Монголын нөөцгүйгээр “бенз” үйлдвэрлэгдэхгүй

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

Монголын нөөцгүйгээр “бенз” үйлдвэрлэгдэхгүй

Өнгөрсөн долоо хоногт Монгол улсад айлчилсан Германы канцлер Ангела Меркелийн айлчлалын тухай гадаадын хэвлэлүүдэд олон тооны мэдээлэл гаргаж байгаа аж. Тэдгээрийн заримаас та бүхэнд хөрвүүлэн хүргэе.

Оросын хэвлэлд бичихдээ, “Германы канцлер Ангела Меркель тус улсын канцлеруудаас хамгийн анх Монголд айлчилж байгаа нэгэн болж байгаа юм. Гэхдээ энэ айлчлалын үр дүн гайхалтай гэж хэлж болохоор үр ашигтай болсон гэж Германы тал үзэж байгаа ажээ. Айлчлалын үеэр гарын үсэг зурагдсан гэрээний дагуу бол Герман нь Монголын газрын ховор металлын түүхий эдийн үнэт нөөцийн ордод хүрэх замыг нээж өгч байгаа юм байна.

Өнгөрсөн он жилүүдэд Герман болон бусад барууны орнууд Монгол улсыг үндсэндээ бараг л авч хэлэлцдэггүй байсан гэж хэлэхэд болохоор байжээ. Гэтэл одоо цаг үе өөр болжээ. Одоо Монголын талтай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэн зорьсондоо хүрэх ээлжээ хүлээж байгаа барууны болон бусад орнуудын урт дараалал нэгэнт бий болчихоод байгаа юм. Орчин үеийн үйлдвэрлэлд улам бүр чухал хэрэгцээтэй болоод байгаа цөөнгүй ховор металлуудын ашигт малтмалын нөөцийг агуулдаг энэ орны хувьд ийм үзэгдэл гайхаад байх зүйл биш болсон байна.

Ангела Меркель айлчлалынхаа хоёр дахь өдөр нь Германы үйлдвэрлэгчдэд Монголын газрын ховор металлын нөөцөд хүрэх замыг нээж өгсөн бөгөөд үүнийг баталгаажуулсан гэрээг Монголын эрх баригчидтай байгуулж, Монголын талын төлөөлөл ч хэдийнээ гэрээг баталгаажуулан гарын үсгээ зурсан байна. Мөн үүний зэрэгцээ Ангела Меркелийн айлчлалын үеэр түүнийг дагалдан Монголд хүрэлцэн ирсэн Германы бизнес-ажил хэргийн хүрээнийхэн олон тэрбумын гэрээ хэлэлцээрийг байгуулж амжжээ. Тухайлбал Герман болон Австралийн хамтарсан “ВВМ Оперта” групп Монголын өмнө зүгт нүүрс олборлох эрхийг олж авсан байна. Мөн Германы “Siemens” концерн Тавантолгойн нүүрс олборлох уурхайг эрчим хүчээр хангах томоохон цахилгаан станцын барилгыг барьж байгуулах захиалгыг авсан байна.

Харин барууны хэвлэлүүд энэ айлчлалын талаар бичихдээ, “ Германы канцлерийн айлчлалыг энгийн нэгэн албан айлчлал байсан гэж хэлэх аргагүй байжээ. Монгол нь өнөөдөр ашигт малтмалын хамгийн баян нөөц бүхий дэлхийн уул уурхайн тэргүүлэгч орны нэг болж чадсан байна. Тэдгээр баялаг нөөцийн дотор дэлхийн тэргүүлэгч эдийн засгийг бий болгосон Хятад улс боловсруулалтаар нь тэргүүлдэг газрын ховор металл орж байгаа юм. Монголын өмнөд хэсэгт алт,нүүрс,зэс болон өөр бусад ашигт малтмалын асар их нөөц бүхий орд газрууд байгаа аж. Энэ ордуудын хайгуулын болон олборлолтын ажил үндсэндээ анхан шатандаа л явж байгаа юм. Тиймээс барууны томоохон концернүүд Монголын эдгээр ордуудад ажиллах эрхтэй болохын төлөө өрсөлдөж байгаа билээ.

Зарим ажиглагчид Монголд жинхэнэ “алтан судлууд” байгаа тухай шуугисаар байгаа юм. Тэр дундаа ихээхэн нөөцтэй болох нь тогтоогдсон газрын ховор металлын нөөцийг олборлоход монголчуудад юуны түрүүнд өндөр технологи хэрэгтэй болоод байгаа ажээ. Чухам ийм учраас Германы канцлерийн айлчлал хоёр орны аль аль талд нь чухал ач холбогдолтой айлчлал болсон ажээ. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Германы канцлер Ангела Меркелийн айлчлалын талаар хэлэхдээ “Энэ айлчлал гадаадын олон улстөрчдийн Монголд хийж байсан айлчлалуудын оргил нь боллоо” гэсэн байна.

Хэдийгээр Германы канцлер Монголын парламент дээр хэлсэн үгэндээ Монголын удирдлагуудад төдий л таатай санагдаагүй цаазаар авах ялыг халах тухай болон хүний эрхийг хангах асуудлыг хөндөж ярьсан ч Монголын Ерөнхий сайд Меркелийн айлчлалд ийм өндөр үнэлгээ өгөхөөс татгалзаагүй байна” гэжээ.

Харин Ангела Меркелийн Азид хийж байгаа энэ айлчлалыг Германы олон нийт болон хэвлэл мэдээлэл янз бүрээр хүлээн авч байгаа юм байна. Одоогоор Европын эдийн засгийн түлхүүр тоглогч болоод байгаа Германы засаглалын тэргүүний хийсэн айлчлалыг зарим Германы хэвлэлүүд “ертөнцийн хязгаар луу хийсэн аялал” хэмээн нэрлэсэн байна. Тэгээд ч Европт санхүүгийн хямрал ид гаарч байгаа энэ үед ийм хол аялсан нь Герман болон Европын орнуудад төдий л таалагдаагүй бололтой байгаа юм.

Ангела Меркель энэхүү алсын аяллаа өөрийн улсын нисэх тээвэрт байгаа цоо шинэ “Airbus A 340” агаарын хөлгөөр биш, харин хуучны жижиг онгоцоор хийсэн нь анхаарал татаж байгаа гэж германы хэвлэлүүдэд гарчээ. Канцлерийн энэ сонголтын шалтгаан нь Улаанбаатарын нисэх буудлын хүчин чадалтай холбоотой гэж тайлбарлаж байгаа аж. Учир нь Монголын нийслэлийн нисэх буудлын буултын богино зам дээр Германы канцлерийн “Airbus A 340” агаарын хөлөг бууж чадахгүй байсан гэжээ.

Германы канцлер Европт чухал шийдвэр гаргах торгон цаг үед Ази руу ийм их чармайлттайгаар аялах шаардлага байсан уу гэж Европын хэвлэлүүд бичиж байгаа аж. Германы томоохон хэвлэлийн нэгэн болох “Spiegel” сонин энэ талаар нэлээд шүүмжлэлтэй нийтлэл гаргасан байна. Европын хямралаас гарахын тулд санхүүгийн тусламж үзүүлэх сан байгуулах тухай санал хураалтыг явуулах үеэр Словакийн  парламент энэ саналыг дэмжихгүй гэж шийдвэр гаргах тэр мөчид Ангела Меркель Азийн орны тансаг зочид буудалд тухтай гэгч нь нойрсч байсан биз хэмээн бичсэн байжээ.

Харин Германы канцлерийн аяллыг эдийн засгийн өнцгөөс нь харвал энэ аялал баруун Европын орнуудын зарим нэг сэрэмжлэл, болгоомжлолоос үүдэлтэй аялал болсон гэж үзэж байгаа ажээ. Тухайлбал нефтийн асар их нөөц бүхий Ойрхи Дорнод зэрэг бүс нутгийн улс орнууд нэгдэн ОПЕК хэмээх байгууллагыг бий болгож газрын тосны зах зээл дээрхи үнийг тогтоох болсон билээ. Түүн шиг Монголын байгалийн баялгийн асар их нөөц дээр тулгуурласан ОПЕК-той ижил байгууллага бий болохоос барууны орнууд сэрэмжилж байгаа ажээ. Чухам энэ шалтгаанаар Германы канцлер Монголд ирж олон тэрбум ам.долларын гэрээ хэлэлцээр байгуулж амжсан аж.

Барууны хэвлэлд Монгол нь Менделеевийн үелэх системд байдаг бүх элементийг багтаасан ашигт малтмалын нөөцөөрөө дэлхий нийтийг өвчлүүлж чадсан хэмээн бичиж байгаа бөгөөд Германы удирдлагууд өөрийн орны экспортын гол бүтээгдэхүүнүүд болох нэр хүндтэй автомашин, сайн чанарын гар утаснуудын үйлдвэрлэлд нь зайлшгүй хэрэгтэй болдог газрын ховор металлын хангалтыг Монголын нөөцөөс олж авахын хичээж байгаа нь аргагүй юм гэжээ.

Ийм үед Монгол өөрийн хөрш орнуудтайгаа ОПЕК-той ижил төстэй байгууллага бий болгон байгалийн баялагтаа хүрэх замыг өрнөдөөс тусгаарлаж эхэлж магадгүй гэсэн хардлага Германы канцлерийн айлчлалын шургуу зорилт болсон гэж үзэж байгаа ажиглагчид ч олон байна.

Нөгөө талаар Германы канцлерийн Вьетнам, Монголд хийсэн айлчлал улстөрийн эрсдэлтэй алхам байсан гэж тус улсын “Der Weilt” зэрэг мэдээллийн агентлагууд дүгнэж байна. Энэ агентлагаас гаргадаг телевизийн нэвтрүүлгийн үеэр канцлерийг чухал асуудлаа хойш тавин зөвхөн мэдээлэл холбооны томоохон үйлдвэрлэгчдийн эрх ашгийн төлөө Азийг зорьсон нь хөнгөмсөг явдал болсон гэж буруутгажээ. Мөн Германд нэр хүндээрээ хоёрт ордог телевизийн “ZDF” суваг Азийн айлчлалын дараагаар Германы канцлер Ангела Меркелийн улстөрчийн чансаа болон түүний намын чансаа хэд хэдэн хувиар унасан гэж дүгнэжээ.      

М.НАСТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж