Манай улсын соёлын өвийг хамгаалахад ЮНЕСКО-гийн дэмжлэг тусламж үлэмж үүрэг гүйцэтгэж байдаг. Япон Улсын Нара хот дахь ЮНЕСКО-гийн Ази, Номхон далайн Соёлын Төвийн Соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааны газар, БСШУЯ-наас хамтран зохион байгуулж байгаа “Соёлын өвийг хамгаалах нь” сэдэвт сургалтын нээлтийн ёслол өнөөдөр боллоо.“Соёлын өвийг хамгаалах нь” сэдэвт сургалтыг Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Шимизү Такэнори, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отнонбаяр нар албан ёсоор нээж үг хэллээ. Нээлтэнд Япон Улсаас хүрэлцэн ирсэн Нара хот дахь ЮНЕСКО-гийн Ази, Номхон далайн Соёлын Төвийн Соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааны газрын дарга Нишимура Ясуши болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Соёлын өвийг судлах, хадгалж хамгаалах, сэргээн засварлах чиглэлээр ажиллаж буй монголын мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх, орчин үеийн арга технологийг сургах зорилгоор Япон Улсын Нара хотын ЮНЕСКО-гийн Ази, Номхон далайн соёлын төвийн Соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааны газраас уг сургалтыг зохион байгуулж байна. Сургалт нь Улаанбаатар хот дахь Монгол-Японы төв дээр 2011 оны 10 дугаар сарын 17-22-ны хооронд болох бөгөөд Соёлын өвийн төв, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Төрийн түүхийн музей, Дүрслэх урлагийн музей, Хархорум музейгээс сэргээн засварлагч, археологич 15 хүн уг сургалтанд хамрагдана. Сургалтад оролцогчдод археологийн олдворыг хэмжих, зурах, гэрэл зургийг авах, цэвэрлэж бэхжүүлэх, сэргээн засварлах талаар японы мэргэжлийн багш нар хичээл зааж, дадлага хийх юм.
Япон Улсын Нара хот дахь ЮНЕСКО-гийн Ази, Номхон далайн Соёлын Төвийн Соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааны газар(ACCU Nara) нь олон улсын байгууллага болох ЮНЕСКО болон Соёлын өвийг судлах, хадгалах, сэргээн засварлах олон улсын төв(IICROM)-тэй хамтран олон улсын хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байгуулага юм. Энэхүү хөтөлбөрт хүний нөөцийг хөгжүүлэх сургалт, олон улсын хурал, семинар багтдаг байна. Нара хот дахь ЮНЕСКО-гийн Ази, Номхон далайн Соёлын Төвийн Соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааны газраас Соёлын өвийг хамгаалах 16 хүний сургалтыг 2000-2010 онд Япон Улсад зохион байгуулж 32 орны 161 хүн хамрагдсан байна.
Түүнчлэн 3 хүний тусгай сургалтын 2000-2010 онд зохион байгуулахад 14 орны 41 хүн оролцжээ. Манай улс тус газраас зохион байгуулж буй модон дурсгалт барилгыг сэргээн засварлах, дурсгалт газар, туурийг болон археологийн олдворыг хамгаалах сургалтад холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулж мэргэшүүлж байсан. Тухайлбал, тусгайлсан сургалтад 2009 онд 3 хүн, 2010 онд 3 хүнийг оролцуулж сургасан байна. Түүнчлэн ACCU Nara нь японы мэргэжилтнүүд тухайн улсад нь очиж уг сургалтыг зохион байгуулдаг. Тухайлбал, 2007 онд Камбожид, 2008 онд Узбект, 2009 онд Вьетнамд, 2010 онд Лаост, 2011 онд Монголд зохион байгуулж байна.