Канцлерын айлчлал Монголд юу үлдээв

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

Канцлерын айлчлал Монголд юу үлдээв

Канцлерын айлчлал Монголд юу үлдээв
Сүүлийн сар гаруйхны дотор Монголд айлчлаад буцсан гадаадын улс орны тэргүүнүүдийн зургаа дахь нь ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель болов. Тэрбээр өнгөрсөн лхагва гаригийн үдэш ирээд пүрэв гаригийн үдээс хойш буцсан. Үндсэндээ нэг өдөр манай улсад ажилласан гэхэд болно. Ерөнхий сайдын урилгаар хийсэн Ангела Меркелийн албан ёсны айлчлал Монгол Улсын нэр хүндийг олон улсын анхааралд ойртуулсан бас нэгэн үйл явдал болсон нь дамжиггүй. Герман бол Европын холбооны хамгийн нөлөө бүхий улсын нэг. Мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болон НАТО-д тэргүүлэх байр суурьтай.  Эдийн засгийн үзүүлэлтээрээ АНУ, Япон, БНХАУ-ын дараа дөрөвдүгээрт бичигддэг. 82 сая орчим хүн амтай дэлхийн энэ хүчирхэг гүрний нэр нөлөө, байр суурийн талаар ярих нь илүүц биз.

Тавантолгойн эздийн жагсаалтад Герман улс нэрээ бичлээ

Ангела Меркелээс өмнө хамт шахам бөөнөөрөө ирсэн зарим улсын тэргүүний  хувьд  айлчлалын зорилго нь шууд утгаараа манай Тавантолгойд чиглэж байв. А.Меркелийн айлчлалыг ч бас үүнтэй төстэй, Монголоос газрын ховор элемент авах талаар ярилцахаар ирнэ гэцгээж байлаа. Олон улсын ажиглагчид  Канцлерын айлчлалыг “Германы тал Монголтой ашигт малтмалын салбарт хамтран ажиллах, тэр дундаа газрын ховор элемент ашиглах талаар яриа хэлэлцээр хийнэ” гэж таамаглаж байв. Мөн гадаадын хэвлэлүүдэд “Ангела Меркель ОХУ-д хийх айлчлалаа цуцлан Монголд очих гэж байгаа нь Монголын газрын ховор элементэд анхаарлаа хандуулж буй хэрэг” гэж мэдээлж байлаа.  Манай хэвлэлүүдэд ч “Герман улс Б.Хурцыг тавьж явуулсныхаа оронд газрын ховор элемент авах, цаашилбал уул уурхайд тодорхой байр суурьтай болох зорилго агуулж буй. Энэ нь Ангела Меркелийн айлчлалаар тодорхой болно” гэсэн мэдээлэл, таамаглалыг дэвшүүлж байсан. Харин ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель манай улсад 16 цаг саатахдаа дээрх мэдээллийг баталсан гэрээ хэлэлцээрүүдийг хийж амжив. Гэхдээ Б.Хурцаар барьцаалсан эсэх нь бүрхэг. Эх сурвалжийн хэлж буйгаар, айлчлалын үеэр хийгдсэн гэрээ, хэлэлцээрүүдийг  Б.Хурцын асуудлаас өмнө төлөвлөчихсөн байсан гэх. Айлчлалын үеэр хийсэн хамгийн том гэрээ нь Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр. Хэлэлцээрийн баримтыг ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Петер Шаллер нар баталгаажуулж гарын үсэг зурсан. Үүнтэй холбогдуулан Уурхайн гэрээт олборлогчдын тухай “Эрдэнэс Тавантолгой”, Германы “ББМ Оперта” групп, Хамтран ажиллах тухай  “Эрдэнэс Тавантолгой” Германы “Сийменс” ком­панийн удирдлагууд гэрээ бай­гуулж, гарын үсэг зурцгаав. Дээрх хэлэлцээрийг ажил хэрэг болгохыг яаравчлахаа канцлер Ангела Меркель хэлсэн бөгөөд хоёр улсын Засгийн газар хоорондын комисс байгуулах талаар айлчлалын үеэр яригджээ. Ажлын хэсэг ашигт малтмалын хайгуул, судалгаа, шинжилгээ, олборлолтод хэрхэн хамтрах талаарх асуудлыг шийдвэрлэх аж.

Монгол Улсыг ЕАБХАБ-д гишүүнээр элсүүлэхээ канцлер амлав

Монгол, Герман улсууд урьд нь томоохон төсөл хөтөлбөрүүд хамтран хэрэгжүүлж байсан туршлага байхгүй. Гэсэн ч Германы Канцлер зөвхөн ашигт малтмалын салбарт бус боловсрол, шинжлэх ухаан, дэд бүтцийн салбарт хамтран, хөрөнгө оруулахаа илэрхийлсэн.Түүнчлэн Канцлерын айлчлалын үеэр Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс дэх усны ашиглалт, хангамжийн ТЭЗҮ-ийг боловсруулах, зөвлөх үйлчилгээний тухай нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Германы “ГАУФФ инженеринг”  компанийн хоорондын хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурав. Энэ айлчлалын бас нэг онцлог нь ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийн УИХ-ын хүндэтгэлийн чуул­ганы индэр дээрээс хэлсэн үг байв. Өмнө нь ОХУ, АНУ, БНКУ, БНХАУ-ын удирдагчид хүндэтгэлийн чуулганд үг хэлж байлаа. Тэд зөвхөн улс орныхоо эрх ашгийн төлөө, эсвэл дэлхийн хэмжээний томоохон асуудал яриад өнгөрдөг бай­сан бол Ангела Меркель  Монгол Улсад чиглэсэн, зориулсан үг хэлснийг олон ул­сын ажиглагчид онцолж байна. Тэрбээр, Монгол Улс  цаазаар авах ялыг халсан улсуудын эгнээнд жинхэнэ утгаар нь нэгдэхийг, намрын чуулганаараа хүний язгуур эрхийг хангасан Сонгуулийн хууль батлахыг, уул уурхайгаас олох ашгаа ард түмэндээ хүртээмжтэй байдлаар зарцуулахыг, боловсрол эрүүл мэндийн салбараа орхигдуулахгүй байхыг зөвлөсөн. Дээрхээс гадна дэд бүтцийн салбарт Герман улс хөрөнгө оруулахад бэлэн байгааг хэлэв. Үүнээс гадна Монгол Улсын олон улс дахь нэр хүндэд чухал нөлөө бүхий Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад Монголыг гишүүнээр элсэхэд нөлөө үзүүлэхээ амласан. Юутай ч энэхүү айлчлал нь Монгол, Герман улсын хамтын ажиллагааны шинэ түүхийг эхлүүллээ хэмээн ажиглагчид дүгнэж байна. Хэдийгээр бусад улсуудын адил уул уурхайд хамтран ажиллах сонирхол Германы талд ихээхэн байгаа ч нийгмийн  олон салбарт хөрөнгө оруулж, олон улсад Монголын нэр хүндийг өргөхөд бодитой хувь нэмэр оруулах нь тодорхой болж буй ажээ.

Монгол сэтгүүлчид айлчлалыг ингэж сурвалжилдаг

Дашрамд, алив улс орны тэргүүн нарын айлчлалыг зохион байгуулдаг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар хийгээд тус яамны Хэвлэл мэдээллийн албаны ажилтнуудад зориулж хэлэх үг байна. Сар гаруйн хугацаанд зургаан улс гүрний төрийн тэргүүн манай улсад айлчлав.  Сүүлчийнх нь хатагтай Ангела Меркель. Айлчлалыг сурвалжлах багийг ямар ч сонин, телевиз эртнээс томилж, зай талбай, эфирийн цагаа  харамгүй зориулдаг. Гэтэл сурвалжлах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ГХЯ-ны ХМА бүх зүйлийг хаалттай болгож орхиж. Бизнесээр бол монополь  тогтоочихжээ. Хэд хоногийн өмнөөс сүртэй нь аргагүй сэтгүүлчдийн нэрийг авна. Мандат, хөтөлбөрөө хугацаанд нь өгөх ойлголт байхгүй. Канцлерын айлчлалыг сурвалжлах баг маань ирэх өдрийнх нь үдээс хойш мандат, айлчлалын хөтөлбөрийг олж авсан. Заасан хуга­цаандаа өгчихвөл зүгээр юм сан гэж царайчлан хэлсэн үгийнхээ хариуд ХМА-ны жижигхэн охиноор “Ажил ихтэй байхад юу гээд байгаа юм. Авбал ав. Эсвэл боль” хэмээн тас загнуулаад гарах жишээтэй. Дээрээс нь айлчлалын арга хэмжээ бүр хаалттай явагдана. Зарим үйл явдалд ганц нэг телевизийн камер, сонины гэрэл зурагчныг оруулна. Зочны талын хэвлэл, мэдээллийн ажилтнууд бүх ажлаа ном дүрмээр нь хийнэ. Тэд бүх үйл явдалд оролцож сурвалжилдаг. Харин монгол сэтгүүлчид хаалганы гадна. Үндсэндээ ма­най сэтгүүлчид камер, фото аппаратаасаа болсон үйл явдлыг харж нийтлэл, нэвтрүүлгээ бэлтгэдэг гэвэл хилсдэхгүй. Уг нь тухайн ХМА-даас мэдээллийг бэлтгэн ирүүлдэг л дээ. Гэлээ ч  сурвалжлага бол сурвалжлагч, сэтгүүлчид өөрөө үзсэн харсан, мэдэрснээ олон нийтэд хүргэдэг сэтгүүл зүйн төрөл. Түүнчлэн Ангела Меркельд зориулсан хүндэтгэлийн чуулганд УИХ-ын Тамгын газраас хоёрхон телевизийн камер оруулахыг үүрэгдсэн аж. Бид айлчлалыг ингэж л сурвалжилж, олон нийтэд хүргэж байна. Үүнийг Г.Занданшатар сайд болон тус тусын ХМА-тай Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар анхааралдаа аваасай.

Б.Төмөртогоо

Зохиогчийн эрх: “Өдрийн шуудан” сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж