УИХ-ын гишүүн З.Алтайтай уулзаж ярилцлаа.
-“Ногоон намын дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгэлээ” гэсэн мэдээлэл олон хүнийг гайхашруулж байх шиг. ИЗ-НН-ыг байгуулах их хуралд нь оролцож, анхны “дэмжигч гишүүн” нь болохоо мэдэгдэж байсан болохоор нь энэ талаар тантай ярилцъя гэж бодлоо?
-Улсын дээд шүүхийн шийдвэр олон хүнийг цочролд оруулсан шүү дээ. Яг тэр шийдвэр нь гарч байх үед би Ногоон намын дарга Д.Энхбаттай хамт сууж байсан юм. Тэр шийдвэрийг намын дарга нь ч мэдээгүй сууж байгаа нь тэр. Намынх нь асуудлыг хэлэлцэхэд даргаас нь ч санал авахгүй шийднэ гэж байх уу. Энэ бүхнийг харгалзан үзэхгүй гурван нөхөр сууж байгаад шүүхийн шийдвэр гаргасныг би буруу л гэж харж байна. Ер нь энэ бүхнийг улс төржсөн зүйл боллоо л гэж ойлгож байна. Нэг ёсондоо улс төрийн тоглоом л болчихлоо. Үүний өмнөхөн Монгол Ардын Хувьсгалт нам гэдэг нэрийг өгч л орхисон. Үндсэн хуулийн цэц нь болохгүй гэдэг саналаа хэлээд байхад УДШ нь "бид мэднэ" гээд шийдвэр гаргаад л.
-Таны байр суурь бол шүүхийн шийдвэрийг улс төрийн шийдвэр гэж ойлгож байгаа явдал байх нь ээ. Яагаад ийм дүгнэлтэд хүрэв ээ?
-Шүүхийн гурван шүүгч сүрхий нь аргагүй, бие даагаад хараат бусаар шийдвэр гаргасан гэдэгт би итгэхгүй байна. Манай шүүхийн тогтолцоо, шүүгчдийн гаргаж буй шийдвэр нэг л биш ээ. Саяхны нэг судалгааны дүнгээр эрх барьж буй хоёр намын рейтинг их сулхан гарсан байна билээ. Гуравдагч хүчинд их найдлага тавьж буй нь ч уг судалгаагаар харагдсан. Ингээд харахаар гуравдагч хүчний орон зайд орох гэсэн Иргэний зориг-Ногоон намын нэгдлийг хаах гэсэн ч явуулга байж болох. Өөрсдөдөө ашигтай, эсэхийг тооцох улстөрчдийн шатрын нэг нүүдэл болох ийм нөлөөлөл л орох шиг боллоо. Уг нь манай Ерөнхийлөгч чинь “шүүхийн тогтолцоог өөрчилнө, шударга болгоно” гэж оролдоод л байгаа. Гэтэл бодит байдал дээрээ ямар нэгэн нөлөөнд орсон шийдвэр гаргасаар л байна. Ингэхээр энэ нийгэмд чинь шударга зүйл байгаа эсэхэд эргэлзэх болох нь. Хэн нэгэн “цор цор” гээд байвал яаж ийж байгаад хэрэгт татаад, шорон руу явуулчихаж болох л нь дээ. Энэ бүхэн нь иргэдэд ямар нэгэн байдлаар айдас хүйдэс, үл итгэх байдал үүсгэх нь ойлгомжтой. Ер нь хараат бус шүүх байх ёстой. Гэхдээ л хэн нэгний хараатай л шүүх байна.
-Д.Энхбат нарын зүгээс өнөөдөр /өчигдөр/ Ерөнхийлөгчид мэдэгдэл хүргүүлсэн байна лээ. Тэдний мэдэгдлийг шүүгчид хэрхэн хүлээж авах бол?
-Сонссон. Гэхдээ энэ нь үр дүнд хүрэх юм болов уу даа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэгдлийг нь аваад ч яах билээ. УДШ-ийн шийдвэрийг цуцалдаг субъект нь ерөнхийлөгч биш шүү дээ. Дээд шүүхийн дарга Ц.Зоригийг дуудаж авчраад “наад шүүгчдээ хашраа” гэх юм уу. Шүүхийн шийдвэрт хэн ч нөлөөлж үл болох тухай нөгөө хуулийн заалттай зөрчилдөх байлгүй дээ. Д.Энхбат нар маань яах вэ “гомдлын мөр юм даа, нэг бичиг өгөөд үзье” гэж бодсон байлгүй.
-Д.Энхбат гишүүнтэй хамт байсан гэсэн байх аа. Шүүхийн шийдвэрийг сонсоод ямар “реакц” үзүүлж байх юм?
