Дэлхийн улстөрийн намуудын гурван том байгууллагын нэг болох тус холбоонд Иргэний Зориг Нам 2007 оноос эхлэн ажиглагч гишүүний статустайгаар үйл ажиллагаанд нь тогтмол оролцож иржээ.
Гүйцэтгэх хорооны энэ удаагийн хуралдаанд ИЗН-ыг төлөөлөн тус намын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун тэргүүтэй төлөөлөгчид оролцож, намынхаа үйл ажиллагаа, үзэл баримтлалын талаар танилцуулга хийж, холбооны гишүүн бусад орны улстөрийн намуудын төлөөлөгчдийн асуултанд хариулж ярилцлага өрнүүлсэн байна.
Асуулт хариултын явцад Канад, Финланд, Сенегал зэрэг орны либерал намуудын төлөөлөгчид Либерал интернэшнлийн хүрээнд ИЗН-ын явуулж ирсэн үйл ажиллагаа, бодлого зорилтыг талархан дэмжиж байгаагаа илэрхийлж, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.
С.Оюун, Ник клегг нар уулзлаа
Лондон хотод үргэлжилж байгаа Либерал интернэшнлийн Гүйцэтгэх хорооны ээлжит 187-р чуулганд оролцож байгаа ИЗН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюуныг Их Британы ерөнхий сайдын орлогч, Либерал ардчилсан намын дарга ноён Ник Клегг хүндэтгэн хүлээн авч уулзлаа.
Ноён. Н.Клегг ИЗН нь Монголд либерал үзэл санааны тод бөгөөд тууштай илэрхийлэгч болж байдгыг талархан тэмдэглээд, Либерал интернэшнл холбооны хүрээнд хоёр намын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо. С.Оюун ИЗН-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, элэгсэг дотно яриа өрнүүлсэнд хариу талархал илэрхийлээд Дэлхийн либерал гэр бүлийн идэвхитэй гишүүн байхаа илэрхийлсэн байна.