УИХ олон хуулийн төсөл хэлэлцэж батладаг хэрнээ хэлэлцэх зайлшгүй шаардлагатай асуудалд дэндүү хойрго хандах болж. Хэлэлцье гээд ч хэлэлцэж чадахгүй байгаа шалтгаан нь улстөржилт гэж хэлж болно. Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарын эрхийг нь түдгэлзүүлээгүй байж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Уг нь тэд хуулийн хамгаалалтад байдаг албан тушаалтнууд. Гэтэл өөрийн ажилтнаа тагнаж, чагнасан гэх үндэслэлээр хэцүү нэртийн хаалга татсан. Авлигатай тэмцэх газрын дарга нартай холбоотой асуудал гэвэл энэ. Харин Авлигатай тэмцэх газар гэх айлын эзнээр хэн очих нь одоог хүртэл тодорхойгүй байна. Хуулийн дагуу УИХ Авлигатай тэмцэх газрын дарга нарын эрхийг түдгэлзүүлэх учиртай. Түүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч орных нь хүнийг томилох ёстой. Тэдний эрхийг одоо болтол түдгэлзүүлээгүй болохоор тус газрын дарга хэвээрээ байгаа гэсэн үг. Нэг үгээр хэлбэл шоронгоос даргынхаа албыг хашиж байгаа гэж ойлгож ч болохоор. Ер нь ийм ойлгомжгүй байдал бий болоод бараг жилийн нүүр үзэх гэж байна. Гэтэл Ерөнхийлөгч “Авлигатай тэмцэх газрын даргын эрхийг УИХ түдгэлзүүлчих. Харин би даргыг нь томилоход бэлэн байна” гэж байсан. Ингэж хэлснийг нь үзвэл УИХ тэдний эрхийг түдгэлзүүлэхгүй байгаагаараа ажлаа хийхгүй болж таарч байгаа юм. Ямартай ч бие бие рүүгээ түлхэж цаг хугацааг өнгөрөөж байгаагийнх нь цаана Авлигатай тэмцэх газар удирдлагагүй байсаар байна. Мөн Үндсэн хуулийн Цэц даргагүй байгаа. Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Улсын дээд шүүхээс тус, тус томилдог. Харин одоо Цэцэд найман гишүүн ажиллаж буй. Нэг гишүүнийг УИХ-аас томилчихвол есөн гишүүн хуралдаж, даргаа томилох учиртай. “Толгой”-гүй Цэцийн үлдсэн нэг гишүүнд Ерөнхий прокуророор ажиллаж байсан М.Алтанхуягийг Ардын намынхан санал болгосон. Гэвч Ерөнхий прокурорын албанаас сайн дураараа хэдий ч нэлээд хэл амтай буусан түүнийг Ардчилсан намынхан Цэцийн гишүүнд өрсөлдүүлэх боломжгүй гэж үзэн завсарлага авсан. Хэрэв Ардын намаас өөр хүн нэр дэвшүүлэхгүй бол уг асуудалд авсан завсарлагаа үргэлжлүүлнэ гэдгээ ч Ардчилсан намынхан мэдэгдсэн удаатай. Хоёр намын бүлгийн ашиг сонирхол, зөрчлөөс үүдэн Үндсэн хуулийн Цэц бас л даргагүй байна. УИХ-аар төсвийн тодотголын төсөл хэлэлцэж буй энэ үед даргагүй байгаа Авлигатай тэмцэх газрын дарга, Үндсэн хуулийн Цэцийн даргын төсвийн багц анхаарал татсан юм. Энэ оны Төсвийн тухай хуульд Үндсэн хуулийн Цэцийн даргын төсвийн багцад 45.7 сая төгрөг төсөвлөжээ. Үүнийгээ компьютер, тоног төхөөрөмжид бүгдийг нь зарцуулах аж. Харин төсвийн тодотголын төсөлд тусгаснаар нэмж, хасахгүй 45.7 сая төгрөг тусгажээ. Өнгөрсөн оны тухайд Цэцийн дарга 417.4 сая төгрөг захиран зарцуулах эрхтэй байв. Авлигатай тэмцэх газрын даргын тухайд өнгөрсөн оны төсөвт 3,762.9 сая төгрөг төсөвлөн зарцуулсан байна. Энэ оны төсөвт 1,528.4 сая төгрөг төсөвлөснөөс 782.9 сая төгрөг захиран зарцуулах эрхтэй байгаа аж. Сүхбаатар дүүргийн конторын барилгын өргөтгөлд 1,065.0 сая төгрөг төсөвлөснөөс энэ онд 319.5 сая төгрөгийг хэрэглэх юм байна. Мөн тоног төхөөрөмжид 463.4 сая төгрөг зарцуулах аж. Гэхдээ төсвийн тодотголд тусгаснаар 1,789.2 сая төгрөг болгон нэмэгдүүлжээ. Сүхбаатар дүүргийн конторын барилгын ажилд 1,065.0 сая төгрөгийг төсөвлөсөн боловч тодотголоор 1,325.8 сая төгрөг болгожээ. Харин тоног төхөөрөмжид зарцуулах мөнгө нь хэвээрээ байгаа юм. Нэг ёсондоо Үндсэн хуулийн Цэц, Авлигатай тэмцэх газар хоёулаа даргагүй байгаа. Гэтэл тухайн газрын даргын захиран зарцуулах ёстой төсөв нэмэгдээд байгаа нь ямар учиртай юм бол.
Ц.ЭНХЦЭЦЭГ
"Улс төрийн тойм" сонин