Саяхан Германы Канцлер Ангела Меркел ирээд явлаа. Би Ангела Меркелтэй мэндчилээд өнгөрөв. Сэтгэл бага зэрэг хөдөлсөн л дөө. Тэгэхээр нь барьж аваад үнсчихлээ. Ямар, уруул дээр нь үнссэн биш, сүртэй юм. Сэтгүүлчид намайг “Гүндалай гишүүн Ангела Меркелийг барьж аваад үнсчихлээ. Ёстой ичмээр юм аа, энэ Гүндалай ингээд гүн балайрах юм аа” гээд л бичиж, ярьж байна. Би бол яадгийм гэж бодож байгаа. Меркелийг үнссэнээс хойш хэд хоног сэтгэл өндөр, сайхан байна. Нээрэн, Меркельтэй тэгж уулзахад их хэцүү байсан шүү. Элбэгээ, Дэмбээ хоёр Меркелийн нөгөө талаас чангаагаад. Яахав, эмэгтэй хүн чинь тэгээд байхаар санаа нь зовно биз дээ. Гэхдээ л дуртай байна билээ. Меркель хэдтэй, би хэдэн настай билээ. Меркелийн хувьд би нэг их гологдохгүй ээ. Тэгээд ч би зүгээр нэг балай амьтан биш. Монголын парламентын архаг гишүүн.
Ядаж байхад Меркель бид хоёрыг хараад энэ муу Нямдорж ямар муухай ёжтой инээж байна аа. Цаана нь Баян-Өлгийн “хэлгүй” Тлейхан хүртэл. Бас Ардын намын Бямбацогт жуумалзаад л байсан байгаа юм. Ер нь Нямдорж өөрөө ингэж чадахгүй л дээ. Дотроо атаархаж байсан биз.
Германы Канцлер ирээд, тэр тусмаа хэдхэн метрийн цаана зогсч байхад Гүндалай би яаж Нямдорж шиг зүгээр хараад суух юм бэ. Би чинь Германд эмчийн дипломтой болж, Германаас энэ муу “Атилла”-гаа босгосон юм шүү дээ. Буянгийн Жагаа намайг Германд сураагүй. Хуурамч дипломтой ч гэх шиг, доромжилдог юм. Бараа таваараа нааш нь ачуулна гээд зав муутай, хичээлээсээ чөлөө их авдаг байсаан, нуухгүй. Харин диплом маань баараггүй жинхэнэ шүү. Буянгийн Жагаад ойлгуулчих юм сан. Би гишүүн болсноосоо хойш Монгол-Германы харилцааны төлөө их юм хийгээгүй ч сэтгэл зовнисоор ирсэн. Одоо Германы бизнесмэнүүдтэй байнгын харилцаатай байдаг. Берлиний хаана ямар баар байдаг, Бундестагийн ордон хаанаа байдгийг надаас сайн мэдэх хүн энэ УИХ-д байхгүй. Тэрбишдагва жаахан гадарлаж магадгүй байх.
Ер нь Германд би элэгтэй. Миний хоёр дахь эх орон гэж хэлэхэд болно. Энэ муу Нямдорж мэт дургүй хүргээд, бас Хөвсгөлийнхэн маань нүүр буруулаад ирвэл Германд очиж Бундестагийн гишүүн болно гэж бодож байгаа. Сонгуулийн тогтолцоо энэ тэр нь манайхтай адилхан гэсэн. Би УИХ-д яаж ийгээд л дөрөв дахин сонгогдсон. Яаж ийгээд шүү. Уг нь хэцүү юм байна билээ. Анх 2000 онд юу ч мэдэхгүй хүн Төрийн ордонд орж ирснээ мартдаггүй юм. Яваандаа болдог л юм. Хууль энэ тэр ярихад нь мэддэг юм шиг оролцоод л гүйгээд байх хэрэгтэй. Харин одоо бол би Меркелийг үнсчих хэмжээнд очсон. Би ямар Энэтхэгийн Ерөнхийлөгчийг үнссэн биш. Германых болохоор надад эрх нь байгаа гэсэн үг.
Сая ийм нэр хүндээ өсгөх пиар хийгээгүй бол балрах нь байна шүү. Ирэх сонгууль дөхөөд байгааг хэлэх үү, надад шоудчих сэдэв ч олдохгүй байсан болохоор өөр арга байгаагүй л дээ. Дахин нэг сонгогдохгүй бол Гүндалай хүү баларна. Нөгөө Авлигынхан чинь “Хап” гээд л бариад авна биз. Тэгээд баахан төрийн мөнгө идсэн хэргээр шорон руу шидчихнэ. Ганцхудагт хоёр ч удаа орж үзсэн. Аймаар газар байна билээ.
Ер нь иймэрхүү шоу хийчихэд дээр хэлснээс гадна их ашигтай. Нэр маань зөвхөн Монголд, Хөвсгөлд биш гадаадад ч гарна. Өмнө нь Америкийн Бушийг ирэхэд зав чөлөөгөөр нь самбаачлан байж гар барьсан маань оносон. Тэр үед Энхбаяр намайг их муухай харж байж билээ. Сая ч гэсэн Элбэгээ, Дэмбээ хоёрын над руу муухай харж байгааг ээ. Гэхдээ л одоо Германы хэвлэлүүдээр Меркель бид хоёрын үнсэлцэж байгаа зураг, дүрс бичлэг гарна гэж бодохоор сэтгэл хангалуун байна.
Энэ сэтгүүлчид, улстөрчид “Төрийн хүний ёс зүйгүй” гэж ирээд л шүүмжлээд байх юм. УИХ-ын гишүүн хүн чуулганы танхимд юу ярьж, ямар үйлдэл хийх нь өөрийн дур, хариуцлага энэ тэр яригддаггүй гэдгийг мэддэггүй юм уу, хаашаа юм. Бас улстөрч хүн хааяа иймэрхүү сонин зүйлийг ард түмэнд үзүүлж байх хэрэгтэй шиг байгаа юм. Үүнийг туршлагаараа хэлж байна. Ингэж явдгийнхаа хүчинд л би өдий зэрэгтэй яваа. Би гэлтгүй бүгд л ийм. Улайм цайм худлаа ярьсаар байгаад л сонгогддог шүү дээ. Бүгдийг нь мэдэх юм чинь. За, энэ ч яахав, тэртэй тэргүй ил тод болсон зүйл. Ямар ч байсан ирэх сонгуулийнхаа пиарыг эхлүүлчихлээ. Амьдрал сайхан байна аа. Тэгж байгаад ганц сайхан сэдэв олоод үзчихвэл дахиад гараад ирнэ. Бүх юм “ногоон гэрлээр” гэсэн үг. За байз, намайг Меркельтэй үнсэлцсэнийг тойргийнхон маань мэдэж үү, үгүй юу. Мэдээгүй бол зургийг минь хэдэн мянгаар нь хувилаад Хөвсгөлийн шууданд хий гэж туслахдаа хэлэхээс.