-Д.Энхбат гишүүн ч их л сэтгэл дундуур хүлээж авсан. Хоёр нам нь хуралдаж шийдвэрээ гаргаад, дарга цэргээ сонгоод сонгуулийнхаа бэлтгэлийг хийж байхад УДШ нь намын асуудалд хутгалдаж, өө сэв хайгаад асуудлыг хойшлуулж байгаад нөгөө талд нь шийдвэр гаргана гэдэг утгагүй л байхгүй юу.
-Одоо Д.Энхбат гишүүн яах бол. Улсын дээд шүүхийн шийдвэрээр бол тэр одоо аль ч намд харьяалагдахаа болилоо?
-УДШ шийдвэр гаргасан юм чинь Д.Энхбат намын даргын албан тушаалаасаа больж таарна. Ингэхээр Д.Энхбат маань надтай адил бие даагч л болж хувирлаа шүү дээ. Ингэж түүнийг улс төрийн золиосонд гаргаж байгаа юм байна л даа. Хоёр нам нь хуралдсан нь үнэн. Телевиз, хэвлэлээр олон нийт үзэж, уншсан нь үнэн. Ямар хэдхэн хүн хаалгаа түгжиж сууж байгаад тохиролцоо хийсэн хэрэг биш. Үнэндээ УДШ нь бүртгэх л байгууллага шүү дээ. Гэтэл аар саархан асуудлаар цаг хожиж байгаад эсрэгээр нь тавьж орхино гэдэг муухай л юм боллоо.
-Тантай ярьсан чинь “Энэ их л дээрээс шидсэн чулуу байх даа” гэдэг үг санаанд орж байна.
-Магадгүй би ч мөн тэгж бодож байна. Их л дээрээс шидсэн, том улстөрчид оролцсон, намуудын тохироо хийгдсэн юм боллоо гэж ойлгож байна. Тэрнээс биш тэр гурван шүүгчид бурууг өгөөд яах ч билээ. Тэр гурвын чинь дээр дарга, дарамт гэж юм бас байна шүү дээ.
-С.Оюун гишүүн, ИЗН энэ асуудалд хэрхэн хандах нь гэдэг бас их сонирхол татаж байна. Гэтэл саяхан Их Британи улсын Лондон хотноо хуралдсан Дэлхийн Либерал Интернэшнл холбооны Гүйцэтгэх хорооны 187-р чуулган дээр Иргэний зориг намыг тус холбооны жинхэнэ гишүүнээр элсүүлж, ИЗН-ыг төлөөлөн намын дарга С.Оюун оролцсон байсан?
-Мэдсэнгүй. Сонсоогүй юм байна. Гэхдээ яах вэ, Улсын дээд шүүхээс албан ёсоор бүртгэсэн тухай шийдвэр гартал тэд чинь тус тусын намын үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ шүү дээ. Ингэхээр яг одоо албан ёсоор ИЗН-ын даргаар С.Оюун л байж таарна. Харин УДШ-ээс нэгдлийг нь бүртгээгүй байхад би дарга, чи орлогч бол гэж тохирсон нь процедурын алдаа болсон байж болох юм.
-ИЗ-НН-ыг үүсгэн байгуулах тухай хуралд таныг ирэхэд тэд алга ташилтаар угтаж байсан. Ер нь таны зүгээс асуудалд хэрхэн оролцох вэ?
-Би гишүүн нь биш, дэмжигч гишүүн. Харин энэ дэмжигч гишүүний статусын талаар бидний хэдэн гишүүн хамтраад хуулийн төсөл санаачилсан. Энэ хуулийн төслийн агуулга нь аль ч намд намын хатуу гишүүнчлэл байхгүй болгох тухай. Иргэд маань аль зөв мөрийн хөтөлбөртэй, зөв ажиллах намаа дэмжих боломжтой байх ёстой. Үүнээс биш “гал улаан батлах” өвөртөө хийчихээд танай, манай нам гээд хэрэлдээд явах шаардлага байхгүй. Энэ хуулийг маань дэмжих эсэхийг нь мэдэхгүй л байна.
-Сонгуулийн тогтолцоон дээр 48:28 гээд зөвшилцөж байх шиг байна. Үүнийг нь намууд тохиролцож, асуудлыг шийдэх хүсэл зоригтой байна гэж харж байгаа юу?
