Саяхны УИХ-ын Байнгын хорооны хуралдаанаас эхлэн Д.Арвин гишүүн нэгэн сэдвээр шоудаж байгаа. Тэрбээр, “Эх орны хишиг, хувийг иргэдэд олгохдоо үйлчилгээний хураамжинд авч буй 350 төгрөгөөс болж ард түмний амьдрал баларч байна” гэж ирээд л нулимс унагах нь холгүй мэдэгдсэн. Түүний энэхүү улс төрөөс болж, ард түмэн юун 350 төгрөг нэмүүлэх, гар дээрээ бэлнээр авдаг 20 мянга гаруй төгрөгөөсөө салахад хүрчээ. Тодруулбал, Д.Арвин гишүүний улс төрийн тэмцлийн дагуу Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас энэ сарын 14-нд “Хадгаламж“ банкинд хандан албан бичиг хүргүүлжээ. Уг бичигт “Эх орны хишиг, хувийг иргэдэд бэлнээр олгохдоо үйлчилгээний хураамжинд авч байгаа 350 төгрөгийг хэрхэх талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх тул тодорхой шийдэл гартал Хүний хөгжил сангийн мөнгө олгохоо түр зогсооно уу” гэжээ. Үүний дагуу Хадгаламж банк уг мөнгийг олгох ажлаа түр зогсоосон байна. Тус банкнаас иргэдэд хандан “Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 4/2189 албан тоотын дагуу аравдугаар сарын 15-наас эхлэн Хүний хөгжил сангийн мөнгөний олголтыг түр зогсоосныг мэдэгдэж байна. Засгийн газрын хуралдааны эцсийн шийдвэр гарсны дараа хэвийн олгох болно” гэсэн мэдэгдлийг гаргасан байна.
Ийн Хүний хөгжил сангийн 21 мянга гэдэг мөнгө дахин хэзээ олгогдох нь тодорхойгүйгээр зогсов. Үнэнийг хэлэхэд энэ мөнгөөр амьдралаа залгуулдаг, өрхийнх нь цорын ганц орлого болж байдаг айлууд цөөнгүй. Төрийн бодлогоор ядуурлыг бууруулахад тодорхой дэмжлэг болон олгогдож байв. Харин Д.Арвин нарын гишүүдийн сонгууль угтсан шоуны сэдэв болон хэсэгтээ амилахааргүй “нүд анив” бололтой. Уг асуудлыг Засгийн газар удахгүй хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, энэ оны үлдсэн гурван сар, ирэх оны эхний зургаан сарын шимтгэлийн мөнгийг хаанаас гаргах, яаж төвлөрүүлэхээ шийднэ. Дараа нь эцсийн шийд гаргана. Төсөвт суулгана. Мөнгө төсвөөс банк руу шилжинэ. Тэгж байж иргэдийн гар дээр очно.
Юутай ч ийм дамжлагаар хэлэлцсээр хэдэн сарын нүүр үзэх 350-ийн асуудал яг хэзээ шийдэгдэх нь бүрхэг үлдэж байна. Д.Арвин нарын төлөвлөснөөр ирэх сонгуулийн өмнө л нэг тийш шийдэгдэх төлөв харагдаж буй тухай эх сурвалжууд хэлж байна. Д.Арвин гишүүн ингэж сонгуулийн өмнө ард түмэнд зориулан “гэнэтийн бэлэг” барилаа.
Б.ГарьдЗохиогчийн эрх: “Өдрийн шуудан” сонин