Улаанбаатар сангийн тэргүүн нийслэлд баригдаж буй нийтийн бие засах газрын талаар танилцууллаа. Нийслэлд энэ жил есөн дүүрэгт 10 бие засах газар барих ёстойгоос одоогоор найман бие засах газар ашиглалтанд орсон байна. Энэ сарын 29-н буюу нийслэлийн баярын өдрөөс өмнө Багануур, Багахангай дүүргийн бие засах газрыг дуусгах юм байна. Цаг хугацааны хувьд оройтсон, барилгын ажил удаашралтай байсан ч олон нийт сэтгэл хангалуун байгаа талаар Улаанбаатар сангийн гүйцэтгэхэ захирал Р.Хадбаатар ярив. Одоогоор долоон дүүргийн нийтийн бие засах газар барих шаардлагатай баршилд нийтийн бие засах газрыг барьжээ. Нийтийн бие засах газар нь 24 цагаар иргэдэд 200 төгрөгөөр үйлчилж байна. Нийслэлийн хөрсний бохирдолд нөлөөлж байгаа нэг зүйл бол гэр хорооллын буюу модон бие засах газар. Цаашид хөрсний бохирдлоос сэргийлэхийн тулд нийт 100 гаруйг барих шаардлагатай байгаа гэв. Үүний төсөв мөнгийг нь ирэх жилийн төсөвт суулгах уу, эргэн төлөх нөхцөлтэйгээр хийх ёстой юу гэдгийг одооноос шийдэх ёстой гэлээ. Мөн ирэх жил байгуулах нийтийн бие засах байршлыг тогтох хэрэгтэй бөгөөд шатахуун түгээх станцуудын дэргэд орчны бохирдол их байдаг учраас ШТС-ын ойр орчимд сонголт хийх бодолтой байгаа юм байна.
Дүүрэг бүр эрх шилжсэн буюу нэг тэрбумын ажлаа тайлагнаж байгаа билээ. Энэ удаа Багануур дүүрэг ажлаа тайлагнав. Багануур дүүрэгт 2009 онд нийслэлийн төсвөөс 75 сая, улсын төсвөөс 3,7 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн бол энэ жил зөвхөн нийслэлийн төсвөөс 3,7 тэрбум төгрөгийн ажил хийсэн гэлээ. Дүүрэгт нь хуваарилагдсан хөрөнгөөр Д.Нацагдоржийн гудамжинд ногоон байгууламжийг сэргээж мянга орчим нэр төрлийн мод бут сөөг тарьсан байна. Мөн наадмын талбайгаа тохижуулж, дөрвөн хорооны гэр хорооллын тохижилт хийж, хороо бүрт усан оргилуур, сүүдрэвч, гэрэлтүүлэг хийжээ. Мөн тус дүүргийн эрүүл мэндийн төвийн урд талбай тохижуулалж, 13-18 байрны гадна талбайн тохижилт, Гүн галуутай, Боловсрол цогцолборын сагсан бөмбөгийн талбайг тохижуулсан аж. дээрхи тохижилтыг эрх шилжсэн нэг тэрбум төгрөгөөрөө гүйцэтгэсэн байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар автобусны буудлуудын тохижилт, нийтийн орон сууцны байрнуудын цахилгаан шатны шинэчлэл, авто замын гэрэлтүүлэг шинэчлэл хийж байгаа гэж дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир танилцуулсан юм.
