“Металлын аж үйлдвэржилт” Монголд

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

“Металлын аж үйлдвэржилт” Монголд

Дахиад л бас нэг олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт Улаанбаатар хотноо зохиогдох гэж байна. Гэхдээ энэхүү чуулга уулзалт арай өвөрмөц. Анхных гэсэн тодотголтой “Mеtals Mongolia-2011” чуулга уулзалт ирэх арваннэгдүгээр сарын 3-4-нд Төрийн ордонд болох гэж байна.  Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, уул уурхайн салбарын төрийн бус байгууллагуудтай хамтран энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулах болсон нь газрын доорх баялгаа түүхийгээр нь экспортлох бус нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх том зорилтыг тавьсан ч төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын зорилтыг биелүүлэх эхний алхам юм байна. Энэхүү чуулга уулзалт нь “Металлын аж үйлдвэржилт- хөгжлийн тэсрэлт”  сэдвийн дор өрнөх бөгөөд Монгол Улсын Засгийн газар үүнд нэлээд анхаарал тавьж байгаа гэнэ. Чуулга уулзалтын үр нь дүн нь ирээдүйд баригдах аж үйлдвэрүүд байх болно гэдэгт зохион байгуулагчид нь итгэлтэй байна.

Монгол Улс төмрийн нөөцөөрөө баялаг хэдий ч түүнийгээ боловсруулдаг, үйлдвэрлэдэг үйлдвэр бараг байхгүй. Дарханы хаягдал төмөр дахин боловсруулах үйлдвэр, “Хөх ган” компанийн шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэх жижиг үйлдвэрүүдийг эс тооцвол Монголд металлургийн салбар бие даан хөгжөөгүй байгаа. Металлургийн үйлдвэрүүдийг бий болгосноор манай эдийн засаг илүү хурдацтай, тэсрэлттэйгээр хөгжих болно гэдгийг ч чуулга уулзалтыг зохион байгуулах ажлыг хэсгийнхэн үзэж байна.  Уг хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг Засгийн газраас байгуул­сан бөгөөд  Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан ахалж байна.

Дэлхийн зах зээлд металлын үнэ өдрөөс өдөрт өсч байгаа нь Монголыг гэх гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг нь өдөөх томоохон боломжийг авчирч буй. Өөрөөр хэлбэл, Монголд эдийн засгийн хувьсгал хийх шинэ эрин үе ирээд байгаа юм. “Mеtals Mongolia-2011” Монголд “тэсрэлт” хийж чадах аваас Эрдэнэт, Оюутолгой, Цагаан суварга зэрэг ордын зэсийн нөөцөд тулгуурлан зэс хайлуулах үйлдвэр, Сэлэнгэ, Дарханы бүс нутагт байгаа төмрийн хүдрийн томоохон ордууд болон Тавантолгойн кокс нүүрсний нөөцөд түшиглэн хар төмөрлөгийн цогцолбор байгуулах, Сайншандын аж үйлдвэрийн паркийн төсөл бодит биеллээ олох боломжтой болно. Мөн дэд бүтцийн мега төслүүдийн бүтээн байгуулалт ч эдгээр төслүүдтэй зэрэгцэн хэрэгжих гэнэ. “АНУ, ОХУ, Энэтхэг, Хятад, Солонгос улсын төрийн тэргүүнүүд Монголд бараг уралдах шахам айлчилж ирсэн нь чухамдаа эдгээр төслүүдэд хөрөнгө оруулалт хийх сонирхол гадаадынханд ямар их байгааг, мөн өрсөлдөөн олон улсын түвшинд маш хүчтэй явагдаж буйг илэрхийлж байна” хэмээн  чуулганыг зохион байгуулагчид ярьж байна лээ.

Хар металлургийн цогцолбор байгуулах чиглэлээр Өмнөд Солонгосын “POSCO”, Японы “Kobe Steel”,  “Mitsui”, Энэтхэгийн “SAIL”, “Jindal Stee”l, “Mesco Steel”, Францын “ENRC” зэрэг үндэстэн дамнасан корпорациуд, зэс хайлуулах үйлдвэрийн цогцолбор байгуулах инженерингийн чиглэлээр Финляндын “Outokumpu”, Австралийн “Xstrata”, Германы “Siemens”  зэрэг  томоохон корпорациуд, зөвлөх үйлчилгээний чиглэлээр “Warley Parsons”, “Bechtel” зэрэг олон улсын нэр хүнд бүхий компаниуд Монголд идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Мөн Герман, Япон, Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчид газрын ховор элементийн төслүүдийг түлхүү сонирхох болсон. Хятад газрын ховор элементийнхээ экспортын татварыг дөрөв дахин нэмсэн нь Гермөн, Япон, Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчдын анхаарлыг Монгол руу чиглүүлэх болсон байна.
Хэрвээ энэхүү чуулга уулзалт баахан реклам, хоосон сүржигнэл дунд болоод өнгөрсөн бусад чуулга уулзалт шиг өрнөвөл “Монголд металлургийн тэсрэлт болно” гэж сайхан мөрөөдөх хэрэггүй. Харин үнэхээр ажил хэрэгч уур амьсгал дунд амжилттай болж чадах юм бол  “Металлын аж үйлдвэржилт-хөгжлийн тэсрэлт” Монголд өрнөнө.  Монголчууд импортоор оруулж ирж байгаа зарим тоног төхөөрөмж, сэлбэг, эд ангийг дотооддоо хийдэг болно. Үүнийг дагаад ажлын байр өсч, жижиг, дунд үйлдвэрүүд ч нэмэгдэх юм.

Чуулган нь үндсэн хуралдаан, дугуй ширээний ярилцлагаас бүрдэх бөгөөд  үндсэн хуралдаанаар “Монголын уул уурхай, металлургийн салбарын өнөө ба ирээдүй”,”Уул уурхай, металлургийн цогцолбор хөгжүүлсэн олон улсын туршлага”, “Дэлхийн металлын зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, “Монгол Улсад хэрэгжүүлэх уул уурхай, металлургийн зарим төслүүд”, “Монголын уул уурхай, металлурги, дэд бүтцийн салбар дахь олон улсын хамтын ажиллагаа” гэсэн сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.


Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж