Эрдэнэтийнхэн архигүй аянд хамрагдав

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

Эрдэнэтийнхэн архигүй аянд хамрагдав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ыг орон нутагт зохион байгуулах аян өрнөж байна.  Аянд Орхон аймгийн төв Эрдэнэт хот, Жаргалант сумынхан хамрагджээ. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг Төрийн тэргүүний санаачилсан “Архигүй Монголын төлөө аян”, үндэсний сүлжээ, хуулийн шинэчлэлт, эрх зүйн орчны талаар аймгийн Засаг дарга,  ИТХ, хэлтсийн холбогдох дарга нартай санал бодлоо солилцсон байна. Монгол Улсад 2009 онд жилд нэг хүнд ногдох архины хэмжээ 36 л байсан бол 2010 онд 48,5 л болж нэмэгдсэн зэрэг баримтаас үзэхэд архидалтын асуудал үндэсний хэмжээнд ярих ноцтой сэдэв болсныг хөндөж ярилцсан байна. Аюулгүй байдлын бодлогын зөвлөхийн хувьд нийт хүн амын 1/3-ийг хамарсан аливаа сөрөг үйлдэл, үйл ажиллагаа нь үндэсний хэмжээнд ярих, шийдэх ёстой аюулгүй байдлын асуудал болдгийг зөвлөх М.Батчимэг онцлон дурджээ. Орон нутгийн удирдлагын зүгээс энэ тал дээр идэвх санаачлага гарган ажиллахаа мэдэгдэж, зарим хүндрэл гарч байгааг ч хэлсэн байна. Архи согтууруулах ундаа борлуулагч иргэдийн зүгээс хэрэв цэг, дэлгүүрийг нь хаавал бизнес нь хумигдаж олон айлын амьдрал доройтно гэсэн шалтгаанаар жагсаал цуглаан хийсэн гэнэ. Орхон аймгийн хэмжээнд архины үйлдвэр зургаа, пивоны хоёр, дарсны хоёр үйлдвэр үйл ажиллагаа явуулдгаас гадна архи согтууруулах ундаа борлуулах 300 гаруй цэг ажилладаг гэсэн тоо гарчээ.

Иргэдээс “Тэмдэглэлт баярын өдрүүд олон болсон. Ялангуяа салбарын баярын тоог цөөлөх хэрэгтэй. Боловсрол, эрүүл мэнд зэрэг олон албан хаагчтай байгууллагыг хамарсан архидалт нийгэмд сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа боловсролын салбарт архидалт давамгайлж буй нь өсвөр насныханд муу үлгэр дууриал үзүүлэх сөрөг талтай. Архины үйлдвэр, архи согтууруулах ундаа борлуулах цэгүүдийн тоог цөөлөх, гаднаас оруулж ирж буй архинд хязгаар тавьж татварыг нэмэгдүүлэх, архины хор уршгийн талаар сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг тууштай зохион байгуулах, архины ил, далд сурталчилгаанд хатуу хяналт тавих, хориглох ёстой” гэх зэрэг санал гаргажээ.  Ерөнхийлөгчийн санаачилсан “Архигүй Монголын төлөө аян”-ыг цаашид орон даяар идэвхтэй явуулахыг хүсч Орхон аймгийн удирдлага, иргэд дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж