
Уг ёслолын дараа Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс Нийслэлийн Яаралтай Тусламжийн төвд нэн шаардлагатай байгаа зарим тоног төхөөрөмжийг гардуулав. МСС-ийн Эрүүл мэндийн төслөөс хүн амын дундах зам тээврийн ослоос үүдэлтэй өвчлөл, эндэгдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээний хүрээнд Яаралтай тусламжийн 103 төвд 550.000 орчим ам.долларын өртөг бүхий анхны тусламж, амилуулах суурь тусламжийн багаж, хэрэгслийг хүлээлгэн өгчээ.
Ёслолын ажиллагаанд Эрүүл мэндийн Сайд С.Ламбаа, Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, ЗГХА-ЭМГ-ын дарга Ш.Энхбат, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн Дэд Захирал Том Хүрлеи, ММСС-гийн Гүйцэтгэх Захирал С.Баярбаатар, ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн захирал А.Мөнхтайван болон албаны бусад хүмүүс, оролцогч байгууллагуудын эмч мэргэжилтнүүд оролцсон байна. Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаатай зэрэгцэн “Амилуулах суурь тусламжийн сургагч багш бэлтгэх” сургалт эхлэв. Сургалтанд Яаралтай Тусламжийн Төв болон Онцгой Байдлын Газраас мөн зарим аймгийн яаралтай тусламж үйлчилгээ хариуцсан эмч, мэргэжилтнүүд хамрагдаж, шинээр нийлүүлэгдсэн багаж тоног төхөөрөмжийг ашиглах мэдлэг чадвар олж авах юм байна. Сургалтыг ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн ЭПОС зөвлөх байгууллага зохион байгуулж байгаа аж.