Нүүрсний үнэ буурах төлөвтэй байна

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

Нүүрсний үнэ буурах төлөвтэй байна

Азийн зах зээлд ирэх онд коксжсон нүүрний үнэ буурах төлөвтэй байна. Энэ нь Хятадын импорт буурсантай холбоотой юм. Түүнчлэн коксжсон нүүрсний нийлүүлэлтээр тэргүүлдэг Австра­лийн экспорт хэсэг хугацаанд буурсны эцэст дахиад нэмэгдэх хандлагатай боллоо.

Автралид нүүрсний бүтээгдэ­хүүний гаралтаар тэргүүлдэг New­castle боомтын шинжээчдийн гар­гасан мэдээлэлд дурьдсанаар нэг тонн нүүрсний үнэ ирэх онд 115-125 ам.долларын хооронд хэлбэлзэх бололтой. Өнгөрсөн нэгдүгээр сард нэг тонн коксжсон нүүрсний үнэ 138.5 ам.доллар хүрч, сүүлийн гурван жилд байгаагүй дээд амжилт тогтоосон. Энэ нь Австралийн зүүн, хойд эргийн Квинсланд мужид үер болсоноос томоохон уурхайнууд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсонтой холбоотой юм. Лондонд төвтэй “Barlcays”-ийн шинжээч Мисвин Мэхиш “Өмнө нь нийлүүлэлт саатсанаас болж нүүрсний үнэ өсч байв. Гэхдээ одоо эрэлт буурч байгаагаас болоод ирэх онд үнэ нь буурах төлөвтэй байна” хэмээн дүгнэжээ.

Хятад улс нүүрсний эрэлтээр дэлхийд тэргүүлдэг. Тиймээс Ин­донез, Австралийн олборлогчид Хята­дад гол анхаарлаа хандуулж, бү­тээгдэхүүнийхээ дийлэнхийг тус улсад нийлүүлдэг. Энэ оны нэг­дүгээр улиралд Азид цаг агаар нэ­лээд хүйтэрсэн учир эрчим хүчний компаниуд нүүрсний хэрэглээгээ нэмсэн. Тиймээс өнгөрсөн хавар нүүрсний зах зээлийн эрэлт их байв. Өнгөрсөн долоодугаар сард Хятадад цаг агаар хэт  халсны улмаас агаар хөргөгчийн эрэлт ихэсчээ. Үүнийг дагаад эрчим хүчний эх үүсвэрийг бүрдүүлэгч нүүрсний эрэлт өсч, 17.5 сая тоннд хүрсэн юм. Гэхдээ байгалийн хүчин зүйлээс хамаарч байгааг эс тооцвол ерөнхийдөө эрэлт нь буурах төлөвтэй байна. Хятадын хувьд энэ оны эхний найман сарын байдлаар 104 сая тонн нүүрс импортолжээ. Харин ирэх оны мөн үед энэ тоог 90 сая тонн болгон бууруулахаар болсон тухай албаны төлөөлөгчид мэдээлсэн байна. Энэ нь нүүрсний зах зээлд нөлөөлж, үнийг нь хямдруулах нь дамжиггүй. Энэ сарын 9-ны байдлаар Кинхуандао боомтод нэг тонн нүүрсний үнэ сүүлийн хоёр жилд байгаагүй бага түвшинд хүрч байв. Гэхдээ агуулах дахь нөөц буурахын хэрээр Хятадын тал ойрын хугацаанд нүүрсний импортоо нэмэгдүүлж магадгүй гэх таамаг ч байгаа юм. Үүнээс болж ирэх арванхоёрдугаар сард нүүрсний үнэ дээд амжилт тогтоож мэднэ. Хятадад нүүрсний тээвэрлэлтээр тэргүүлдэг төмөр замыг сэргээн засварлах ажил өрнүүлж байгаагаас болоод тус улсын боомтууд дахь агуулахын нөөц буурч эхэлсэн. Дакины төмөр зам эвдэрсний уршгаар Хятадын нүүрсний нийлүүлэлт өдөр тутамд 300 мянган тонноор тасалдаж байгаа аж. Гэхдээ энэ бол түр хугацааны асуудал. Төмөр замын ажил эргээд хэвэндээ орсны дараа нүүрсний эрэлт дахин сулрах нь дамжиггүй.

Харин Индонезид нүүрсний үйлдвэрлэл эрчимжих төлөвтэй байна. Энэ оны эцэс гэхэд тус улс 340 сая тонн нүүрс үйлдвэрлэх тооцоо бий. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад зургаан хувиар өснө гэсэн үг. Энэ тухай Индонезийн Нүүрсний олборлолтын нийгэмлэгээс мэдээлжээ. Харин Авст­рали улс ирэх онд 135 сая тонн нүүрс олборлож, 2011 оныхтой харьцуулахад бүтээгдэхүүний гар­цаа 12 хувиар  нэмэх төлөвтэй байгаа.  Өөрөөр хэлбэл, нүүрсний ний­лүүлэлт цаашид өссөөр байх юм. Энэ оны эцэс гэхэд улс орнууд нийт 730 сая тонн нүүрс үйлдвэрлэх бол 2012 онд энэхүү тоо 788 сая тонн болж өсөх тооцоо бий.

Одоогийн байдлаар коксжсон нүүрс­ний экспортоор Автрали, Ка­над, АНУ тэргүүлж байгаа. Харин түүний араас Индонез, ОХУ орох юм. Манай улсын хувьд 6.4 тэрбум тоннын нөөцтэй Тавантолгойн ба­руун Цанхийг эргэлтэд оруулаад эхэлбэл нэлээд дээгүүр жагсана. Тавантолгойгоос гадна Овоот тол­гой, Ухаа худаг, Улаан-Овоо зэрэг нүүрсний асар их нөөц бүхий ордууд хэдийнэ эдийн засгийн эргэлтэд ороод эхэлсэн билээ. Гэхдээ ерөнхийдөө эрэлтээс давсан нийлүүлэлт бий болох төлөвтэй байгаа нь үнэ буурах гол шалтгаан болж байна. Уг нь энэ оны эхэнд шинжээчид нүүрсний эрэлт ихэснэ хэмээн таамаглаж байсан юм. Гэхдээ оны эцсээр гангийн үйлдвэрлэл буурч магадгүй учир түүнийг дагаад нүүрсний ханш ч буурч мэдэхээр байв. Манай улсын хувьд 2015 он гэхэд Хятадын коксжих нүүрсний хэрэглээний 52 хувийг дангаараа хангана гэх тооцоо бий. Гэхдээ эдийн засгаа хөргөх бодлого баримталж байгаа учир Хятадын зах зээл тодорхой хэмжээнд хумигдаж магадгүй юм.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж