
Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /НАМЗХ/-ны салбар зөвлөлөөс өчигдөр 20 залууг холбоондоо гишүүнээр элсүүлж, үнэмлэх тэмдэг гардуулжээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн МАН-ын 28 дугаар үүрийн дэргэдэх НАМЗХ-тай хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд тус дүүргийн 100 гаруй залуус оролцсон юм байна. Гол төлөв оюутан залуучууд олноор оролцсон энэхүү арга хэмжээний үеэр НАМЗХ-ноос залуучуудын талаар баримталж буй бодлогын талаар танилцуулж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хүрээнд юу юуг анхаарах шаардлагатай талаар санал бодлыг нь сонсчээ.
Энэхүү арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг, тус дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Х.Чинбат, Нийслэлийн НАМЗХ-ны нарийн бичгийн дарга А.Сэрээтэр, БЗД-ийн НАМЗХ-ны дарга Б.Жавхлан, НАМЗХ-ын тэргүүлэгч, гишүүд болон салбар зөвлөлийн дарга нар мөн тус дүүргийн есдүгээр хорооны Засаг дарга бөгөөд 28 дугаар үүрийн дарга Д.Наранцэцэг нарын хүмүүс оролцсон байна. Залуучуудыг холбоонд элсүүлэх арга хэмжээ нийслэлийн 53 дугаар дунд сургууль дээр зохион байгуулагджээ.


Г.Дарь