”Фортуна” ууртай байна

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

”Фортуна” ууртай байна

УИХ-ын гишүүн “Фортуна” Н.Бат­баяр сүүлийн үед олны ан­хаарлын төвд байна. Ардын нам, Ардчилсан намынхан хоорондоо ялгарахаа больсны тод жишээг түүнээс харж болохоор байгаа. УИХ-ын гишүүн О.Чулуунбаттай нийлж саяхан хэвлэлийнхэнд “С.Баяр бол “Зоос” банкийг зориуд дампууруулсан гол хүн шүү” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Үүнээс өмнөхөн  Засгийн газрыг огцруулах хоёр намын 20 гишүүний шаардах бичгийг ч түүний нэр дээр хийгээд Ерөнхий сайдад атгуулсан гэх. Ардчилсан нам, Ардын намын гишүүдийн сүүлийн үеийн “цус ойртолт”-ын гол зохион байгуулагч нь “Фортуна” гэж шууд биш ч гэлээ алсуур нь дүгнэх хүн цөөнгүй байна. Ер нь л энэ Засгийн газрын үйл ажиллагаанд эрс шүүмжлэлтэй хандаж буй гишүүдийн нэг нь тэр. Гэхдээ ард нь сууж үлддэг бус урд эгнээнээс удирдаж байгаа идэвхтэй нэгэн гэхэд болно. Засгийн газар яагаад гадны компанийг цээжээрээ хамгаалж байгаа юм бэ. Энэ Засгийн газрыг Монгол Улсын эрх ашгийг хамгаална гэж найдах хэрэггүй болжээ” гэсэн утгатай зүйлийг ч байнга ярьдаг нь Н.Батбаяр. Тийм учраас нэр бүхий 20 гишүүнийг хүчтэй лоббидсон уу, эсвэл өөр ид шид ашигласан байх хэмээн  хошигнох ч хүн байна. Ард түмний дуу хоолой болж, энэ төрийн төлөө санаа тавьж буйг буруутгаж боломгүй. Харин ч Ардын намын гишүүдийг хүртэл урвууулаад даргынх нь эсрэг босгоно гэдэг хэр баргийн хүний сэдэх санаа лав биш. Нэгэн үе Ц.Элбэгдоржийн Засгийн газарт Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан түүнийг сүүлийн үед Архангайн хоёр бөө гишүүний нэг ч гэх болсон. Үнэн худлыг бүү мэд. Ямар ч гэсэн Ж.Наранцацралт агснаас тухайн үед сайдын тамгаа шөнийн гурван цагт очиж хүлээж авч байсан нь онгод сахиусынх нь айлдвар байсан ч гэж ярих хүн байдаг. Хэсэг хугацаанд нам гүмхэн байснаа саяхнаас Засгийн газрын үйл ажиллагааг хүчтэй шүүмжилж, Ардын намын экс даргатай хүртэл хагаралдаад эхэлсэн нь ямар учиртай юм бол доо. Тэр их ууртай байна, ойрдоо. Одоо хүчин төгөлдөр үйлчлэхгүй байгаа ч гэсэн 68 хувийн татварын автор нь Н.Батбаяр гишүүн байсан. Тиймээс үүнийг тэглэсэнд нь хилэгнэж, энэ Засгийн газартай тооцоо бодохоор шийдсэн ч байж болох юм.          

Н.Мөнхтөвшин

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж