Арабын нэгдсэн Эмиратын Абу Дабид жүдо бөхийн гран-при ангилалд багтах олон улсын тэмцээн өчигдөр эхэллээ. Түрүүлсэн тамирчинд 200, мөнгө, хүрэл медалийг 120, 80 оноо дагалдах тус тэмцээнд дэлхийн 61 орны 370 гаруй тамирчин оролцож байна. Тэмцээн гурав хоног үргэлжлэх бөгөөд өчигдөр буюу тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жинд аваргууд тодорлоо. Энэ өдөр Монголын баг тамирчдаас 60 кг-д Д.Амартүвшин, Г.Болдбаатар, 66 кг-д С.Мияарагчаа, эмэгтэйчүүдийн 52 кг-д Гавьяат тамирчин М.Бундмаа, 57 кг-ын жинд Д.Сумъяа нар зодоглосноос Г.Болдбаатар мөнгө, С.Мияарагчаа, М.Бундмаа нар хүрэл медаль хүртлээ. Ингэснээр шигшээ багийн шинэ дасгалжуулагч О.Балжиннямын удирдлага дор Монголын цагаан өмсгөлтнүүд эхний өдрийн дараах байдлаар медалийн чансаагаар зургадугаар байрт бичигдээд байна. Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81 кг, эмэгтэйчүүдийн 63 ба 70 кг-ын жингийн барилдаан болно. Эдгээр жинд Монголын тамирчдаас Г.Одбаяр /73 кг/, С.Ням-Очир /73 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/ нар зодоглох юм.
С.Цэлмэг