Нийслэлчүүд сонгуульд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

Нийслэлчүүд сонгуульд оролцохгүй

Өнгөрөгч баасан гаригт Сүхбаатарын талбайд хийхээр төлөвлөөд байсан Ж.Батзандангийн “Миний Улаанбаатар” клубынхний эсэргүүцлийн жагсаал болсонгүй. Шалтгаан нь Сүхбаатар  дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн тэдэнд жагсаал, цуглаан зохион байгуулах зөвшөөрөл өгөөгүй гэнэ. Уг нь бол ч хууль цагдаагийнхан болоод эрх баригчдын зүгээс энэ жагсаалыг угтан учиргүй айж бэргээд байх шалтгаан байгаагүй л дээ. Жагсаалын гол зорилго нь зүгээр л нийслэлийн хүн ам, сонгогчдын төлөөлийг парламентад арай түлхүү оруулж өгөөч ээ гэдэг шаардлага. Гэхдээ орон нутгийнхнаас давуу гэсэн үг биш шүү, зүгээр л байх ёстой хэмжээнд нь. Өөрөөр хэлбэл, УИХ-аар одоо хэлэлцэж буй сонгуулийн тухай хуульд Монголын хүн амын тал хувь болсон нийслэлчүүдийн эрх ашгийг бага боловч тусгах гэсэн санаа.

Гэвч харамсалтай нь уг жагсаал төлөвлөсөн хугацаандаа болсонгүй. Бодвол сонгууль явуулахад иргэдийн эрх ашиг ямар хамаатай юм, сонгогдох гэж байгаа нэр дэвшигчид, намуудын л ажил болохоос гэж манай эрх баригчид үзсэн юм байлгүй. Эсвэл иргэдийнхээ төлөө биш эрх баригчдын төлөөнөө түрүүлж хөдлөөд сурчихсан /яг “долдугаар сарын 1” шиг/ цагдаагийнхан өөрсдийн санаачилгаар ээлжит “тал засалтаа” хийсэн нь тэр биз.

УИХ сонгуулийн тухай хуулийг энэ 7 хоногт багтаан батлах төлөвлөгөөтэй. Хоёр намын бүлгийн тохиролцооны дагуу 28:48 буюу мажоритари давамгайлсан холимог тогтолцоогоор явах нь бараг тодорхой болчихоод байгаа. Намын жагсаалт буюу нийт улс орон даяар багцалсан нэг том тойргоос 28 гишүүн, үлдсэн 48 нь 48 жижиг тойргоос сонгогдоно гэсэн үг. Ухаандаа одоо байгаа 26 том тойргоо 48 жижиг тойрог болгон хуваах юм. Үүгээрээ хоёр нам жилийн өмнө ярьж тохирсон “Одоо байгаа 26 тойргийг ямар ч тохиолдолд жижиглэхгүй” гэсэн эхний тохиролцооноосоо лав буцчихаад байгаа юм.

Гэвч үүнээс чухал бас нэг асуудал дээр УИХ дахь хоёр намын бүлэг ээлжит буцалтаа хийж магадгүй болчихоод байна. Энэ бол УИХ-ын сонгуулийн тойргийг хүн амын тоонд нь харьцуулан шинээр хуваарилах асуудал. Тэгээд ч мажоритари 48 суудлынхаа хэдийг нь нийслэлд, хэдийг нь орон нутагт өгөх юм бэ гэдгийг УИХ-д сууж байгаа гишүүдээс илүү иргэд, сонгогчид сонирхож байна.

Одоогийн байгаа 26 тойргийг хүн амын тоогоор нь харьцуулж үзвэл Дундговь аймаг 38 мянган хүн амтай ч УИХ-д хоёр мандаттай. Үүнээс бага буюу 13 мянган хүн амтай Говьсүмбэр аймаг Дорноговь аймагтай нэг тойрог болоод УИХ-д бас л хоёр төлөөлөлтэй. Гэтэл нийслэлийн 275 мянган хүн амтай Баянзүрх 40 мянган хүнтэй Налайх дүүрэгтэй нэг тойрог болж байж УИХ-д дөнгөж дөрөвхөн төлөөлөлтэй гэдгийг бид өмнө мэдээлж байсан. Тиймээс л УИХ-ын сонгуулийн тойргуудыг шинээр дахин хуваарилах, хүн амын тоог нь тэнцүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Ялангуяа нийслэлчүүд одоогийн энэ “хотын таван сонгогчийг хөдөөгийн нэг сонгогчтой дүйцүүлсэн” тойргийн тэнцвэргүй хуваарилалтыг эсэргүүцэн босоход бэлэн болоо байгаа хэрэг.

Уг нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зарим гишүүд “Хүн амын 45 хувийг эзэлж байгаа нийслэлд мажоритари 48 суудлын ядаж 20 нь /уг нь яс тооцоогоор бол дор хаяж 21-22 ноогдож байгаа/ нийслэлд ноогдох ёстой” гэсэн тооцоог хийчихээд ажлын хэсгийн хуралдаанд оруулахаа мэдэгдэж байсан. Монгол Улсын нийт хүн амыг УИХ-ын жижиг 48 тойрогтоо хуваавал нэг мандатын ард 58 мянга орчим хүн багтаж байгаа юм. Үүнийг нь нийслэлийн хүн амд /сая 240 мянга/ харьцуулахаар 21-22 мандат ноогдож буй хэрэг л дээ. Үлдсэн 55 хувь буюу сая 514 мянган хүн амтай орон нутаг үлдсэн 26 мандатыг өгөх ёстой гэсэн үг. Дээр нь хот хөдөө гэлгүйгээр улс орон даяар нэг тойрог болж байгаа пропорциональ 28 суудлын төлөө хот ба хөдөөгийнхөн адилхан саналаа өгнө.

Өмнө нь 2-4 мандаттай 26 том тойрогтой байхад нэг сонгогч 2-4 хүний төлөө л саналаа өгөх боломжтой байсан бол одоо тойргийнхоо нэг мандат дээр дахиад нам тус бүрээс гаргасан жагсаалтад багтаж байгаа 28 хүний төлөө саналаа өгнө. Үр дүнд нь та өөрийн сонгосон намтай ч, сонгосон нэр дэвшигчтэйгээ ч хариуцлага тооцох, асуудлаа шийдүүлэхээр хандах боломжтой гэсэн үг.

Гэвч үүний араас “Намыг сонгосноор нэр дэвшигчид сонгогчдынхоо хараа хяналтаас гарч, зөвхөн намын удирдлагыг тойрон эргэлддэг болно” гэсэн бас нэг ухуулга, болгоомжлолыг жижиг мажоритари тойргоо шүтэгчдийн зүгээс иргэдэд халдаахаар оролдож байгаа. Гэхдээ энэ нь сонгогчдын төлөөнөө санаа зовсон хэрэг гэдэг нь юу л бол. Жижиг тойрог өмчилж авчихаад түүн дээрээ үе уламжлан эзэн сууж байх хүсэлтэй хүмүүсийн л яриа хөөрөө биз. Ялангуяа тэр тойргийх нь хүн ам цөөн байх тусмаа өөрт нь ашигтай, хуурч мэхлэх болоод худалдаад авчихад дөхөм гэсэн санаа л харагдаад байгаа.

Намын удирдлагын шалгуур энэ тэрийн тухайд ч гэсэндээ. Намд их мөнгө төлсөн нь л жагсаалтад багтаад, автоматаар шууд сонгогдоод байна гэж юу байх вэ. Хэрвээ намын дарга нь “хэрэггүй хүн” дэвшүүлж гэмээ нь нам нь л ялагдал хүлээнэ үү болохоос биш сонгогчдод халгаатай болоод байх нь тун бага. Тэгэхээр саяхан л “пропорциональ байх нь дээр”, “намуудыг хариуцлагажуулья” энэ тэр гэж байсан хэрнээ пропорционалийн элемент бага ч гэсэн ороод ирлээ гэж олзуурхахын оронд одоо ирж “баба, муухай” гэх нь утгагүй хэрэг л дээ. Тэгээд юмны заавал муу талыг барьж явна гэж юу байх вэ, улс төрийн намууд ч хуулийнхаа сайн талыг нь барьж ажлаа хийх гээд үзэх хэрэгтэй биз дээ.

Тэгэхгүй бол хаа байсан найман сарын дараа болох сонгууль руу “талимаарсан” нөхдүүд Монгол Улсын төсөв, эдийн засгийг хөлдөө чирж мэдэхээр болчихоод байна. Анх удаагаа парламентын босго алхсан, амны салиа нь арилаагүй шинэхэн гишүүд байтугай тав дараалан УИХ-д сонгогдсон спикер нь хүртэл олны нүд чихнээс зайдуу орон нутагт очихоороо дуртайгаа амладаг болсон байна лээ. Улс төрийн нам, үзэл бодол, бодлого гэдэг юмны баримжаа аль хэдийн алдагдаад, шуудайд хийсэн 76 үхрийн эвэр хоорондоо харгалдаж, төрийн бодлого гэдэг юм ч үнэртэхээ больчихоод байна л даа. Тийм учраас ямар ч тохиолдолд пропорционалийн элемент орсон байх нь дээр. Мажоритариар сонгогдсон 48 гишүүн тойргийнхаа асуудлыг тавиад сууж байлаа гэхэд ядаж намын нэрээр сонгогдсон 28 нь үндсэн бодлогоо зүтгүүлж байвал парламент өнөөдрийнх шиг эрээ цээргүй, зах замбараагүй байдалд орохгүй байлгүй дээ.

Гэхдээ 28:48-иар хууль гарлаа ч гэсэн мажоритари 48 суудлын орон нутаг, нийслэлд ноогдох тоог заавал тооцож гаргах хэрэгтэй гэдгийг дээр өгүүлсэн. Учир нь МАН-ын бүлгээс тавьж буй санал нь нийслэлд одоо ноогдож байгаа 20 мандатыг 12 болгон танаж, орон нутагт 36 мандат өгөхөөр ярьж буй. Үүнийг нь сонгуулийн хуулийг батлах цаг ойртох тусам улам дуу нь сулраад байгаа Ардчилсан намын бүлэг ч бас хэзээ мөдгүй дэмжиж магадгүй гэх болгоомжлол олон нийтийн дунд бий болоод байна. Тийм ч учраас нийслэлийн залуус сонгуулийн хуульд өөрсдийн эрх ашгийг бас тусгуулахаар жагсаал цуглаан зохион байгуулахаар болсон хэрэг. Хотын таван сонгогчийг хөдөөгийн нэг сонгогчтой дүйцүүлж болохгүй гэж. Хэрвээ үнэхээр энэ хэвээрээ явах юм бол ирэх сонгуульд нийслэлчүүд саналаа өгөх нь ямар ч утгагүй болж байгаа юм. Таван хүн тутмын дөрвийнх нь өгсөн санал ямар ч үр дүнгүй болно гэсэн үг. Тэртэй тэргүй олонхийн саналыг оролцуулахгүйгээр явуулах гэж буй сонгуулийн дүнг сайн дураараа баталгаажуулан саналаа өгөөд яах юм.

Хэрвээ нийслэлчүүдийн төлөөллийг парламентад огт оруулахгүй байх сонирхол улстөрчдөд хавтгайд нь байгаа юм бол, нийслэлийн иргэд тэдний хувьд “хадны мангаа”, “эрлэгийн элч” мэт харагдаад байгаа юм бол тийм нөхдүүдээр бид өөрсдийгөө төлөөлүүлээд ч яах юм. Яг одоо босоод жагсах, УИХ-ыг тараах хэрэгтэй юм байна. Заавал дүүргийн цагдаагийн даргаас зөвшөөрөл авч жагсах нь ч алба уу. Нөгөө facebook, twitter юу байгаагаа ашиглан нэгдэж болж байна шүү дээ. Египетчүүд яалаа…

Б.СЭМҮҮН     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж