Хохирол ихтэй араб хавар

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

Хохирол ихтэй араб хавар

“Арабын хавар” Ойрхи Дорнод ба Хойд Африкийн орнуудад 55 тэрбум ам.долларын санхүүгийн хохирол авчирлаа гэж Geopolicity олон улсын консалтингийн агентлаг үзжээ. Энэ үнэлгээнд хүний хохирол тооцогдоогүй байна. Сири, Ливи хамгаас их хохирол амсчээ.

Хохирлыг тоолохдоо шинжээчид сүйрсэн дэд бүтэц, бизнесийн хохи­рол, гадаадын хөрөнгө оруулагчдын алдагдал болон хүн амын хохирлыг тооцоолоогүй. Тэд Олон улсын валютын сангийн мэдээнд үндэслэн тооцоогоо хийсэн байна. Өнөөг хүртэл зарим нутаг оронд байдал тогтворгүй, эдийн засгийн үзүүлэлт нь тодорхойгүй учраас тэд өөрсдийн тооцоог багцаалсан гэж үзэв.

Сири, Египт, Ливи, Тунис, Бахрейн ба Йемений дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл нийлээд үйлдвэрлэлийн бүтээмж унасны улмаас 20 тэрбум ам.доллараар буурсан байна. Эдгээр орнуудын төсвийн хохирол нь 35 тэрбум ам.доллар болж байна.

Тэр нь улсын орлого буурсантай холбоотой. Жишээлбэл улсын орлого Ливид 84 хувиар, Йеменд 77 хувиар буурчээ гэж судалгаанд бичсэн байна. Хамгийн их 27 тэрбумын хохирлыг Сирийн эдийн засаг амссан бөгөөд одоо ч тэнд тайван биш байна. Сирид амь үрэгдэгсдийн тоо сүүлийн мэдээгээр 3000 гаруй болжээ. Олон сарын тулалдааны явцад Ливи 14 тэрбумаар хохирсон байв. “Geopolicity” агентлагийн үнэл­­гээгээр Египетийн хохирлын хэм­жээ 10 тэрбум, цааш нь Тунис (2,52 тэрбум) ба Бахрейн (1,09 тэрбум) жагсчээ. Бүсийн хамгийн ядуу орон Йемений эдийн засгийн хохирлыг тэд бараг нэг тэрбум ам.доллар гэж үзэв.

Сирийн Башар Ассадын дэглэмтэй тэмцэгсэд нэг биш удаа хийн болон нефтийн хоолойг дэлбэлж байлаа. Сөргөлдөөний эхнээс тус оронд жуулчид  очихоо больжээ. Мөн Египетийн жуулчлалын салбар ч хохирч 2-5 сарын хооронд жуулчны урсгал 60 хувиар буурсан байна. Ливийн иргэний дайн дэд бүтцийг ихээхэн хохироов. Нефть боловсруулах таван үйлдвэр нь түүхий эдгүй болсноос өнгөрсөн наймдугаар сард бүрэн зогссон. Нефть савлах зургаан цогцолбор бөмбөгдөлтөөр нэлээд сүйрчээ. “Нефтийн экспортлогчид хожиж, импортлогчид нь хожигдов. Ливи, Египет, Сири хүний болон эдийн засгийн хамгийн өндөр үнийг төлж байна” хэмээн уг илтгэлд өгүүлжээ.

Олон нийтийн эсэргүүцэл гараагүй хөрш орнууд нь энэ үеийг амжилттай гэтлэв. Саудын Аравид улсын төсвийн зарлага 25 хувиар, Арабын нэгдсэн эмиратад 31,8 хувиар тус тус өссөн байна. Эдгээр орнуудын нефть олборлолт нэмэгдэгдэж орлого сайтай байснаас тэд нийгмийн болон улс төрийн зарим өөрчлөлтүүдэд ихээхэн мөнгө гаргажээ. Үүний зэрэгцээ нефтийн дэлхийн үнэ өндөр хэвээр байгаа юм.

Geopolicity агентлагийн шинжээчид эдгээр тооцоог бүс нутгийн орнуудад эдийн засгийн туслалцааг үзүүлэхдээ тооцохыг уриалж байна. Илтгэлд барууны орнууд, зарим араб орнуудаас Египет, Ливи, Иордан, Марокко зэрэг улсад үзүүлэхээр шийдсэн эдийн засгийн тусламж нь үр дүнгээр муу байгааг сануулжээ. Ойрхи Дорнодын шинэ доргионы эрсдлийг аль болохоор бууруулахын тулд нефтийн экспортын орлогыг маш ихээр ил тод байлгах хэрэгтэй гэж илтгэлийг зохиогчид үзсэн байв. Бүс нутгийн эерэг өөрчлөлтийн үзүүлэлт нь чөлөөт хэвлэл, төлөөллийг ихэсгэх болон эмэгтэйчүүдийн тэгш эрх байх ёстойг шинжээчид хэлж байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ардчилах нь Израилийн талыг эрс шүүмжлэх урсгалыг нэмэгдүүлэх учраас Барууны орнууд түүнд бэлэн байх хэрэгтэй гэсэн байна. Израиль ба түүний холбоотнууд бүс нутгийн бодит аюул заналыг сайтар ялган үзэх ёстой хэмээн илтгэлийг бүтээгчид үзжээ.

Ш.МЯГМАР

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж