Нинжа нар тулгамдсан асуудал болжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

Нинжа нар тулгамдсан асуудал болжээ

Батширээт сумын нутагт байрлах Гутайн даваанд үйл ажиллагаа явуулж байгаа компани болон нинжа нарын тухай асуудал сүүлийн үед нилээд яригдаж байна. Гутайн даваанд үйл ажиллагаа явуулж байгаа газар аймгийн цагдаагийн газрын эдийн засгийн албанаас болон мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийсэн тухай мэдээллийг бид урд нь хүргэж байсан. Бид энэ удаа тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Баярсайхантай уулзаж дараах тодруулгыг авлаа.

-Одоо яг Гутайн даваанд хэдэн компани ямар үйл ажиллага явуулж байна. Байдал ямар байгаа вэ?

-Гутайн даваанд ашиглалтын лицензтэй “Айвуун Тэс” ХХК, хайгуулын лицензтэй “Гутайн даваа” ХХК үйл ажиллагаа явуулж байгаа. “Айвуун Тэс” ХХК-д Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийгээд усан бууг нь лацадсан учир одоогоор ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Хайгуулын компанийн хувьд энэ жил хайгуул хийж байгаа. Гутайн даваанд ямар асуудал үүсээд байгаа гэхээр хууль бус алт олборлогчид талбай руу нь орсноос тухайн компани иргэдийн дунд зөрчил үүссэн. Тиймээс одоогийн байдлаар Гутайн даваа компани хамгаалалтын албаа өөрчилсөн. Орон нутгийн зүгээс Гутайн даваанд үүсээд байгаа асуудлыг ингээд хүчээр номхотгоод байх уу, эв зүйг нь олох уу гэдэг талаар иргэд олон талын оролцоотой хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байгаа. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар ашигт малтмалын хайгуул эрхэлж байгаа компаниуд гэрээ байгуулаад гар аргаар алт олборлож болохгүй. Тиймээс манай нутгийн иргэд энэ хуулийг мөрдөж нөхөрлөлийн зохион байгуулалтанд орж алт олборлох хэрэгтэй гэсэн зүйлийг хэлж байгаа.

-Саяхан цагдаагийн газраас Гутайн даваанд шалгалт хийсэн байсан?

-Саяхан цагдаагийн газрын эдийн засгийн албанаас шалгалт хийсэн. Мэргэлжийн хяналтын газраас урд нь шалгалт хийгээд шаардлага хүргүүлсэн байсан ч дахин ирж шалгалт хийгээд усан бууг нь лацадсан байгаа. МХГ-аас шаардлага хүргүүлсний дараа усан буу ажиллаж байсан гэсэн мэдээллийг өгч байсан.

-Танай сумын иргэдээс энэ уурхайг хаах тухай санал хүсэлт нилээдгүй ирдэг?

 -Энэ компани хуулийн дагуу хариуцлагатай уул уурхай эрхлэх юм бол хуулийн хэмжээнд үйл ажиллагааг нь явуулна. Ашиглалтын лицензтэй компанийн хувьд урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхээс өөр арга байхгүй. Хайгуул хийж байгаа компанийн хувьд яаж байна гэхээр, нутгийн иргэд гадны нинжа нартай хамтраад хайгуул хийж байгаа талбай руу нь ороод байгаа юм. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар ашиглалтын лиценз аваагүй талбай дээр ямар нэгэн гурвалсан гэрээ хийн нөхөрлөл байгуулаад газар эзэмшин олборлолт хийж болохгүй. Дараагийн асуудал юу байна гэхээр энэ нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа алтны уурхайд нутгийн иргэд хамтдаа ашиг орлого олъё гэдэг саналыг тавьдаг. Энэ тал дээр бид олон талын зүйлийг хийхээр төлөвлөж байна. Өнөөдөр яг шийдчих арга байхгүй байна. Цагдаа нар очоод тараадаг хэд хоногийн дараа дахиад ордог. Газрын байршил хэцүү уул хадтай өндөрлөг газар учир аль ч талаас нь яваад орчих боломжтой учир энэ газрыг өдөр шөнөгүй манах арга байдаггүй. Энэ бол манай Батширээт сум төдийгүй Хэнтий аймгийн сэтгэл зовоосон асуудал болоод байна.

– Тэнд гэмт хэрэг гарлаа гэсэн мэдээлэл байсан?

-Гэмт хэргийн хувьд архидалт танхайрал гэх мэт зүйл одоогоор гараагүй байгаа. Тэнд байсан хамгаалалтын албаныхан өөрсдөө хууль бусаар чулуу олборлож байгааг нутгийн иргэд мэдсэнээс үүдэн иргэд хамгаалалтын албаныхан чулуу авч байгаа юм чинь  бид орох ёстой гэсэн байдлаар орсон юм байна лээ. Тэгээд чулуугаа аваад буух замдаа уулнаасаа осолдсон авто ослын хэрэг гарсан.

И.Байгальмаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж