Танай Ногоон намд юу болоод байна

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

Танай Ногоон намд юу болоод байна

Ингэж олон хүн надаас асууж байна. Би маш товчхоноор хариулья.

Манай Ногоон намын олонх буюу 90% нь ИЗН-тэй нэгдэж ИЗ-НН-ийг байгуулахыг дэмжиж, төрийн ордонд Их хурлаа хийж,  нэгдсэн намаа бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандсан боловч 6 дахь сардаа гацаад байна.

Харин манай Ногоон намын цөөнх буюу 10% нь намаа нэгтгэхийг эсэргүүцэж мөн хандахад Дээд шүүх тэдний хүсэлтийг хүлээн авч (энэ нь хуулиар хориотой) манай намын дүрмийг шинэчлэн бүртгэлээ. Энэ шинэ гэгдэх дүрмээрээ тэд намын бүх удирдлагыг сольж, 4 жилдээ дахин Их хурал хийхгүй байх өвөрмөц заалт оруулжээ.

Уг нь намын цөөнхөд Их хурал зарлах, албан маягт, тамга тэмдэг хэрэглэж намыг төлөөлөх эрх байдаггүй. Гэсэн ч тэд хууль бусаар Их хурал хийж, намын шинэ удирдлага гэгчээр өөр намд байсан хүмүүсийг шинээр элсүүлэн сонгоод зогсохгүй, намын нэрийн өмнөөс, намын тамга тэмдэггүй бичиг үйлдэн хандахад Дээд шүүх түүнийг нь хүлээн аваад баталгаажуулчихдаг юм байна.

Зүйрлэн хэлбэл, энэ бүх үйл явдал нь хөлсний цэргүүд ашиглан хийж буй төрийн эргэлттэй ч төстэй юм уу даа.

Ингэж болдог юм уу?

Мэдээж энэ бол хууль бус үйлдэл. Ёстой чадаж байгаа юманд арга байхгүй гэдгийг бидэнд үзүүлж байх шиг байна.

Намын Их хурлыг Намын Бага хурал зарладаг. Гэтэл манай намын Бага хурлын 20 гишүүний 16 нь ИЗ-НН байгуулахын төлөө байсан төдийгүй, дээрх Их хурал гэгчийг болохыг ч мэдээгүй явж байдаг.

Мөн тэр Их хуралд ирсэн гэх 100-200 орчим хүмүүсийн ихэнх нь манай намын бүртгэлд ч байхгүй, намын батлахгүй улсууд байдаг.

Дээд шүүх төдийгүй, Монгол улсын аль ч шатны шүүх улс төрийн намын дотоод асуудалд оролцох ёсгүйг хуульчилсан байдаг. Шүүх олонх-цөөнхийн маргааныг хэлэлцдэггүй бөгөөд түүнийг зөвхөн намын дүрмээр л зохицуулдаг хуультай.

Тэд яаж ингэж чадаж байна?

Тэр Ногоон нам гээд бүртгүүлээд байгаа хүмүүсийн хуулийн зөвлөхөөр саяхан МАХН-ыг бүргүүлэхэд ажилласан О.Баасанхүү нарын хуулчид ажиллаж байна. Тэд Дээд шүүхтэй “тусгай” харилцаатай бололтой.

Мөн энэ бүртгэлийг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн зөрчин байж МАХН-ыг бүртгэсэн шүүгчид хийсэн байна.

Хуулиас дээгүүр л хүч энд үйлчлээд байна. Юуны хүч вэ гэдгийг та лав таамаглаж байгаа байх.

Энэ бүхэн хэнд ашигтай вэ?

Монголын Ногоон нам бол сонгуулийн санал хураалтын хуудсанд МАН, АН-ын дараа 3-рт бичигддэг улс төрийн хүчин. Энэ байр суурь нь саяхан шинээр бүртгэгдсэн МАХН, түүнийг тойрсон эвсэлд тун их хэрэгтэй болоод байгаа бололтой.

ИЗ-НН бүртгэлийг Дээд шүүх яагаад ингэж удаан саатуулаад байгааг хэн хүнгүй гайхаж байсан. Одоо далд учир нь тайлагдаж байна.

Одоо тэгээд яахав?

Дээд шүүх бол үнэхээр хүчтэй, бие даасан төрийн институт. Монгол улсын Ерөнхийлөгч ч энэ хэдэн даварсан шүүгчийг шууд халж сольж чадахгүй. 

Хэрэв таныг хэн нэгэн дээрэмдвэл яахав? Цагдаа, шүүхэд хандана. Хэрэв хамгийн том шүүх өөрөө таныг дээрэмдвэл хэнд хандах вэ? Тийм л байдал үүсээд байна даа.

Шүүхийн хараат бус, бие даасан байдал гэдгийн ард нуугдаж, төрийг өөрсдийн гарын хэрэгсэл болгосон тэр хүмүүс хуулийг нулимж, бүгдэд бяр чадлаа гайхуулж байна. Тэд Ерөнхийлөгч, УИХ, Үндсэн хуулийн цэц, улс төрийн намууд ч биднийг яаж ч чадахгүй хэмээн өөртөө хэт итгэлтэйгээр улаан цайм дээрэм хийж байна.

Шүүх, хуулийн байгууллагаар явсан олон мянган иргэдийг тэд яаж хүнд суртал, авилгаар дарамталдаг тухай их яригдаж бичигддэг. Бид одоо түүнийг нь бодитойгоор амсаж эхэллээ.

Өнөөдөр тэд хууль зөрчөөд зогсохгүй, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, манай ардчиллын ололтыг нулимж байна. Бид үүнийг зөвшөөрсөөр суух гэж үү. Үгүй.

Бид энэ бүхнийг өөрчлөх зорилготой хүчин билээ. Бид бол авлига, дарамтыг халах, шударга ёсыг тогтоох хүсэлтэй хүмүүсийн нэгдэл. Тиймд бид хатуу тэмцэнэ.

Авилгачид, дарамтлагчид бид бүхнийг дуэльд дуудаж байна. Бид тэр дуэлийг нь хүлээж авлаа. Бид энэ бүх завхралыг халж өөрчилөх л болно. Тэр бол олон түмний хүсч буй өөрчлөлт байх болно.

Энэ бол туйлын хэцүү зам гэдгийг бид мэднэ. Тэд шүүхийн хараат бус, бие даасан байдал гэдэг том хамгаалалтын ард нуугдаад, төр гэдэг том хүчийг өөрсдийн зэвсэг болгон хэрэглэж, явцуу эрх ашгийнхаа төлөө улайрч байна. Тэд олон түмнийг, шударга байя гэсэн бүхнийг дарамталж байна. Гэлээ ч бид ялж л таараа.

Харин өнгөрсөн 6 сарын туршид бид нэг алдаа хийж иржээ. Бид хуульд хэт хийсвэрээр итгэж иржээ. Бид цаашдаа ч хуулийг хүндэтгэж, түүнийг зөрчих үйлдэл хийхгүй. Гэхдээ бид тэдний хуулийг урвуулан ашиглаж, муу бүхнийг хийх чадварыг бас мартахгүй. 

Бидний тэмцэл дөнгөж эхэлж байна. Хэцүү ч гэсэн сайн сургамж авлаа.

Улс төрийн шинэ хүчинд дардан зам байхгүй гэдгийг дахин харлаа.

http://www.enkhbat.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж