Яруу найрагчийн хөшөөт цогцолбор байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

Яруу найрагчийн хөшөөт цогцолбор байгуулжээ

Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбарын дурсгалын цогцолборыг түүний төрсөн нутаг Сүхбаатар аймгийн Наран сумын төвд байгуулжээ.

“Дашбалбар судлал төв”-өөс санаачлан яруу найрагчийн “Амьддаа бие биеэ хайрла”, “Үр хүүхдэдээ хэлэх шүлэг”, “Наран булаг” зэрэг бүтээлийг нь чулуун дээр сийлж, “Би талын хөх чоно” шүлгэнд нь зориулж чонын хөшөө босгосон байна.

Энэ үеэр найрагчийн төрсөн дүү, Наран сумын Засаг дарга О.Балжинням: “Гадаад дотоодоос, мөн өөр аймаг сумаас ирсэн хүмүүс найрагчийн төрсөн нутаг гээд зориод ирдэг. Тэгэхээр нэг дурсгалын баганаас өөр зүйл байдаггүй болохоор ирсэн хүмүүс сэтгэл дундуур явдаг байсан. Тэр хүн зүгээр нэг найрагч байгаагүй, соён гэгээрүүлэгч, Монголын цуутай хүмүүсийн нэг байсан учраас “Дашбалбар судлал төв” төрийн бус байгууллагынхаа хүрээнд ахынхаа цогцолбор дурсгалыг төрсөн нутагт нь босгохоор шийдсэн юм. Тэгээд Наран сумынхаа иргэдтэй уулзаж халуун дотно яриа өрнүүлж нутгийн яруу найрагчийн цогцолбор барих гэж байгааг хэлэхэд тэд маш сайхнаар хүлээн авч, боломж бололцоогоороо малаа хүртэл хөтөлж ирээд бидний ажилд хөрөнгийн туслалцаа үзүүллээ. Ахын маань эхнэр, үр хүүхдүүд нь, найрагч нөхөд нь нийслэлээс ирж оролцлоо. Бид ах дүүсээрээ нийлээд энэ цогцолборыг босгосон юм гэж” ярьлаа.

“Сүхбаатар” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж