Өнгөрсөн сард гурил ямар үнэтэй байсан, өмнөх жил орон сууц, цахилгаан дулааны үнэ хэдэн төгрөг байсан нь өнөөдөр надад чухал биш. Нэгэнтээ л туулаад, даваад гараад ирсэн өнгөрсөн өдрүүдийн үнийн дүнгээс илүү маргааш гутлын үнэ өсөх үү үгүй юу, гурил будаа талх тарианы үнэ тогтвортой байж чадах уу, байсхийгээд л нэмэгдэх байрны үнэд ямар өөрчлөлт орох хийгээд их мөнгөний сургаар инфляци хэдэн хувьд хүрэх нь л сонирхолтой байлаа. Өнгөрсөн жил нэг өрөө орон сууцны үнэ нь 35 сая байлаа, хямдхан байжээ гэж хий халаглахаас өөрөөр хуанлийн хуудсыг эргүүлж наагаад өнгөрснийг өөрчилж чадахгүй нь тодорхой хойно “гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2011 оны есдүгээр сарын эцэст 705.3 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 0.5 тэрбум төг буюу 0.1 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 252.7 тэрбум төгрөг буюу 55.8 хувиар өсчээ” гэсэн өнгөрсөн цагийн мэдээллээр яах ч билээ.
Үндэсний статистикийн хорооноос сардаа нэг удаа Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлаар тайлан судалгаа гаргадаг. Өнгөрсөн сар болон өмнөх жилтэй харьцуулсан тоон мэдээнүүдээс илүү энгийн бөгөөд амьдралд ойрхон, өнгөрсөн цагийн бус ирээдүйг шинжсэн, тандсан тайлан судалгааг л олон нийт хүлээж, хүсч байна.
“Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2011 оны эхний есөн сард 1470.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 129.5 тэрбум төгрөг буюу 9.7 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд газрын тос, нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4.4 хувиас 2.2 дахин, жимсний компот, талх, сүлжмэл эдлэл, самнасан ноолуур, жүүс, хиамны зүйл, архи, шар айраг, цемент, шахмал түлш, тамхи, амтат ус, ундаа, хивс, цахилгааны утас зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.2 хувиас 10.8 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн” гэх энэ статитистикийн мэдээ иргэдэд тийм ч их хэрэгтэй байж чадахгүй.
Тэгээд ч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл, азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж, аюулт үзэгдэл, ослын тоо хүн болгонд сонирхолтой биш. Эдийн засагч, шинжээч, ажиглагчдад иймэрхүү тоон хэллэг ихтэй статистик судалгаа хэрэгтэй байж болох ч энгийн иргэн Батад, эсвэл Байгальмаад орон сууцны үнэ өсөх шалтгаан, энэхүү үнийн өсөлтийг хязгаарлахад зах зээлийн ямар зохицуулалт зохилтой байж болох зөвлөмж хийгээд ирэх саруудад идэж, уух өмсч зүүхийн үнэ өөрчлөгдөх үү, үгүй юу гэдэг л сонирхолтой байгаа.
С.Батболдын Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацааны сүүлийн жилийнхээ төсвийг боловсруулж УИХ-д өргөн бариад байна. УИХ-ч мөн л бүрэн эрхийнхээ сүүлчийн хугацаанд улсын төсвийг хэлэлцэж батална. Сая, саяар нь тарааж, тэрбум тэрбумаар нь цацах ирэх оны төсөв эдийн засагт хэрхэн халгаатай байх, төрийн албан хаагчдын цалингийн өсөлт төрийн албан хаагч биш хүмүүсийг хэрхэн чирэгдүүлэх эсэх нь статистикчдад чухал биш байна гэж үү.
Олон улсын валютын сан болоод Дэлхийн банкны Монгол Улсын нийгэмд эдийн засгийн байдалд хийсэн судалгаа нь өнгөрснөөс илүү ирээдүйд чиглэсэн байдаг. Улсын төсвийн үргэлгэн байдал эргээд инфляцид хэрхэн нөлөөлөх, эдийн засгийн яаж тамирдуулж, энгийн иргэний амьдралд ямар ачаалал ирэхийг урьдчилан хараад “оношилчихсон” байдаг. Түүн шиг ирэх жил цалин, тэтгэвэр тэтгэмжийг 53 хувиар нэмж, төрийн албан хаагчдын дундаж цалин 200 мянган төгрөгөөр нэмэгдэн 600 мянган төгрөгт хүрэхэд махны үнэ хэдэн төгрөгөөр хэрхэн өсөхийг өнөөдөр хэлж өгч чадах уу, Үндэсний статистикийн хорооныхоон.
“Энэ оны эхний есөн сард объектын түймэр 2196 удаа, бичил уурхай, нурангины осол 18 удаа, мал, тэжээвэр амьтны галзуу өвчин 40 удаа, гол, нуурын усанд унасан осол 79 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 3.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна” гэх ч юм уу, “агаарын тээврээр 2011 оны эхний есөн сард 1.9 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 430 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 653.3 тонн буюу 52.3 хувь, зорчигчдын тоо 131.3 мянган хүн буюу 43.9 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр агаарын тээврийн салбарын орлого 2011 оны эхний есөн сард 122.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 32.5 тэрбум төгрөг буюу 36.2 хувиар нэмэгджээ” гэсэн өнгөрсөн цагийн статистик судалгаанаас илүү ахмад настан, хөгжлийн брэхшээлтэй нийт 334.2 мянган иргэдэд нэг сая төгрөгийг бэлэн мөнгөөр нийт 334.2 тэрбум төгрөг, 170 мянган оюутанд сургалтын төлбөр хэлбэрээр нийт 83.6 тэрбум төгрөг, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт таван мянган иргэнд таван тэрбум төгрөг, орон сууц худалдан авсны урьдчилгаа төлбөрт 100 мянган иргэнд 100 тэрбум төгрөг олгохоор төсөвлөсөн ирэх жилийн төсөв эдийн засгийн яаж “түймэрдэхийг” иргэдэд хэлэх арга байна уу. Эсвэл энэ бүхэн статистикийнхны сонирхлыг тэгтлээ татдаггүй юм биш байгаа даа.