Өнгөрсөн тавдлугаар сараас ид өрнөж эхэлсэн автозамын газрын дарга Д.Од өнгөрсөн хугацаанд хийсэн автозамын засвар, шинэчлэлийн ажлаа танилцууллаа. Энэ зуны авто зам шинэчлэл, засварын ажил 85 хуьтай байна гэж дүгнэж байв. Нийслэлд энэ жил 73,6 тэрбум хөрөнгө оруулалтаар 84 төсөл авто замын салбарт хэрэгжжээ. Нийт 18 км шинэ зам тавигдаж, 52 км хуучин замыг өргөтгөж шинэчилсэн аж. Энэ жилийн зам засварын ажлын нэг онцлог нь явган хүний зам, гэрэлтүүлэг гэх мэт тохижилтын ажлыг бүрэн хийж байгаагаараа онцлог бөгөөд мөн зарим замуудад хөрсний ус зайлуулах ажлыг давхар хийснээрээ онцлог гэв. Тухайлбал “Шар хадны зам” хөрсний ус зайлуулах ажил, Дамбадаржаа буюу Сэлбийн зүүн эргээс Шадивлин хүртэлхи зургаан км замд үерийн уснаас сэргийлэн хиймэл байгууламж, хоолой тавьсан нь зам барилгын салбарт онцлог ажил байсныг дуулгалаа. Чингисийн өргөн чөлөөг Нарны замтай холбох 1,65 км зам, 5 шараас 22-ын товчоо хүртэлхи 10,6 км зам, Багануурт баригдаж буй 1,5 км замын ажлууд бүгд эргэн төлөгдөх нөхцлөөр баригдаж байгаа аж. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Энгельсийн гүүрний урд тал, Сансрын тунель, 805-р анги, Сонгинохайрхан дүүргийн 34-р байрны арын 1,3 км зам тус тус баригджээ. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 7,5 тэрбум төгрөгийн ажил хийгдснээс дурьдвал 10 хорооллын уулзвараас Саппорагийн аюулгүйн тойрог хүртэлхи 1,2 км авто зам, Сонгинохайрхан дүүрэг 4,5 хороог заагласан 2,5 км зам, 36 урт метр гүүр, Шадивлингийн замд баригдсан 83 урт метр гүүр, Майхан толгойн авто зам дээр баригдсан 22 урт метр гүүр, Тусгаар тогтнолын талбайн авто замын ажлууд хийгджээ. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр үерийн ус их хэмжээгээр орж ирдэг зургаан газарт борооны ус зайлуулах шугам тавьсан байна. Мөн зарим нэг зам засварын ажил дууссан ч тохижилтын ажлыг хийхгүй байгаа компаниудад анхааруулж хариуцлага тооцох хэрэгтэйг Хотын дарга Г.Мөнхбаяр анхаарууллаа.
Нийслэлийн агаарын чанарын албанаас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмжээг өмнөх хэмжилтийн дүнтэй харьцуулах зорилгоор энэ сарын 12-ны өдрийн 17.00-22.00 цагийн хооронд Хязгаарлалтын бүст багтсан Баянгол дүүргийн 16 хороо буюу Гандангийн орчим, Чингэлтэй дүүргийн XI хороо буюу 39 сургуулийн орчим, түүнчлэн Сүхбаатарын дүүргийн XII хороо Номин худалдааны төвийн нутаг дэвсгэрт AQMS- 9000 агаар орчинд мониторинг хийх хөдөлгөөнт автомат системийн тусламжтайгаар орчны агаар дахь PM10 тоосны агууламж, CO угаарын хийн агууламж, SO2 хүхэрлэг хийн агууламж, NO2азотын хийн агууламжийг тодорхойлох зорилгоор 30 минутын давтамжтайгаар хэмжилт хийсэн байна. Энэхүү шинжилгээний дүнг 2009 онд хийсэн орчны шинжилгээний дүнтэй харьцуулсан бөгөөд хэмжилт хийсэн цэг нь адил юм байна. Эндээс гарсан дүгнэлт гэвэл PM10 тоосны агууламж 2009 онтой харьцуулахад Ганданд 3,7 дахин бага, 39-р сургууль орчимд 15 дахин Номин худалдааны төв орчимд 17,7 дахин бага, CO угаарын хийн агууламж Гандангийн орчимд 4,3, 39-р сургуулийн орчим зургаа дахин, Номин худалдааны төвийн орчим 4,5 дахин бага, SO2 хүхэрлэг хийн агууламж Ганданд 11 дахин бага, 39-р сургуулийн орчимд 7,3 хувь дахин бага Номин худалдааны төвийн орчимд 10,8 дахин бага стандартын түвшинд байжээ. Түүнчлэн NO2 азотын хийн агууламж дээрхи гурван байршилд буурсан аж. Дээрхи шинжилгээ сүүлийн гурван жилийн мөн үетэй харьцуулахад агаарын чанар харьцангуй сайжирч байна гэв.
