Аймгийн начин Л.Цээсүрэн түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

Аймгийн начин Л.Цээсүрэн түрүүлэв

Монгол бөхийн түүхэн дэх Арван засгийн наадмыг орлох “Дөрвөн уулын хишиг” барилдааны цуврал “Богдхан хайрханы хишиг барилдаан” Монгол бөхийн өргөөнд өчигдөр боллоо. Чансаа, цар хүрээгээрээ цагаан сарын барилдаантай дүйцдэг гэж ярьдаг дөрвөн уулын хишиг барилдааны энэ удаагийнхад улсын арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Д.Батболд, А.Цацабшир, Ц.Содномдорж, Ө.Даваабаатар, А.Бямбажав,  улсын өсөх идэр начин Ц.Сумъяабэйс, Ц.Лхагвасүрэн нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой болон  залуу хүчит 256 бөх зодоглож авхаалж самбаа, хүч бяраа сорин барилдлаа.

Барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат, “Олимп” дээд сургуулийн бөх, аймгийн начин Л.Цээсүрэн түрүүлж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат, “Ажнай” корпорацийн бөх, улсын начин Ц.Одбаяр үзүүрлэсэн бол их шөвөгт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, "Хилчин" спорт хороо, “Газар холдинг” компанийн бөх, улсын заан Б.Соронзонболд, Увс аймгийн Сагил сумын харьяат, “Монголросцветмэт” нэгдлийн “Уурхайчин” клубын бөх, улсын харцага А.Бямбажав нар шалгарлаа.

Улсын арслан хоёр, улсын гарьд нэг, улсын заан нэг, улсын харцага тав, улсын начин 15, аймаг цэргийн арслан 43, аймаг, цэргийн заан 12, аймаг, цэргийн харцага 13, аймаг, цэргийн начин 55, сумын цолтой болон залуу бөх 107 барилдсан тус барилдааны түрүү бөхөөр тодорсон аймгийн начин Л.Цээсүрэн нь Төв аймгийн харьяат залуу бөх Б.Дагвадоржоор нэг, аймгийн арслан Г.Ганнямаар хоёр, аймгийн арслан Р.Пүрэвдагваар гурав, улсын арслан Д.Ганхуягаар дөрөв, улсын начин Ду.Батбаяраар тав, улсын харцага Ц.Содномдоржоор зургаа, улсын харцага А.Бямбажаваар долоо, улсын начин Ц.Одбаяраар найм даван түрүүлсэн юм. Тав дах удаагаа болсон Богдхан хайрханы хишиг барилдаанд анх удаагаа ийнхүү аймгийн цолтой бөх түрүүлж бас нэгэн шинэ түүхийг бичлээ.

www.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж