-Э.Бат-Үүл: Ялсан нь засгаа байгуулж, ялагдсан нь сөрөг хүчнээ хийнэ шүү.
“Загас үстэй байсан бол бөөстэй байх байсан” гэдэг шиг Сонгуулийн хуулийг тойрсон бас нэгэн эргэцүүлэл хийх хэрэгтэй болж байх шиг. Хамтарсан Засгийн газрын тухай л даа.
Өнөөдрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарал тавьж буй сэдэв, жанрыг харахад “Хорин гишүүн юу өргөн барьчихав аа. Сайн ажиллаж байсан Засгийн газраа огцруулчих вий дээ” гэсэн халаглал битүү явж байна. Уг нь яах вэ, УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрыг огцруулах ч бай, Оюутолгойн гэрээг дахин хянах ч бай асуудал тавихад буруу нь юун. Тэр тусмаа тэдэнд хуулиар олгогдсон эрх нь байгаа учраас.
Тавьж байгаа асуудал нь зөв ч бай, буруу ч бай гарын үсэг зурсан гишүүдийн тоо 19 хүрэх юм бол УИХ процедурынх нь дагуу хэлэлцээд, олонхиороо асуудлаа шийдээд л явна шүү дээ. Тэгэхээр энэ бол цаг хугацааны л асуудал. УИХ-ын олонхи үнэхээр Засгийн газрыг огцруулах нь зөв гэж битүүдээ үзээд, зургаан жил зодолдож байж арай гэж баталсан Оюутолгойн гэрээг нураахад бэлэн байгаа бол гарын үсэг зурсан хэдэн гишүүнийг буруутгаад байх ч шаардлага алга. Харин нөхдүүд зөвхөн ирэх сонгуулийн урьдчилгаа болгож, хувийн рейтингээ өсгөх зорилгоор улс орны хувь заяатай холбоотой асуудлаар дэнчин тавилаа гэж үзвэл олонхи нь эсрэг кноп дараад л цаашаа явна биз.
Харин энэ мэт богино зайны жижиг улс төрөөс болж анхаарлын гадна үлдчих гээд байгаа зүйл бол УИХ-аар удахгүй батлах ёстой Сонгуулийн тухай хууль, түүнийг гацаахад хүрсэн шалтаг шалтгаанууд. Дээр нь МАН-ын дарга асан С.Баярын “Сонгуулийн дараа ч намууд хамтрах шаардлага гарна” гэдэг “сүрдүүлэг”.
Тэрбээр хамгийн сүүлд хэвлэлийнхэнтэй уулзахдаа сонгуулийн хууль ямраар ч гарсан бай, ирэх сонгуулийн дараа намууд хамтарч ажиллах, хамтарсан Засгийн газар байгуулах нь зөв гэсэн билээ. Одоо Засгийн газар дээр хийгдэж буй ажлууд эхлэлийн төдий байгаа учраас илүү их ажиллахын тулд ирээдүйд ч намууд Засгийн газарт хамтарч ажиллах ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үр дүн ямар байхаас үл хамааран намууд Засгийн газарт хамтардаг явдал цаашид гэм биш, зан болох нь. Бүр байтлаа зарим нь “улстөржиж хоорондоо хэрэлдээд байна, намаар яах юм. Намгүй болоод, бүгд улс орны төлөө хамтдаа зүтгэе” ч гэх шиг зүйл яриад, хуулийн төсөл энэ тэр бариад явж байгаа гэсэн. Тэгвэл нөгөө парламентат ёс, олонхи нь эрх мэдлээ хэрэгжүүлж, цөөнх нь хяналтаа тавьдаг тогтолцоо маань хаачих вэ?
Улс төрийн намыг гишүүнчлэлгүй болгох гэдэг санаа уг нь аль эртнээс, бүр 2000 оноос эхэлсэн яриа. 2000 оны сонгуулиар үнэмлэхүй олонхи болсон МАХН төрийн албанд ажиллаж байсан Ардчилсан хүчний 15 мянган хүнийг ажлаас нь хоморголон халсны дараа энэ яриа гарч, “Төрийн албаны дунд болон доод шатанд намын харьяаллыг авч үзэхээ больё. Үүнээс болж ард түмнээ хоёр хуваалаа, хэлмэгдүүллээ, нэг гэр бүлийнхэн хүртэл хоорондоо байсан боллоо. Тиймээс зөвхөн дээд түвшиндээ буюу УИХ-ын сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчид л намын гишүүнчлэлтэй байя. Улс төрийн намууд гишүүдийнхээ тоогоор бус, дэвшүүлж байгаа концепци, бодлогоороо өрсөлдөг болъё” гэдэг санаачилгыг Ардчилсан намын түвшинд ярьж эхэлсэн юм. Гэвч тэр болтлоо өдий байх л даа.
Харин үүнийг одоо байгаа хамтарсан Засгийн газартай хольж хутгаад, “нам гэдэг угаасаа хэрэггүй юм, яадаг ч байсан хамтраад л явья” гэвэл жинхэнэ төөрөлдсөн хэрэг болно. Учир нь өнөөг хүртэл хүмүүсийн ашиг сонирхол, үзэл бодол, чиг хандлагаар нь нэгтгэж чадсан зохион байгуулалтын хамгийн дээд хэлбэр бол улс төрийн нам. Тийм учраас аливаа сонгуульд нэр дэвшүүлэх эрх нь хүртэл улс төрийн намуудад байдаг юм. Яагаад гэвэл тэнд бодлого зангилагдаж, үүрэг, хариуцлага ч бас дагалддаг учраас. Намаа сонгуульд ялагдуулсан намын даргыг дор нь авч хаяад, сонгууль явуулдаг биз дээ. Ялсан намын дарга Ерөнхий сайдаар томилогдож, танхимаа бүрдүүлдэг, ялагдсан нам нь түүний байгуулсан Засгийн газарт хяналтаа тавьдаг гэх мэтчилэн. Харин энэ зохион байгуулалтын бүтцийг манайд ямархуу болтол нь доройтуулсан бэ гэдэг өөр асуудал.
Өнгөрөгч 2008 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр МАХН 45, Ардчилсан нам 28 суудал авсан билээ. Гэвч сонгуульд ялагдсан Ардчилсан намынхан “СЕХ булхайцав” хэмээн сонгуулийн дүнд “бойкот” хийж, нийслэлийн сонгогчид МАХН-ын байрны өмнө эсэргүүцлийн жагсаал хийснээс болж цагдаагийнхан таван хүнийг буудан хөнөөж, жагсаалд оролцсон 700 гаруй хүнийг баривчилсан. Үүний дараа МАХН-ын дарга С.Баяр цөөнх болсон Ардчилсан намыг Засгийн газартаа урьж оруулсан билээ. СЕХ-ноос эрх баригч намтай хамтран зохион байгуулсан булхай луйврыг шалгаж, дахин сонгууль явуулснаас сөрөг хүчнээ худалдаад авчихсан нь “зардал багатай” гэж үзсэн учраас. Иймэрхүү шалтаг, шалтгаануудын улмаас гурван жил “хараал идэж” буй энэ хамтарсан Засгийн газрыг байгуулсан билээ.
Уг нь Үндсэн хуульд зааснаар бол УИХ-ын сонгуульд олонхи суудал авсан нам нь дангаараа Засгийн газраа байгуулах ёстой. Үүнийг 2004 оны сонгуулиар аль нь ч олонхи болоогүйн улмаас /МАХН 38, “Эх орон-Ардчилал” эвсэл 36, бие даагч Ц.Батаа, БНН-ын Б.Жаргалсайхан/ эвслийн Засгийн газар байгуулсантай жиших аргагүй юм. Өнөөдөр парламентын нэр хүнд ингэтлээ унаж, УИХ, Засгийн газрын хооронд зай завсар харагдахаа больсон, яам, агентлагуудынхаа тоог бараг 50 хувь нэмэгдүүлж, төрийн нарийнаас доогуур мэдэлтэй дэд сайдуудыг ихэрлүүлсэн, төрийн албыг улам л томруулсаар байгаа зэрэг нь ч энэ хамтралаас үүдэлтэй билээ. Хамтарсан Засгийн газрын гавьяа гэж хэрэв байдаг бол байгаа ганц нь Оюутолгойн гэрээ л байх. Тэгээд ч анх хамтарсан Засгийн газрыг байгуулах болсон шалтгаан, хоёр намын байгуулсан гэрээнд энэ талаар байдаггүй юм.
Арван зүйл гэрээний хамгийн эхэнд заасан гурван зүйл нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, Засаг захиргааны нэгжийн хуваарийг өөрчлөх, Сонгуулийн хуулийг шинэчлэх асуудлууд. Сонгуулийн хууль дөнгөн данган, хазгай мурий урагшилж байгааг эс тооцвол биелсэн зүйл байхгүй гэсэн үг. Үүнээс цааш хийгдэх ёстой Улс төрийн намуудын хуулийг шинэчлэх, шүүх, хуулийн байгууллага, төрийн албаны шинэчлэл, ажлын байрыг нэмэгдүүлж, амьжиргааны түвшинг шинэ шатанд гаргах зорилт /одоо хэр нь хүн амын 3/1 нь үгээгүй ядуу хэвээрээ байгаа/, инфляцийг хязгаарласан урт хугацааны хөтөлбөр боловсруулах, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах, авлигатай тэмцэх энэ тэр бол бүр бараа сураггүй. Ардчиллыг бэхжүүлэх, төрийг чадавхижуулах, цэвэр тунгалаг болгох, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн аль ч бодлого нь явсангүй ээ гэсэн үг. Явсан ганц зүйл нь Оюутолгойн гэрээ, ярьж байгаа нь Тавантолгойн орд.
Тийм учраас С.Батболдын Засгийн газрыг Уул уурхайн яам боллоо гээд байгаа юм. Уул уурхайгаас овоохон мөнгө олох, өр тавиад ч болов хуваарилах, ирэх сонгуульд үүгээрээ гул барь орохоос өөр ямар ч бодлого явсангүй. Тэгж яривал хоёр намын яриад байгаа эх орны хишиг, эрдэнийн хувь хувьцаа чинь ч хамтарсан Засгийн газрын гэрээний адагт нь буюу аравдугаарт орсон байдаг юм билээ.
Тэгэхээр үүнээс авах сургамж нь ийм маягаар байгуулсан хууль бус хамтрал, хамтарсан Засгийн газар Монгол Улсад сайн зүйл авчирахгүй юм байна гэдэг дүгнэлт. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд, үе үеийн Засгийн газар хэдэн удаа хөдөлж байсныг тоолоод үзье. 1996-2000 онд гурван Засгийн газраа огцруулж, дөрвөн Ерөнхий сайд томилогдож байв. 2004-2008 дахиад гурван Засгийн газар огцорч, танхимын бүрэлдэхүүн түүнээс ч олон удаа солигдсон. УИХ-ын дарга Ц.Нямдорж суудлаасаа бууж, Эрүүл мэндийн сайд Л.Гүндалай, Үйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайхан, Онцгой байдлын сайд С.Отгонбаяр, НХХ-ийн сайд Л.Одончимэд нар албан тушаалаасаа огцорч байв. Тухайн үед улс төрийн учир шалтгаан байсан хэдий ч статистик бол статисик, үүнтэй маргах шалтгаан байхгүй. Харин энэ их хурал, хамтарсан Засгийн үед л нэг ч сайдыг хөдөлгөж дөнгөөгүй. Харин ч асуудал оруулахаар гарын үсэг цуглуулсан цөөнх гишүүд нь “нийгмийн дайсан” гэгдэх хэмжээнд ад шоо үзэгдээд, “стандарт бус” Засгийн газрыг хамгаалах арга хэлбэр нь хүртэл стандарт бус тал руугаа явчих гээд байх шиг.
Тэгэхээр үүнээс гарч байгаа ганц гаргалгаа нь олонхи нь эрх мэдлээ хэрэгжүүлж, цөөнх нь хяналтаа тавьдаг парламентын тогтолцооны суурь зарчим руугаа эргэж орох явдал. Сонгууль ямар ч хувилбараар явсан бай, намууд ямар ч тохиролцоо хийсэн бай хамаагүй. Өнгөрсөн долоо хоногт хэвлэлд ярилцлага өгсөн Улсын баатар Э.Бат-Үүлийн ярилцлагын хамгийн тол гаргалгаа энэ. “Яг үнэндээ хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа Монгол Улсын шинэ сонгож авсан төрийн хэлбэрийг бүхэлд нь үгүйсгэж байна. УИХ-ын нэр хүнд ингэтлээ унасан явдал, парламентат ёс шившиг болж байгаагийн шалтгаан нь энэ. Тийм учраас ирэх сонгуулийн өмнө “Ялсан нь засгаа байгуулж, ялагдсан нь сөрөг хүчнээ хийнэ шүү” гэдэг зарчмыг намаараа заавал гаргуулна. Тийм тоглоомын улс төрд дахиад орохгүй” гэж.
Хэрвээ олонхи нь олонхи шиг ажиллаад, цөөнх нь цөөнх шиг хяналтаа тавиад явж чадсан бол энэ олон өргөх бичиг, огцруулах шаардлага, нам дамжсан “эсэргүү”-нүүд байн байн босч ирээд байхгүй л байсан биз. Цөөнхийн хяналт гэдэг юм ор тас орхигдоод, “хамтарсан” гэдэг хаалт, халхавчны цаана бүх асуудал шийдэгдэж байгаа учраас л шийвэр гаргах процессоос гадуур үлдсэн зарим нь ийм их хардлага сэрдлэгийг тээхэд хүрсэн хэрэг шүү дээ. Гэхдээ энэ бол наймхан сарын дараа бүрэн эрх нь дуусах С.Батболдын Засгийн газарт бус, ирэх сонгуулийн дараа байгуулах ирээдүйн Засгийн газруудад илүү хамаатай асуудал. Ер нь тэгээд сонгуулийн үр дүн ямар гарсан ч хоёр нам хамтраад явна гэж байгаа бол гэмгүй иргэдийг хооронд нь хэрэлдүүлж, хөрөнгө мөнгө гарздан байж сонгууль явуулаад ч яах юм. Тэгээд ч сонгуулиар олж авсан эрх мэдэл, сонгогчдын өгсөн саналаас давсан сайн гэрээ, шударга зохицуулалт гэж байдаггүй юм байна.
"Ардын эрх" сонин