Гэр хорооллыг цэвэр усны шугамд холбож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

Гэр хорооллыг цэвэр усны шугамд холбож эхэллээ

Оройн 19 цаг. Улиастайн эцсийн 11 дүгээр худгаас дөчин литрийн бидонтой усыг тэргэн дээрээ дааж ядан түрэх бяцхан жаалтай таарлаа. Тэрээр найм орчим насны харагдах бөгөөд “жижигхэн” гар нь төмөр тэргэнд хайрагдсан бололтой цамцны ханцуйгаа сунгаж бариад өгсүү газар уруу арайхийн чирж гаргав. Түүн дээр очин тэрэгтэй уснаас нь түрэлцэнгээ яагаад ийм орой, ганцаараа усанд явж буйг нь асуутал “Би хичээлээ тарж ирээд усандаа дандаа явдаг. Надаас өөр ус авах хүн манайд байхгүй болохоор…” гэлээ. Тэднийх худгаас нилээдгүй хол болохоор усаа зөөхөд хэцүү байдаг бололтой. Хүн амьдрах газраа шилж төрдөггүй. Гэр хорооллын хүүхдүүд сэтгэлийн цайлганаараа хөөр хөгжилтэй байдаг ч орон сууцанд амьдардаг үеийнхэн шигээ явахсан гэсэн нууцхан хүсэл тэдэнд бий….

Гэр хорооллын иргэдийг чанар, стандартад нийцсэн ундны усаар хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах (УБ-НААСТ2) хоёр дахь төсөл”-ийн ажлыг тайлагнах өдөрлөг өчигдөр боллоо. Уг өдөрлөгт цэвэр бохир ус, дулааны шугам сүлжээнд ашиглагдах багаж тоног төхөөрөмжүүдийг оруулж ирдэг байгууллагуудын танил­цуулга болон дүүргүүдийн иргэ­дийн бүлгийн гар урлалын зүйл­сийг дэлгэн тавьсан байв. Мөн УСУГ /ус суваг удирдах газар/-ын танилцуулсан урьдчилсан төлбөрт карттай усны  тоолуур сонирхолтой санагдсан. Уг тоолуурыг усны хэрэг­лээ бага айл өрх, амины орон сууц­ны хэрэглэгчид болон усны төлбөрөө сардаа төлөх боломжгүй иргэд ашиглах боломжтой гэв. Тус өдөрлөгийн талаар нийтийн аж ахуй төслийн инженер Д.Нямдорж “Өнөөдөр (УБ-НААСТ) I,II дугаар шатаа амжилттай хэрэгжүүлж дуус­лаа. Энэ ажил анх 1997 онд эхэл­сэн бөгөөд хоёр үе шаттай явагдсан. Эхнийх нь 1997-2003 он хүртэл, дараа нь 2004-аас өдийг хүртэл үргэлжилсэн. Энэ хугацаанд Улаанбаатар хотын арван гэр хороо­лолд ус хангамжийн системийг суурилуулсан бөгөөд нийт 143 км шугам, 243 ус түгээгүүрийг барьж байрлуулсан гэв. Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах төслийн багийнхан Чингэлтэй, Дарь-Эх, Дамбадаржаа, Баянхошууны дөрвөн гэр хороололд ус хангамжийн системийг барьж байгуулсан аж. Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дамбадаржаагийн гэр хорооллын айл өрхийг цэвэр усанд холбож, бохир усыг татан зайлуулж, цэвэрлэх байгууламж барих загвар төслийн ажлын явц 98 хувьтай байна. Төсөл хэрэгжсэнээр гэр хороололд амьдарч байгаа айл өрхүүд одоо амьдарч байгаа байрандаа ариун цэврийн өрөөг гарган, дотор нь угаалтуур, ванн, жорлон суурилуулснаар орон сууцны оршин суугчидтай адил крантнаасаа усаа авч, устай жорлонг ашиглаж эхэллээ. Гэр хорооллын нийт 88 айл ингэж холбогдсоноос, 65 айл нь гэртээ цэвэр ус авч, бохир усны системд холбогдсон жорлонг ашиглаж, үлдсэн 23 айл нь байшингаа өргөтгөж, орон сууцныхаа нөхцөлөө сайжруулах ажлыг хийж байна. Айл өрхөөс гадна ойр орчмын найман байгууллагыг цэвэр бохир усанд холбон цэвэр бохир усны шугам сүлжээнд нийт зургаа байгууллага холбогдоод байна. Мөн ЧД-ийн 11,18-р хороо СХД-ийн 25-р хороонд шинээр халуун усны газруудыг байрьж байгуулсан аж.

Г.Хулан

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж