МНН-аас УИХ-ын гишүүн Д.Энхбатад хандан захидал хүргүүлж байгаа аж. Уг захидалд “Таныг МНН-ын гишүүн биш болохыг олонтаа мэдэгдэх, энэхүү шийдвэр нь Дээд шүүхээ баталгаажсан болохыг мэдэж байгаа гэдэгт найдаж байна. Иймээс та тус намд ямар нэгэн хамааралгүйн хувьд өмнө ашиглаж байсан намын тамга, тэмдэг, гэрчилгээг захидал хүлээн авснаас хойш 24 цагийн дотор МНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Батбаатарт хүлээлгэн өгнө үү. Таныг ухамсартай, соёлтой хүн гэдэгт эргэлзэхгүй байгаа. Өөрийгөө ямар нэг хууль эрх зүйн асуудалд оруулахгүй, хуулийн байгууллагад хандахад хүргэлгүй асуудалд шуурхай хандана гэдэгт итгэж байна” гэж дурджээ.
МНН-ынхан үүгээр зогсохгүй УИХ-ын гишүүн ИЗНН-ын дэд тэргүүн С.Оюунд хандан УИХ-ын гишүүн Д.Энхбат цаашид намыг төлөөлөх бүрэн эрхгүй тул түүний хийсэн аливаа үйлдлийг МНН хариуцахгүй болохыг анхаарах талаар сануулжээ. Мөн Д.Энхбатыг МНН-ын төлөөлөл, хууль ёсны дарга мэтээр ойлгож, харьцсан тохиолдолд гарах үр дагаврыг УИХ-ын гишүүн С.Оюун болоод түүний нам хариуцахыг мэдэгдэж байгаа аж.
Хурлын үеэр МНН-ын дарга С.Маамаа зарим асуултад хариулт авлаа.
-МНН ирэх 2012 оны УИХ-ын сонгуульд МАХН-тай эвсэж оролцоно гэх яриа байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Одоогоор тийм шийдвэр гараагүй. Нам бусад намтай нэгдэх, эвсэх эсэх асуудлыг намын нийт гишүүдийн хурлаар шийддэг. Тэр журмаараа л явна.
-Д.Энхбат гишүүн Дээд шүүх МНН-ыг бүртгэснийг хууль бус хэмээн мэдэгдэл гаргасан байна лээ?
-Дээд шүүхийн шийдвэр бол хүчин төгөлдөр, албан ёсны шийдвэр. Тэр хүний юу гэж ярих нь хувь хүний л асуудал юм. Анх Д.Энхбат гишүүнд манай намын нөхөд итгэл хүлээлгэж намын даргаар сонгосон. Дараа нь манай намаас нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон. Үүнийхээ дараа МНН-ыг тараах талаар л ярьж эхэлсэн шүү дээ. Тиймээс л бид намаа аврах хөдөлгөөн байгуулж, есдүгээр ээлжит хурлаа хуралдуулсан. Бүх зүйлийг хууль ёсны дагуу хийсэн учраас эргэлзэх зүйл алга гэх хариулт өглөө.
МНН-ынхан Д.Энхбат гишүүнээс намын тамга тэмдэг, гэрчилгээгээ авахыг хүслээ. 24 цагийн дотор хүлээлгэн өгөхгүй бол хуулийн байгууллагад хандана гэж мэдэгдсэн юм. Энэ талаар МНН-ын дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүхэд бүртгүүлэхэд хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан, хуульч О.Баасанхүүгээс тодрууллаа.
-УИХ-ын гишүүн Д.Энхбат 24 цагийн дотор намын тамга, тэмдэг, гэрчилгээгээ хүлээлгэн өгөхгүй бол ямар алхам хийх вэ?
-Бид УИХ-ын гишүүн Д.Энхбатыг боловсролтой, ёс суртахуунтай хүний хувьд байгууллагын тамга, тэмдгийг хууль бусаар ашиглахгүй гэж итгэж байгаа. Хэрэв заасан хугацаанд хүлээлгэн өгөхгүй бол Прокурорын байгууллагад гомдол гаргана. Хууль ёсны бус этгээд аливаа байгууллагын тамга тэмдгийг хүлээлгэн өгөхгүй байх нь гэмт хэрэг юм.
-Дээд шүүх ИЗНН-ыг бүртгэх асуудлыг зориудаар гацааж байгаа гэх мэдэгдлийг Д.Энхбат гишүүн хийгээд байгаа?
-Дээд шүүхэд ИЗНН-ыг бүртгүүлэх талаар материалаа өгсөн ч тодорхой шаардлага хангаагүй болохоор буцаасан юм билээ. Тэдний зүгээс дахиж Дээд шүүхэд хандаагүй мөртлөө бүртгэх асуудлыг гацааж байна гэж ярих утгагүй. МНН-ыг бүртгэлийг хууль бус гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй гэдгийг баттай хэлж чадна.