АН 26 тойргийг жижиглэхгүй

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

АН 26 тойргийг жижиглэхгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцээд 2008 онд бий болгосон 26 тойргоо жижиглэхгүй гэх шийдэлд хүрчээ. Ингэхдээ улсын хэмжээнд 26 тойрог байна, эдгээр 26 тойрог дээрээ олон мандаттай байж болно. Түүнийгээ хүн амын тоо, нутаг дэвсгэрийнхээ зарчмыг үндэслэж байгуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн байна. Энэ талаар бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Түүнчлэн тус бүлгээс дээрх шийдвэрийг гаргах хүрээнд МАН-ын бүлгээс санал болгосон асуудлуудыг нэгбүрчлэн хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргасан юм байна. Тухайлбал, можаритор,  пропорцианаль хэлбэрийн тогтолцоонуудын тооны асуудлыг Ардчилсан намын бүлэг зарчмын том асуудлыг шийдвэрлэсний дараа ярих ёстой гэсэн байр сууриа хэвээр хадгалж үлджээ.

Хоёрдугаарт, суудлыг хуваарилах үед холимог зарчмаар байх гэдэг бүлгээс гаргасан саналыг МАН-ын бүлэг дэмжсэн тул “Дэмжих ёстой” гэж үзсэн. Гуравдугаарт, нэрсийн жагсаалтаас нам дугуйлах гэдэг саналыг МАН-ын бүлэг мөн дэмжсэн учраас хүлээж авчээ.  Харин нэг тойрог дээр 50 хувь дээр +1 хувийн санал авч байгаа энэ босго тавьж байгаа асуудал нь нэг тойрог дээр олон мандаттай тойрог үүсгэж буй учраас энэ санал өөрөө орох нь логикийн хувьд шаардлагагүй гэж үзээд “Хэлэлцэхгүй байх ёстой” гэж үзсэн байна. Эдгээр саналуудаа Ардчилсан намын бүлгээс Сонгуулийн зөвшилцөх ажлын хэсэгт орж байгаа гишүүд МАН-ын бүлэгтээ уламжлах аж. Энэ хооронд сонгуулийг шударга явуулах, булхиа луйваргүй явуулах сонгуулийн хуулийн процедурын асуудлыг улам сайжруулах асуудал энэ долоо хоногт үргэлжлүүлэн хийгдэх болно гэдгийг бүлгийн дарга тодотголоо. 

Мөн бүлгээр Газрын тосны үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцээд “Дэмжих нь зүйтэй” гэж үзсэн бол  Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслүүдийг Засгийн газарт буцаах санал гаргажээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж