Ченжүүдийг хөнөөсөн хэрэгтнүүдэд цаазын ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

Ченжүүдийг хөнөөсөн хэрэгтнүүдэд цаазын ял оноожээ

Баян-Өлгий аймгийн ноолуурын ченж Б, Х гэдэг ах дүү нарын амийг нь хөнөөн, машинтай нь шатаасан хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард тус аймагт гарсан. Уг хэргийг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын харьяат 20- 22 настай Ш.Аделбек, К.Ерлан, Ж.Ганибет нар бүлэглэн үйлдсэн нь тогтоогдсон юм. Харин аравдугаар сарын 12-нд болох байсан ч хойшлоод байсан эл  хэргийн шүүх хурал өнгөрсөн баасан гаригт Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхэд болж, тэдэнд цаазын дээд ял оноожээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд ах дүү хоёр ноолуурын ченж бусдаас их хэмжээний ноолуур авахаар боллоо хэмээн гэрээсээ 20 сая төгрөгтэй гарсан ч сураггүй болж, цагдаагийнхан тэдний цогцос болон шатсан машиныг долоо хоногийн дараа тус аймгийн Баяннуур сумаас 10 гаруй км-т орхисон байсныг олсон. Хэрэг гарснаас долоо хоногийн дараа ченжүүдийг хөнөөхөд голлох үүрэг гүйцэтгэж, хэргийг толгойлсон К.Ерлан гэгч нь нууцаар БНХАУ-ын хил даван, Шинжаан руу зугтсан байна. Эхэндээ дээрх хэрэгт Ш.Адалбек, Ж.Ганибет нарыг сэжиглэн шалгаж байсан ч мөрдөн байцаалтын явцад хэргийг хамтран үйлдсэн К.Ерлан гэгч хил давсан болох нь тогтоогджээ. Цагдаагийн байгууллага энэ тухай БНХАУ-ын хууль хяналтын байгууллагад мэдэгдэж, улмаар тус улсын цагдаа нар Шинжаанд бүгж байсан К.Ерланыг эрэн сурвалжилж, баривчлан манай талд хүлээлгэн өгсөн байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж