Сонгуулийн систем ямар байх тухай эрх баригчид маргалдаж, хэвлэл
мэдээллийн хэрэгсэл, төрийн ордноор мэтгэлцээн өрнөсөөр удлаа. Ямар
систем байхаас хэн ялах нь шалтгаална гэсэн хандлагаар энэхүү маргаан
даамжраад байх мэт. Ард түмний хувьд шударга сонгуулийг хүсэн байна.
Шударга гэдэг нь ерөнхий ойлголт боловч энэ үгийн цаана хотынх,
хөдөөнийх ялгаваргүйгээр иргэн болгоны санал үнэлэгддэг, өгсөн санал нь
эзэндээ очдог, хэн нэг зальхай этгээд луйврын замаар гарч ирдэггүй байх
гэсэн үндсэн утга агуулагдаж байгаа. Сонгуулийн ерөнхий хороо нь
будлиантай сонгууль зохион байгуулчихаад, түүнийг нь шүүмжилсний хариуд
дарга нь “сонгуулийн дүнг өөрчилнө гэвэл та нар битгий мөрөөд” гэж дахин
зандарвал энэ ард түмэн тэвчихгүй.
Эдийн засгийн өсөлт цөөнхийг хэт баяжуулж байгаа, сонгогдож гарчихаад
адилхан баяжих хүсэлтэй дараагийн ээлжнийхэн нь ухаж ч эхлээгүй баялгийг
өдөр болгон амласаар байгаад олон нийтийг хэмжээ хязгааргүй баялгийн
жинхэнэ эзэд нь, одоо хуваарилах л үлдсэн гэдэгт итгүүлчихсэн энэ үед
сонгуулийн луйвар, булхайгаас үүдэлтэй нийтийг хамарсан эмх замбараагүй
байдал үүсвэл 7 сарын 1-ний үйл явдал дэргэд нь юу ч биш байхаар сүйрэл
рүү хөтлөнө. Ийм учраас сонгуулийн хуулийг шинээр батлахдаа зайлшгүй
шийдвэрлэвэл зохих асуудал нь сонгуулийн булхайгаас сэргийлэх арга зүй,
хууль зүйн механизм юм.
Нарийндаа бол мажоритар, пропорционал гэсэн гадаад үгийг ухаж ойлгохгүй
байгаа хүмүүс цөөнгүй бий. Харин булхайцаж луйвардах башир арга, саналаа
хулгайлуулахын харууслыг бүгд мэднэ.
Жил бүрийн сонгуулийг дагаад дээрх долоон төрлийн булхайг тойрсон
маргаан гардаг. 2008 оны сонгуулиар маргаан гаргаж шийдвэрлүүлэх
боломжийг нь хүртэл хаачихсан. Арга ядахдаа сонгуулийн ерөнхий хорооны
даргын үйлдлийг хууль бусад тооцуулахаар иргэний журмаар шүүхэд хандаж,
ялалт байгуулсан Р.Бурмаа өнөөдөр гудамжинд л явж байна. Уг нь
сонгуультай холбоотой маргааныг шуурхай шийдвэрлүүлэх боломжийг хуульд
тусгаад өгчихсөн бол ардчилсан намаас Р.Бурмаа, ардын намаас Н.Удвал
нар (өнөөгийн МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга) УИХ-д сууж байх
байв. Н.Удвалын хувьд сонгуулийн хороонд ажиллагсдын хууль бус үйлдлийн
эсрэг гомдол гаргаад, тэдгээр нь ял шийтгэлээ авчихсан. Гэтэл нэгэнт
сонгууль дуусчихсан тул яалтай ч билээ, дээрээс нь нам нь олонхи болсон
тул тоолгүй орхисон. Өнөө яриад байгаа эмэгтэйчүүдийн төлөөлөл,
жендерийн асуудалтай чинь холбоотой хоёрын хоёр нэр дэвшигч ийм л зүйл
дээр бүдэрсэн юм даа.
Наадам хүй долоон худагт зохион байгуулагддаг болсноос хойш хурдан морь
будлихаа больж олон түмний сэтгэл өөдрөг байдаг болсон. Замын дундаас
уралдсан, дутуу эргэсэн адуу торгон жолоо өргүүлэхээ болиод олон жил
өнгөрлөө. Харин санал луйвардсан, булхай хийсэн зарим улс төрчид их
хурлын танхимд суусаар, яавал дахин сонгогдох вэ гэж тархиа гашилгасаар
байна.
Нэгэнт яаж булхайцдаг арга замаа улс төрчид бүгд мэдэх юм хойно
олигтойхон хууль хийж булхай луйврыг хаагаад, тэрхүү хуулиа сонгуулийн
үеэр мөрдөж чадах юм бол хамаа алга, хожмын цагт ард түмнээс шүүмжлэл
өрнүүлвэл “та нар өөрсдөө биднийг сонгосон биз дээ” гэж ам асууж болно.
Гэтэл санал хулгайлж сонгогдсон нөхөр зурагтын дэлгэц, сонины нүүрэн
дээр томоос том патиараа гаргачихаад, “би бол ард түмний төлөөлөл”
хэмээн ханхалзаад байхлаар л дургүй нь хүрээд байгаа юм шүү дээ,
сонгогчдын чинь.
Өнөөгийн байдлаар сонгуулийн үед түгээмэл гардаг дараах долоон төрлийн булхай байна. Үүнд:
- Тойрог, хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн ажил үүргийн хуваарьтай холбогдох булхай
- Сонгогчдын нэрсийн жагсаалт, сонгогчийн үнэмлэх, иргэний үнэмлэх, бичиг баримттай холбогдох булхай
- Саналын хуудас хүлээн авах, зарцуулахтай холбогдох булхай
- Урьдчилж санал өгөх үеийн булхай
- Санал авах байр, түүнтэй холбоотой булхай
- Явуулын хайрцгаар санал өгөхөд гарах булхай
- Санал тоолох үйл явцад гарах булхай зэрэг болно.
О.АЛТАНГЭРЭЛ
"Улс төрийн тойм" сонин