.5 тэрбум ам.долларын нэг тэрбум нь Монголын ханган нийлүүлэгчдэд очсон байна. Мөн Өмнийн говьд дэд бүтцийн 12 төсөл хэрэгжиж буйн тавыг нь Монголын компаниуд 100 хувь бие даан хэрэгжүүлж байна.
“Оюутолгой” компанийн Ерөнхийлөгч Камерон МакРей “Оюутолгой төсөл зорилтот хэмжээнээсээ давж гарсан тооны Монгол ажилчидтай байгаа талаар мэдээ нь манай компани Монголчуудын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа бүрэн биелүүлж чадаж байгааг батлан харуулж байна. Оюутолгой төслийн үйл ажиллагаа Хөрөнгө Оруулалтын гэрээний хүрээнд явагддаг бөгөөд гэрээгээр төслийн барилгын ажлын явцад нийт ажилчдын дор хаяж 60 хувь нь, уурхайгаас олборлолт хийж эхлэх үед нийт ажилчдын 90 хувь нь монголчууд байх учиртай. Бид Монгол компаниудад ур чадвар, шинэ мэдлэг олгож байгаа бөгөөд энэ нь аль аль талдаа ашиг тусаа өгнө” хэмээн дурдсан байна.