Замын түгжрэл нийслэлчүүдийг бухимдуулдаг бас нэг том асуудал. Тэгвэл нийслэлийн Засаг даргын харъяа есөн мянган ажилчид түгжрэлийг бууруулах зорилгоор ажлын цагийг 08.00 цагт эхлүүлсэн. Өнгөрсөн есдүгээр сараас хойш авсан судалгаагаар өглөөний 07.30-08.00 цагийн хооронд хөдөлгөөний урсгал нэмэгджээ. Тухайлбал, 08.00-08.30 цагийн хооронд замын хөдөлгөөн сийрэгжиж, 08.30 аас эргээд хөдөлгөөн нэмэгдэж байна гэв. Ажлын цаг 08.00 цагт эхэлснээр хөдөлгөөний нягтрал буурч, жигд хуваарилалтай болж байгаа гэв. Гэсэн ч замын түгжрэл бусад цагт арилахгүй байгаа бөгөөд жолоочийн хариуцлагагүй байдлаас болж замын түгжрэл арилахгүй байгаа гэв. Тухайлбал Энхтайвны гүүрэн дээр шатахуун нь дуусаад зогссон машинаас болж Энхтайвны өргөн чөлөө хүртлэх төв зам тэр чигээрээ түгжирсэн бол УИД-ын өмнө хоёр машин шүргэлцэж, улмаар зам чөлөөлгүй зогссоноос болоод төв зам тэр чигээр бөглөрөл үүсгч байгаа гэлээ. Тус газар ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвтэй хамтран замын хөдөлгөөнд саад учруулж буй дээрх хүчин зүйлсийг арилгахаар ажиллаж буй юм байна. Жолооч нар хөдөлгөөнд соёлтой оролцож, явган зорчигч нар замын хөдөлгөөнд зөв оролцвол түгжрэл үүсэхгүй байх боломж бололцоо бийг хэллээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Туул Сэлбэ голын эргийг цэвэрлэх аян өрнөлөө. Энэ үеэр хоёр голын дагуу 25 км газарт цэвэрлэгээ хийж нийт 156 тонн хог хаягдал ачсан байна. Үүний зэрэгцээ амралтын өдрүүдэд есөн дүүрэгт бүх нийтээр мод тарьсан. Энэ арга хэмжээнд 7500 хүн оролцож 7737 ширхэг мод, 47 мянган бут сөөг тарьжээ. Тун удахгүй нийслэлийн өдөр болно. Энэ баярын өдрийн өмнө буюу энэ сарын 22-нд бүх нийтийн цэвэрлэгээнд үйлчилгээний байгууллагууд идэвхтэй оролцохыг ерөнхий менежер Ч.Бат уриалав. Амралтын өдрүүдэд хотод өрнөсөн өөр нэг ажил цэргийн алба хаасан залуусыг ажлын байранд зуучилж өгчээ. 150 залуу цэргийн албанаас шууд ажлын талбарт очсон тухай Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар дуулгаад энэ сарын 21-23 ны өдрүүдэд нийслэлийн бүх дүүрэгт ээлжит цэрэг татлага явагдах гэж байгааг мэдээллээ.
Хотын Дарга Г. Мөнхбаяр удирдах албан тушаалтнуудад дараах үүрэг чиглэлийг өглөө. Юуны өмнө их цэвэрлэгээнд анхаарал хандуулж, тохижилтын ажлуудыг дуусгахыг сануулж байна. Хотын гудамжинд буй мөнгөний хойноос хөөцөлдсөн өнгө үзэмж муу рекламны самбаруудыг буулгах хүртэл арга хэмжээ авахыг анхаарууллаа. Автозамын ажлын дутууг нийслэлийн өдрийн өмнө дуусгах зэрэг ажлууд ирэх 14 хоногт хийгдэх учиртайг анхааруулж байв. Мөн ирэх жил тохижилт, хог, рекламны самбар, замын ажил гэсэн чиглэлүүдээр ирэх жил ажиллана гэлээ.
"Ардын эрх" сонин