-Би цаг хожих жүжиг л гэж бодож байна. Ер нь гишүүдтэй уулзаж ярьж байхад хуучин мажоритар тогтолцоог зөвтгөх хандлага ажиглагдаж байгаа. Яах вэ, үүнийгээ тайлбарлахдаа хүний итгэл төрхүйц, гоёор хэлж байна. Энэ нутаг орны асуудлыг шийдэж, харж ханддаг хүн УИХ-д байхгүй бол болохгүй гээд л ярина шүү дээ. Үүнийг нь удаан сонсвол зөв ч юм шиг санагдана. Гэвч нөгөө утгаараа энэ гишүүд чинь тойргоо өмчлөөд авчихсан шүү дээ. Жил бүрийн төсөвт суудаг тэрбум төгрөгөөр чинь тойрогтоо өчнөөн хөрөнгө оруулалт хийчихсэн. Аль хэдийн ах, эгч болчихсон байгаа биз. Тэд яаж дахин их суудалд сонгогдох вэ гэдгээ бодож байгаа болохоос биш, улс орны эдийн засаг, төрийн бодлогын бодож буй юм алга. Гэхдээ үүн дотор нам дугуйлна гэдгийг би эсэргүүцэж байгаа. Хүмүүс хэний хэн бэ гэдгийг нь харж байж шийдвэр гаргадаг болохоос биш намын нэрийн ард нэр нүүрээ барчихсан нөхдийг гаргаад ирж болохгүй.
-Тогтолцоог хуваасан тооноос гадна зарим асуудал анхаарлын гадна үлдэх гээд байх шиг ээ. Одоогийн үйлчилж буй хуулиар орон нутгийн сонгууль нь УИХ-ын сонгуультай нэг өдөр болохоор байгаа. Гэтэл үүнийг нь өөрчлөх сонирхол зарим хүнд тогтолцооноос ч дутахааргүй чухал байх шиг байна?
-Хэдэн сарын дараа дахиад сонгууль өг гэж ард түмнийг чирэгдүүлж байх шаардлага угтаа бол байхгүй. Эцэс төгсгөлгүй сонгуулиар амьсгалахгүй нэг л өдөр хийчихсэн нь дээр биз дээ. Зардал мөнгийг нь бодсон ч бага гарна.
-Үүнийг өөр өөр өдөрт хийх гээд байгаа хүмүүст нэг эрх ашиг байгаа юм биш үү, энэ саналыг хүчтэй тавьж буй хүчин МАН-ынхны зүгээс илүү мэдрэгдэж байгаа.
-Би одоохондоо цаад муу санааг нь нэг сайн хараагүй л байна. Тэд нарт нэг учир бий л дээ. Гэхдээ миний бодож байгаагаар нэг өдөр хийчихсэн нь амар баймаар юм.
-За бас, гишүүдийн тоог нэмэгдүүлэх яриа ч явж байгаа.
-Өө, Тэр 99 гишүүнтэй болгоно гэсэн яриа бол бүтэхгүй байх аа. Дотроос ч дэмжлэг авахгүй, олон нийтийн зүгээс ч дэмжлэг авахгүй. Уг нь 76 гишүүн ажилдаа хариуцлагатай хандвал маш том хүч шүү дээ. Тоо ихэссэнээр УИХ-ын үйл ажиллагаа сайжирна гэх зүйлд итгэхгүй л байна.
-Сэтгүүлч хүнийхээ хувьд сонирхож асууж байна л даа. Таны хувьд сонгуулийн үеэр ашиглагддаг ямар луйврын аргыг мэдэж байна?
-Сонсох нь ээ, ордонд янз бүрийн л зүйл болж байна. Сонгууль дөхөөд ирсэн чинь тойргийнхондоо хачин хайртай болчихсон, өдөр бүр л баахан улсуудыг чуулганы үйл ажиллагаа, төрийн ордонтой өдөр алгасахгүй танилцуулах болж. Гэтэл зүгээр л нэг танилцуулаагүй юм аа. Бүгдийг нь хоолонд үнэгүй оруулаад, унаанд сууж хариарай гэж арав арван цаас өгч байх жишээтэй. Үүнийг өнөө л сонгуулийн луйварын жижиг хэлбэрүүд цухалзаж эхэлсэн гэж харахаас өөр арга алга. Хоолыг нь идээд, харих зардлаа авсан хүмүүс чинь нэг зүйл бодно доо.
-Ингэхэд төрийн ордонд Оюутолгойн гэрээг засах бичиг яваад байна уу, засгийн газрыг огцруулах бичиг яваад байна уу?
-Засгийн газрыг огцруулах бичиг үйлдэж байгаа тухай мэдээг л сонссон. Хэн зураад, хаанаас зохион байгуулж байгааг нь ч мэдэхгүй юм. Тэгээд ч би түүнд нь оролцох ч үгүй. Үлдсэн багахан хугацаанд дахиж бужигнуулаад яах юм бэ. Юугаа ч мэдэхгүй хэдэн нөхөд оронд нь сууснаар бид л хохирно шүү дээ.
"Ардын эрх" сонин