Шведийн нийслэл Стокольм хотын хажууханд байх Юурдбруд гэх хотын нийтийн хоолны үйлдвэрт шалгалт хийсэн байна. Энэхүү шалгалт нь нийтийн хоолны чанар, стандартын шалгалт байсангүй. Харин хууль бус иргэдийг баривчлан саатуулах кампанит ажил байсан аж. Энэ шалгалтаар тус улсад амьдрах албан ёсны визгүй гадаадын 32 иргэнийг саатуулсан бөгөөд тэдний дунд монголчууд байсан гэнэ. Тэдний ажилладаг нийтийн хоолны үйлдвэрийг “Eat Food Factory Europe AB” гэдэг юм байна. Уг үйлдвэр Шведийн агаарын тээврийн “Sas” компани, “SJ” төмөр зам, “Coop”, “Lidl” зэрэг томоохон аж ахуй нэгжүүдэд бутерброд, хөнгөн зууш нийлүүлдэг аж. Бас Скандинавын орнууд дотроо л томд ордог үйлдвэр гэж байгаа. Манай хэдэн монголчууд үнэхээр мундаг байна аа. Тэр том үйлдвэрт ажиллаад туршлага хуримтлуулаад, өөрийн гэсэн мэдлэгийг олж авч чадаж байна шүү дээ. Ямар ч байсан Монголд хэрүүл хийгээд байдаг хэдэн жагсагчдаас л арай дээр байна. Мөн Өмнөд Солонгост ажиллаж байгаа олон мянган монголчуудыг мартаж болохгүй. Байшин барихаас авахуулаад хүний гэрт үйлчлэгч, гахай маллагч, хүүхэд асрагч гээд хийхгүй ажил гэж манайханд алга. Японд ажиллаж амьдарч байгаа монголчуудыг ч биширмээр. Нийтийн хоолны газар зөөгч хийхээс авахуулаад, мэргэжлийн сумод нь хүртэл барилдаж байна шүү дээ. Манай улсыг хүн ам цөөтэй гэж ярьдаг. Бид ч үүндээ итгэчихсэн хүмүүс. Гэтэл гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа талаар мэдээлэл сонсох бүрт “Бид цөөхөн биш шүү дээ” гэх бодол төрмөөр. Бид улсынхаа эдийн засаг, нийгмийн байр байдалд санаа зовохоосоо илүүтэй гадны орны эдийн засагт түлхүү анхаардаад байгаа шүү дээ. Монголчууд Японд, Өмнөд Солонгост, Шведэд гээд хаана ажиллаж байгаа тэр газартаа баялаг бүтээж байна. Монгол бол яах вэ, тэгэж байгаад болох юм хойно. Гол нь дэлхийн бусад улс шүү дээ, бидний хувьд. Японы мэргэжлийн сумогийн дэвжээнд барилдаж байгаа манай хэдэн бөхчүүд бол Монголын үндэсний бөх гэхээсээ илүүтэй Японы үндэсний сумо бөхийн спортод л илүү санаа зовж байна шүү дээ. Монгол яах вэ, байж л байна. Гол нь дэлхийн улсуудыг л хөгжүүлэх хэрэгтэй. Тэнд л баялаг бүтээх нь бидэнд дэндүү ашигтай харагдаж байна.
Б.Энхмөнх
"Улс төрийн тойм" сонин